images

Монголд амжилттай газардсан "Юнайтэд Айрлэйнс"-ийн онгоц буцлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-02


   АНУ-ын агаарын тээврийн "Юнайтэд Айрлэйнс" компанийн "Боинг 737-824" онгоц өчигдөр орой "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд амжилттай газардсан билээ. АНУ-аас Японы Токио хотоор дамжин манай улсад ирсэн уг онгоц өнөөдөр өглөө 09:55 цагаас буцаж нислээ. Цаашид долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх хуваарьтай хоёр улсын хоорондох анхны нислэгийн нээлт мөн өчигдөр "Нарита" олон улсын нисэх буудалд болжээ. Онгоцны зорчигчдод ахлах нисгэгч Эррол Ли тэргүүтэй нисгэгч, бүхээгийн ажилтнуудаас бүрдсэн баг үйлчилсэн байна. "Юнайтэд Айрлэйнс" нь 1926 онд байгуулагдан олон улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд АНУ-ын Чикаго хотод төвтэй. 2025 оны байдлаар 996 онгоцоор дэлхийн зургаан тив рүү нислэг үйлдэж байна. Харин манай улсын хувьд дотоодын таван агаарын тээвэрлэгчээс гадна "Turkish airlines", "Korean Air", "Asiana Airlines", "Air China" тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд тус компани 17 дахь авиа компани болов. Сонирхуулахад, Монголын Иргэний нисэхийн ерөнхий газар болон холбогдох байгууллагууд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог нэгдүгээр зэргийн гэрчилгээг авахаар бэлтгэж байгаа ажээ. Энэхүү гэрчилгээг эзэмшсэнээр энэ ондоо багтаж, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.

 


 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.