Монголын эрдэмтэн ургамлын шинэ зүйл нээжээ
Чихэнд чимэгтэй
2025-03-10
МУБИС-ийн биологийн багш, судлаач Монгол оронд элбэг ургадаг гичгэнэ хэмээх ургамлын шинэ зүйлийг нээж, дэлхийн ургамлын аймагт бүртгүүлжээ. Санчирын гичгэнэ (Potentilla sanczirii) хэмээх энэ зүйл Монгол орны баруун хэсэг, Алтайн өндөрлөг уулсад ургадаг бөгөөд В.Гүндэгмаа судалгааны ажлаа олон улсын "Phytotaxa" шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлснээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байна. Судлаач эмэгтэй 2002 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн Ч.Санчирын удирдлагаар “Монгол орны гичгэнийн (Potentilla.L) төрлийн ангилал зүйн судалгаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд шинээр нээсэн зүйлээ багшийнхаа нэрээр бүртгүүлсэн нь энэ аж. Мөн тэрбээр 2018 онд зөвхөн Монголд ургадаг гичгэнийн шинэ зүйлийг нээж, аавынхаа нэрээр буюу Ванжилын гичгэнэ (Potentilla.L Vanzhilii V.Gundegmaa et Kechaykin) хэмээн бүртгүүлж байжээ.
В.Гүндэгмаа МУБИС-ийн Биологи, байгаль шинжлэлийн багшийн ангийн оюутан байхаасаа багш нараа дагалдан ургамлын ангилал зүйн чиглэлээр судалгаа хийж эхэлсэн бөгөөд Монголд гичгэнийн төрлөөр судалгаа хийж буй анхны эрдэмтэн юм. Тэрбээр 2014 оноос судалгааны ажилдаа илүү шамдаж, Ботаникийн хүрээлэнгийн ургамлын санг судлах явцдаа Монголд бүртгэгдээгүй, тодорхойлох боломжгүй хэдэн зүйл ургамал байгааг анзаарчээ. Ингээд Дэлхийн ургамлын таних бичгээс уг зүйлүүдийг хайсан ч мөн л тодорхойлж чадаагүй байна. Улмаар Азийн ургамлын хамгийн том сан байдаг ОХУ-ын Томск, Ленинград, Новосибирскийн ургамлын сангуудад биечлэн очиж нарийвчлан судалснаар Ванжилын гичгэнэ хэмээх зүйл Монголоос өөр хаана ч ургадаггүй буюу унаган ургамал болохыг олж тогтоожээ. 2015 онд Томскийн их сургуулийн ургамал судлаач В.И.Курбатский түүнд шинэ зүйл нээснийг нь хэлж, анх хүлээн зөвшөөрсөн байна. Сонирхуулахад, эндемик буюу унаган ургамал гэдэг нь зөвхөн Монголын нутагт ургадаг ургамлыг хэлдэг бөгөөд манайд 120-иод ийм зүйл бий аж. Бидний сайн мэдэх марал навчит гичгэнэ, наалдайхай гичгэнэ, эмт гичгэнэ, галуун гичгэнэ зэрэг зүйлүүд нь эндемик ургамал бөгөөд эдгээр нь ихэвчлэн өндөр уулын бүс, ойт хээр, гол горхины орчим ургадаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.