АНУ-ын тамирчид Олимпод явахдаа Засгийн газраасаа санхүүгийн дэмжлэг авдаг уу?
Анд нөхдийн мэдээ
2024-08-12
Олимпод оролцсон АНУ-ын усанд сэлэлтийн 48 тамирчин 250 мянган долларын урамшууллыг дундаа хувааж авахаар болжээ. Ингэснээр нэг тамирчинд 5208 доллар ногдож байгаа аж. Гэтэл тус улсын Засгийн газраас тамирчдыг санхүүгээр дэмждэггүй тул олон тамирчин бэлтгэлээ хийхийн тулд өр зээл тавин байж Олимпын наадамд оролцдог гэнэ. Тухайлбал, уран сайхны усанд сэлэлтийн багийн тамирчин Анита Альварэс хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бэлтгэлийнхээ хажуугаар хүүхэд, залуусын багт дасгалжуулагч хийж, хурим, хөгжмийн видео бүтээж, дэлгүүрт ажиллаж, 2022 онд “Black Panther: Wakanda Forever” кинонд орлон тоглогч хийн байж мөнгө цуглуулсан тухайгаа “Wall Street Journal” сэтгүүлд ярьжээ. Мөн тэрбээр “Өндөр түвшний бэлтгэл хийж байхдаа мөнгө олохын тулд өөр ажил хийнэ гэдэг сайн зүйл биш” гэсэн байна. Сагсан бөмбөгийнхөн, Саймон Байлс зэрэг алдартай тамирчид л зар сурталчилгаанд тоглон ихээхэн мөнгө олж чаддаг бол олонх тамирчин бэлтгэл сургуулилалтынхаа зардлыг өөрсдөө олдог ажээ. АНУ-ын Конгрессын тайлангаас үзэхэд, судалгаанд хамрагдсан нийт тамирчдын 26.5 хувийнх нь жилийн орлого 15 мянган доллароос бага гэсэн байна. Тиймээс тамирчид хамаг хүчээ дайчлан Олимпын медаль хүртэж мөнгөн шагнал авахын төлөө зүтгэхээс өөр аргагүйд хүрдэг аж. Тухайлбал, 2000 онд сонгомол бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Рулон Гарднэр шагналын мөнгөөрөө 70 мянган долларын өрөө дарж байсан түүхтэй гэнэ. Тэрбээр “Wall Street Journal” сэтгүүлд “Би замын зардал, бэлтгэл сургуулилалтын мөнгөө олон удаа өөрөө төлсөн” гэжээ. АНУ-ын Олимпын болон Паралимпын хороо тамирчиддаа алтан медаль авбал 37500, мөнгө бол 22500, хүрэл медаль хүртвэл 15000 долларын урамшуулал өгдөг. Мөн зөвхөн дэлхийн чансаанд тэргүүлдэг тамирчид нэмэлт дэмжлэг хүртдэг бол бусад нь тэмцээн болон бэлтгэлийн бүх зардлаа өөрсдөө хариуцдаг аж. Тиймээс тамирчид олон нийтээс хандив гуйдаг байна. Тухайлбал, Олимпод оролцох тамирчид сүүлийн хоёр жил “GoFundMe” сайтаар хоёр сая долларын хандив цуглуулжээ. Иймд АНУ-ын Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч Тим Хинчи тамирчдын урамшууллын мөнгийг тийм ч их биш гэдгийг онцлон, илүү их дэмжлэг хэрэгтэй байгааг хэлэв. Тэрбээр “Бидэнд Засгийн газраас ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Гэтэл бидэнд хийхийг хүсч буй олон зүйл бий” гэжээ. Харин ОУОХ-ны мэнэжмент хариуцсан захирал Питэр Карлайл “Тамирчид Олимпын наадамд яваад ирснийхээ дараа биш өмнө нь буюу мөнгө хамгийн их хэрэгтэй байгаа үедээ санхүүгийн тусламж авах хэрэгтэй” хэмээн ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.