images

Куба улсын алдарт тамирчин Михаин Лопэ гутлаа орхиод дэвжээнээс буув

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-07


   Парисын Олимпын грек-ром барилдаан буюу сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 130 кг-ийн жинд Куба улсын тамирчин Михаин Лопэ түрүүллээ. Ингэснээр тэр спортын нэг төрөлд таван Олимпод дараалан түрүүлсэн анхны тамирчин болов. Өөрөөр хэлбэл, усан спорт, хөнгөн атлетикийн тамирчид өөр өөр зай, төрөлд түрүүлж олон алтан медаль авдаг бол М.Лопэ ганц сонгомол бөхийн барилдаанаар ийм амжилт гаргасан анхны хүн болж байна. Өдгөө 41 настай алдарт тамирчин аваргын төлөөх барилдаанд Чилийн бөх Ясмани Акостаг 6:0 онооны харьцаатай ялсан юм. Ийнхүү 20 жилийн турш сонгомол бөхийн 130 кг жинд ноёрхож буй тэрбээр ялалтынхаа дараа дэвжээнээс буухдаа дэвжээгээ үнсээд голд нь гутлаа үлдээв. Энэ талаар тэр “Би гунигтай байна. Бага наснаасаа энэ спортоор хичээллэж дэлхий ертөнцийг таньсан. Би залууст урам зориг өгөх тийм мөрөөдлөө дэвжээн дээр орхилоо” гэжээ. Түүний энэ үг, үйлдэл зодог тайлах гэж байгаагийнх байж магадгүй аж. Мөн тэрбээр өөрийг нь даган дуурайж үлгэрлэл авдаг залууст хандан амжилтад хүрэхийг хүсдэг бол үргэлж тэмцэх ёстойг санууллаа. Харин түүнд ялагдаж Олимпын мөнгөн медаль хүртсэн Я.Акоста "Надад янз янзын юм бодогдсон. Би алтан медаль авмаар байсан хэрнээ дэлхийн бөхийн домог Михаинтай барилдаж байна гэхээр ялахыг тийм ч их хүсээгүй" гэсэн байна. Тэд энэ жилийн Олимпын бэлтгэлээ хамт хийсэн аж. Энэ талаар Кубад төрсөн Чилийн тамирчин тэрбээр "Тэр миний өрсөлдөгч бас найз. Надад үе шат бүр дээр зөвлөгөө өгсөн миний өрсөлдөгч, найз, ах" гэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.