Монголын радиогийн хамт олон Төрийн дууллаа зөв дуулахыг уриалав
Чихэнд чимэгтэй
2024-07-12
Монголын радиогийн хамт олон 90 жилийн ойн баяраа угтан Төрийн дууллаа зөв дуулах уриалга дэвшүүлжээ. Улмаар “Төрийн дууллаа зөв дуулъя” хэлэлцүүлэг зохион байгуулсанд “Цагаан лавай” нэвтрүүлгийн хөтлөгч, радиогийн ахмад редактор Ч.Буянхишиг,“Улаан бүч” чуулгын хормейстер У.Мөнхжаргал, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, УДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямба, хуульч Л.Лхасүрэн тэргүүтэй арваад хүн оролцлоо. Тэд Төрийн дууллыг яагаад алдаатай дуулах болсон шалтгаанаас эхлэн эрх зүйн орчин, оюуны өмч, хэрхэн зөв дуулах талаас нь хэлэлцлээ. Цахим орчинд олон хандалттай, нэртэй рок поп дуучдын дуулсан 20 гаруй бичлэгт Төрийн дууллыг өөрчилсөн байдаг ажээ. Гэтэл тэдний дуулсныг дуурайн хүүхэд багачууд буруу дуулах болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нар энэ асуудалд анхаарал тавьж байгаа ч цахим орчин дахь контентын улмаас зөв болгож засахад хүндрэлтэй байгаа тул урлагийн мэргэжилтнүүд эхлээд алдаагаа засах хэрэгтэй гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгджээ. Түүнчлэн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, Зөрчлийн хуульд зааснаар Төрийн дууллыг өөрчилж дуулах нь хуулиар хориотой юм байна. Гэвч олон улсын спортын уралдаан тэмцээнээс монгол тамирчин алтан медаль авахад алдаатай ая эгшиглэх зэргээр Төрийн дууллыг өөрчилсний хор уршиг тасрахгүй байгаа аж. Иймд сургуулийн өмнөх болон ЕБС-иудын дуу хөгжмийн багш нараар дамжуулан Төрийн дууллаа багаасаа зөв дуулж сурахад нь туслах гарын авлага, сурах бичиг, контентоор хангахыг зорин ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.