Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргах компанийн төлөөлөл Монголд ажиллаж байна
Чихэнд чимэгтэй
2024-06-17
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжиж буй төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх ажлын хүрээнд АНУ-ын "Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллаж байна. Тус компани шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх тул хэмжилт, судалгаа хийхээр иржээ. Улмаар Р.Бреслин “Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал нь зай талбайн стандартын шаардлага хангаагүй, зарим өнцгөөс үзвэр үзэх нөхцөл хязгаарлагдмал, шат нь өндөр, нам, ариун цэврийн байгууламж дутмаг" гэж дүгнэсэн байна. Мөн тэрбээр "Цэнгэлдэх хүрээлэнг жил бүр засварладаг гэдгийг албаныхан хэлсэн ч ийм суурин дээр олон давтамжтай засвар хийж, хөрөнгөө дэмий зарцуулж байснаас талбай дээр нь шинийг байгуулах цаг болсон” гэжээ. Одоогийн байдлаар 12.8 га талбайд дөрвөн улирал ашиглах боломжтой цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудалтай байх аж. "Populous Holdings” нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британийн Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийж, Шинэ Зеландад 35 мянга, ОХУ-д 40 мянга гаруй хүний суудалтайг барьсан 40 гаруй жилийн туршлагатай компани юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.