images

Хан-Уул дүүрэг гал унтраах роботтой болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-11


   Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги өчигдөр гал унтраах роботтой боллоо. Хятадын “Guoxing Intelligence” компанийн “RXR-M40D-11KT” загварын уг робот нь 65 метр өндөрт даралттай усаар шүрших хүчин чадалтай, -20 хэмийн хүйтнээс 60 хэмийн халуунд ажиллах боломжтой, 1.26 метр урт, 80 см өргөн, 97 см өндөр, 250 кг жинтэй, 2.5 цаг тасралтгүй ажиллах горимтой аж. Харин хурд нь 1.8м/сек, саадыг туулах өндөр нь 15 см, авирах чадвар нь 47 хувь буюу 25° хэмийн налуу, эргэх диаметр нь 1.36 метр юм байна. Үйлдвэрлэгч компани нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гал түймэртэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, уул уурхайн, цэргийн зориулалттай өндөр технологийн 40 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Тэгвэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын төсвийн хөрөнгөөр авсан гал унтраах роботыг ажиллуулах нэг гал сөнөөгчийг сургалтад хамруулсан байна. Роботыг холдоо нэг км-ын зайнаас утасгүй сүлжээгээр буюу wireless-р удирдах боломжтой юм. Харин гал сөнөөх роботыг худалдан авахад зориулж тус дүүрэг 250 сая төгрөгийн тендер дөрөвдүгээр сард зарлажээ. Манай улсын сонгосон “RXR-M40D-11KT” загварын робот “Alibaba” цахим худалдааны сайт дээр нэг ширхэг нь 20 мянган доллар буюу 67 сая 340 мянган төгрөгийн өртөгтэй байна. Эргэн сануулахад, Монгол улсын Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэхэд зориулж 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдсэн билээ. Улмаар ОБЕГ-ын харьяа Гал түймэртэй тэмцэх ангиуд гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглах болсон юм. Нэг гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг байна.

Хятадын цахим худалдааны "Alibaba" сайт дээр.

Нүүр зургийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн фэйсбүүк дэх албан ёсны хуудаснаас авав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.