Монголд метро барихад Өмнөд Солонгосын компаниуд зөвлөнө
Чихэнд чимэгтэй
2024-06-11
Улаанбаатар хотод метро барихад Өмнөд Солонгосын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсныг НЗДТГ-аас мэдээллээ. Зөвлөх үйлчилгээний компани нь манайд метро барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үед гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянахад туслах юм. Тэгвэл энэ ажлын сонгон шалгаруулалтыг Монголд анх удаа хоёр үе шаттай явуулсан байна. Эхний үед 11 улсын 20 компани хүсэлтээ ирүүлсэн бол хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад ОХУ-ын "NPS Engineering", Хятадын "China Railway Design Coorporation", "Guangzhou Metro Group", Өмнөд Солонгосын "Dohwa Engineering" гэсэн дөрвөн компани өрсөлджээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлнэ” гэлээ. Тэгвэл “Dohwa Engineering” компани нь Филиппин, Алжир, Панамад, “Korea National Railway” компани Азийн 15, Европын гурван улс, Африк, Өмнөд Америкт төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай ажээ. Харин “Korea Railroad Corp” компани нь яг одоо Манила хотын метроны долоодугаар шугам дээр барилгын явцын зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бол дотооддоо метроны 15 төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна. “Soosung Engineering” компани нь сүүлийн 20 жил олон улсад метро, төмөр зам, бусад дэд бүтцийн төслүүдэд ТЭЗҮ, суурь судалгаа, дизайн хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.