images

“Монгол хаан” жүжгийг Сингапурт эх хэлээрээ тоглоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-21


   Монголын “Hero Entertainment” компани, Сингапурын “Base Entertainment” компанитай “Монгол хаан” жүжгийг тус улсын “Marina Bay Sands” театрт тоглуулах гэрээнд өнгөрөгч мягмар гарагт гарын үсэг зурлаа. Тус театр 2173 хүний суудалтай бөгөөд жүжгийг ирэх аравдугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 10 хүртэл дөрвөн долоо хоногийн турш 30 удаа тоглох ажээ. Уг жүжгийг өнгөрөгч оны 11-12 дугаар сард Лондоны "Coliseum" театрт 17 удаа тоглоход 42 мянга гаруй хүн үзсэн юм. Энэ үеэр “Base Entertainment” компанийн гүйцэтгэх захирал Шанталь Прюдомм жүжгийг үзжээ. Улмаар жүжиг түүнд таалагдаж театртаа тоглуулах, хөрөнгө оруулахыг хүссэн байна. Ийнхүү жуулчдын хөл дардаг далайн эргийн Марина булангийн театрт “Монгол хаан” жүжгийг 150 гаруй уран бүтээлч монгол хэлээр толилуулахаар болов. Мөн энэ сарын 4-нд Австрали улсад суугаа Монголын Элчин сайд Д.Даваасүрэн Сиднэй хотын “Sydney Coliseum” театрын ерөнхий менежертэй уулзаж тус жүжгийг тоглуулах талаар ярилцсан байна. Түүнчлэн Сингапурт хийх тоглолт нь уг жүжгийн Ази дахь нээлт болох бөгөөд цаашид дэлхийн хэд хэдэн оронд тоглох төлөвлөгөөтэй байна. “Монгол хаан” бол манай улсын анхны гадаад улсаас хөрөнгө оруулалт татсан, Лондонд тоглосон жүжиг юм. Түүнчлэн Монголдоо “Тамгагүй төр” нэрээр 151 удаа тоглосныг нь 75 мянган хүн үзэж, таван тэрбум төгрөгийн орлого олсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.