Монголын анхны арилжааны хиймэл дагуул амжилттай хөөрлөө
Чихэнд чимэгтэй
2024-03-06
“ONDO Space” компани “ONDOSAT-OWL-1”, “ONDOSAT-OWL-2” нэртэй хоёр хиймэл дагуулыг АНУ-ын Калифорниа муж дахь "Space X" компанийн пуужин хөөргөх талбайгаас сансрын тойрог замд амжилттай орууллаа. Хиймэл дагуулыг Улаанбаатарын цагаар мягмар гарагийн үүрийн 05:04 цагт “Falcon-9” пуужингаар хөөргөжээ. Хиймэл дагуулыг монгол эрдэмтэд бүтээсэн бөгөөд угсрах ажлыг Японы "Кюүшү" технологийн дээд сургуулийн тусгай лабораторид хийсэн байна. Ийнхүү Монгол улс арилжааны хиймэл дагуул хөөргөснөөр бага дата зарцуулж байрлал тогтоох боломжоо нэмэгдүүлж байгаа аж. Тодруулбал, ой хээрийн түймэр, цасан болон шороон шуурганы үед аврах багийнхан хоорондоо харилцаа тогтоох, хилийн цэргийнхэн хоорондоо харилцах, алслагдмал бүс нутаг дахь техник, эд хөрөнгөө хянах гэх зэрэг олон талбарт ашиглах боломжтойг “ONDO Space” компани онцолжээ. Тус компани ирээдүйд сансрын нам давхаргад байрлуулах хиймэл дагуулынхаа тоог 176 болгох төлөвлөгөөтэй гэнэ. Ази тивээс анх удаа хөөргөсөн “0.5U CubeSat” төрлийн буюу авсаархан хэмжээтэй энэ хиймэл дагуул секундэд 7.4 км зам туулах ба 90 минутад дэлхийг бүтэн тойрох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.