images

Хятад: 25 жилийн өмнө хулгайд алдсан хүүгээ олсон аавын түүх

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-06


   Одоогоос 25 жилийн өмнө гурван сартай нярай хүүгээ хулгайд алдсан нэгэн гэр бүл хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны технологийн ачаар хүүгээ олжээ. Тодруулбал, Шиэ Кэфэн хэмээх 52 настай хятад эр хүний насны онцлог, гэр бүлийн гишүүдийн царайнд тулгуурлан ажилладаг царай таних, харьцуулах алгоримт бүхий технологийн тусламжтайгаар хүүгээ олсон байна. Энэ тухай тус технологийг хөгжүүлсэн хиймэл оюун ухааны технологийн “Beijing DeepGlint Technology” компани өнгөрөгч ням гарагт мэдээлсэн юм.

   Шиэ Кэфэнийх 1998 онд Хэбэй мужийн Шинтай хотод жижиг аж ахуй эрхлэн амьдардаг байжээ. Тэр жилийн Хятадын үндэсний хаврын баярын өмнөхөн Шиэ Кэфэний эхнэр хүнсний дэлгүүр явахдаа хоёр дахь хүү болох гурван сартай Шиэ Чиншуайг гэртээ ганцааранг нь үлдээгээд гарчээ. Тэгэхдээ хүүгээ орон дээр үлдээгээд хаалгаа хаалгүй орхисон аж. Гэвч эмэгтэй ердөө 10 минутын дараа гэртээ эргэж ирэхэд хүү алга болсон байв. Ингээд тэрбээр болсон явдлыг цагдаад мэдэгдэж, найз нөхөд, гэр бүлийнхэндээ хэл дуулган Бээжин, Тяньжин, Хөнаниар эрэн хайсан боловч олоогүй аж. Энэ хугацаанд тэд хадгаламжиндаа байсан бүх мөнгөө зарцуулан 25 жилийн турш хүүгээ цөхрөлтгүй хайсан бөгөөд ээж нь сэтгэл гутрах эмгэгтэй болж 10 гаруй жилийн турш эмчлүүлжээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүүгээ олбол сайхан амьдруулна хэмээн санаж тэд уйгагүй ажиллаж хөдөлмөрлөн, хүүгээ хайсаар байсан гэнэ. Гэтэл өнгөрөгч 11 дүгээр сарын сүүлчээр гэрийн эзэн Шиэ Кэфэн рүү цагдаагийн газраас залгаж хүүг нь хүний царайг харьцуулан таних технологи ашиглан олсноо дуулгажээ. Улмаар аав, хүү хоёрын ДНХ-ийн шинжилгээ таарч төрсөн эцэг, хүү мөн болох нь баталгаажсан байна. Хүү нь Сычуань мужийн Чэндү хотод ажилладаг бөгөөд өнгөрөгч баасан гарагт анх удаа төрсөн аав, ээж, ах, хоёр охин дүүтэйгээ уулзлаа. Энэ тухай аав Шиэ Кэфэн нь “Би үргэлж хүүгээ амьд, түүнийгээ олно гэдэгт итгэдэг байсан” хэмээжээ.

   Цагдаагийн газрынхан хүүг 25 жилийн өмнө хулгайлсан хоёр хүнийг олж тогтооход нэг нь нас барсан байжээ. Мөн цагдаа нар хүүг худалдахад зууч хийсэн хүнийг олж баривчилсан байна. Хүүхдийн хулгайчид Шиэ Чиншуайг Хэбэй мужийн Хандан хотод амьдардаг залуу гэр бүлд худалдсан байжээ. Гэвч хүүг худалдаж авсан эцэг нас барсны дараа эхнэр нь дахин гэрлэхдээ хүүг аав, ээж дээрээ орхиод явсан байна. Хүү дөнгөж гурван сартайдаа алга болсон учир түүнд ямар ч гэрэл зураг байгаагүй бөгөөд аав, ээж нь аман зураг гаргаж зарлал наадаг байсан аж. Харин дэвшилтэт технологийн ачаар хүүгийн аав, ээж, ахынх нь зургийг ашиглан том болсон зургийг гаргаж хайсан нь ийнхүү үр дүнгээ өгчээ. Мөн Шиэ Чиншуай нь Хятадын цагдаа нарын сүүлийн зургаан сарын хугацаанд олсон хүн хулгайлах гэмт хэргийн хохирогч болсон дөрөв дэх хүн гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.