images

Хирошимагийн бөмбөгдөлтийн үеийн гэрэл зургийн архивыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-29


   Японы Засгийн газар 1945 оны наймдугаар сард Хирошимад болсон бөмбөгдөлтийн дараах байдлын гэрэл зураг, бичлэгийн цуглуулгыг ЮНЕСКО-гийн баримтат өвийн санд бүртгүүлэх шийдвэр гаргалаа. Хирошимаг бөмбөгдсөний 80 жилийн ой 2025 онд болох юм. Хэрвээ ЮНЕСКО тус цуглуулгыг өвөөр бүртгэхийг зөвшөөрвөл тэнд бүртгэлтэй атомын бөмбөгдөлтийн анхны баримт болох ажээ. Цуглуулгад 1945 оны наймдугаар сарын 6-наас он дуусах хүртэлх үеийн 1532 гэрэл зураг, хоёр бичлэг багтсан бөгөөд тэдгээр нь тухайн үед ажиллаж байсан NHK телевиз, "Mainichi", "Chugoku", "Kyodo", "Asahi" сонин, "Domei" мэдээллийн агентлагийн сэтгүүлч, гэрэл зурагчдын бүтээл юм. Уг цуглуулгатай хамт Буддын шашны Зожожи сүм дэх судрын сангаа бүртгүүлэхийг зорьж байгаа аж. Тус улс судрын цуглуулгаа 2021 онд баримтат өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн ч ЮНЕСКО 2023 онд бүртгэх өвөөр шалгаруулаагүй байна. Иймд Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас дахин ЮНЕСКО-д хүсэлт илгээхээр болжээ. Улс орнууд хоёр жилд нэг удаа хоёр өвөө ЮНЕСКО-ийн Дэлхийн ой дурсамжийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах эрхтэй байдаг.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.