Идэх юмаар зургаан метр өндөр гацуур засав
Анд нөхдийн мэдээ
2023-11-29
Их Британийн Хойд Йоркширийн далайн эргийн ойролцоох Скарборо хотод төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээр 6.1 метр өндөр гацуур босгожээ. Энэ нь "Tesco" сүлжээ дэлгүүрээс санаачлан зохион байгуулдаг 11 дэх удаагийн өвлийн хүнс цуглуулах аяны нэг хэсэг ажээ. Тус дэлгүүр Англи даяарх хүнсний хомсдолтой байгаа эмзэг бүлгийн иргэдэд туслах зорилгоор хүнсний хандив цуглуулдаг байна. Тиймээс төв талбайдаа хүнсээр гацуур босгож хотын оршин суугчдыг хандив өргөхийг уриалж буй нь энэ ажээ. Тэд гацуураа арван нэр төрлийн 1699 ширхэг хүнсний бүтээгдэхүүнээр зассан байна. Гацуур зассан арван төрлийн бүтээгдэхүүн нь буяны сангийн хүнсний нөөцөд нөөц нь дуусаж байгаа, энэ өвөл хүмүүст хамгийн их хэрэгтэй байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Үүнд, удаан хугацаанд хадгалах боломжтой ундаа, сүү, цай, кофе, будаа, гоймон, лаазалсан жимс, хүнсний ногоо, мах, туна загас багтжээ. Мөн "Tesco" дэлгүүр энэ буяны ажлаа Английн хүнсний хомсдол, ядуурлыг зогсоох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг "The Trussell Trust", "Fareshare" байгууллагатай хамтран явуулдаг бөгөөд "The Trussell Trust" байгууллагын захирал "Өнгөрөгч оны 12 дугаар сараас хоёрдугаар сарын хооронд нэг сая хүнсний тусламж хүмүүст хүргэсэн. Мөн сүүлийн зургаан сард манайд хүнсний тусламж хэрэгтэй 320 мянган хүн хандсан" хэмээн ярьсан байна. Уг буяны ажил бүтэн жилийн турш тасралтгүй хэрэгжиж байдаг бөгөөд Зул сарын баярыг тохиолдуулан хандивын хүнсний нөөцөө нэмэгдүүлэх ажлыг өргөн хүрээнд хийдэг ажээ. Тэгвэл "Fareshare" байгууллагын захирал "Сүүлийн арван жилд "Tesco" сүлжээ дэлгүүр эмзэг бүлгийн иргэдэд 250 сая ширхэг хүнсний бүтээгдэхүүн хандивласан нь бусад байгууллагуудын хандиваас хамаагүй их" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.