images

Хятад: Дэлхийд анх удаа өгөгдөл хадгалагчийг тэнгисийн усанд байрлуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-27


   Хятадууд дэлхийн анхны арилжааны өгөгдлийн төвийг тэнгисийн усан дотор байгууллаа. Цахим орчин дахь их өгөгдлийг агуулах төхөөрөмжүүдийг Хайнань арлын ойролцоох тэнгисийн усанд 35 метрийн гүнд өнгөрөгч баасан гарагт байрлуулжээ. Ингэснээр дата төвийн эрчим хүчний хэрэглээ 40-60 хувиар буурах юм байна. Учир нь, тэнгисийн ус төхөөрөмжийн цахилгаан эд ангийн хөргөлтийн системийг орлох юм. Өөрөөр хэлбэл, хөргөөгч сэнс, агааржуулагчийн цахилгааны зардал танагдаж, төхөөрөмж өөрөө өөрийгөө хөргөөх ажээ. Мөн төхөөрөмжүүдийг тэнгисийн усанд хадгалснаар газрын зардал буурч, усан дорх өргөн уужим зайг ашиглах боломж бүрдсэнээс гадна хүнээс, элдэв аюулаас хол байх давуу талтай гэнэ. Тухайлбал, усан дор тоосонд дарагдахгүй, хүчилтөрөгчтэй урвалд орж зэврэхгүй учраас хэрэглээ нь удаан болж эвдрэх эрсдэл буурах ажээ. Үүнээс гадна, усан дор өгөгдөл хадгалагчийг байршуулснаар компьютерийн тооцоолох чадвар, серверийн нягтаршил нэмэгдэх юм байна. Учир нь, мэдээллийн төвүүд нь өгөгдөл хадгалагчтай ойрхон далайн эргийн дагуух хотуудад байрлах юм.

   Хятад төдийгүй дэлхий дахинаа усан дор өгөгдөл хадгалагч төхөөрөмжийг байрлуулах ажил эхэлсэн бөгөөд “Microsoft” компани хэдийнэ туршилтаа эхлүүлсэн байна. Харин үүнээс өрсөж хятадууд усан дорх дата төвөө арилжааны зорилгоор ашиглан, бодит хэрэглэгчидтэй болжээ. Улмаар нэг нь 1300 тонн жинтэй тус төхөөрөмжөөс зуун ширхэгийг тэнгисийн усанд байршуулахаар зэхэж байна. Нэг өгөгдөл хадгалагчийг гурван инженер усан дотор байрлуулахад гурван цаг зарцуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.