Их Британи: Ихэр эгч дүүс 100 нас хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-20
1923 оны 11 дүгээр сарын 16-нд төрсөн нэг өндгөн эсийн ихэр эгч дүүс Энн Браун, Флорэнс Бойкотт Их Британи дахь төрөлх тосгондоо 100 насны төрсөн өдрөө найз нөхөд, таван үеийн үр хүүхдүүдийнхээ хамт тэмдэглэлээ. Э.Браун нэг охинтой бол, Ф.Бойкотт гурван охин, долоон зээ, зургаан жич, гурван гучтай гэнэ. Ихрүүд BBC телевизэд “Бид үргэлж хамтдаа байсан. Насаараа бие биенээсээ холдсонгүй” хэмээн ярьсан байна. Мөн Э.Браун “Тавин нас хүрч байснаас минь ямар ч ялгаагүй санагдаж байна” гэжээ. Тэгвэл Гиннесийн дээд амжилтын номд "Ихрүүд хамтдаа 100 болон түүнээс дээш наслах нь 700 саяд нэг удаа тохиох ховор зүйл" гэсэн байдаг ажээ. Энэ магадлалыг Их Британийн Өмнөд Йоркширийн Барнзли тосгоны “WeAreBarnsley” сонинд "Үндэсний сугалаанд хожих магадлал 15 хувиар илүү байхтай ижил" гэж тайлбарласан байна. Ихрүүд аав, ээжээс арвуулаа бөгөөд тэдний тав нь хүү, тав нь охин байсан аж. Мөн ихрүүд 100 наслахдаа Их Британийн ерөнхий сайд 20 удаа солигдохыг үзжээ. Ихрүүдийн өрөөсөн Ф.Бойкоттын охин, 78 настай Кэти Линдси “Нэг удаа нагац эгч Эннийг манайд ирэхэд би түүнийг ээжийг хэмээн андуурсан удаатай. Утсаар ярихад тэр хоёрын дуу хоолой нь ялгахын аргагүй. Тэд залуудаа бүр ч адилхан байсан болохоор өөрт нь таалагдаагүй залуустай солигдож уулздаг байсан гэдэг” хэмээн ярьжээ. Үүгээр зогсохгүй залуу байхад нь гэр бүлийнхэн нь ихрүүдийг ялгаж чаддаггүй байсан бөгөөд аав нь хоёр охин нь юугаараа ялгаатайг хэлж чаддаггүй байсан аж. Тэгвэл өдгөө зуун нас хүрсэн ихрүүдийн урт насалсны нууцыг К.Линдси “Ээж, хойд аав хоёр орой бүр унтахынхаа өмнө виски, жүржийн жүүс уудаг байсан. Гэхдээ ээж, нагац эгч хоёр согтууруулах ундаа их хэмжээгээр уудаггүй байсан болохоор энэ жинхэнэ шалтгаан нь биш байх” гэсэн байна. Харин Э.Брауны охин 68 настай Энн Ридсдэйл “Ээж урт насалсныхаа нууцыг чихэр, шоколад, кремтэй нарийн боов гэж хэлсэн” гэжээ. Харин Э.Браун өөрөө BBC телевизэд энэ нууцаа “Эрт унтах” хэмээн хариулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.