Чихмэл бамбаруушийг агаарын бөмбөлөгт суулган 28 мянган километрийн өндөрт хөөргөв
Анд нөхдийн мэдээ
2023-11-06
Хятадын Жөжян мужийн Нинбо-Ноттингэмийн их сургуулийн Шинжлэх ухаан, инженерийн ангийн оюутнууд агаарын бөмбөлөгт чихмэл бамбарууш уяж тэнгэрт хөөргөтөл бамбарууш 28 мянган метрийн өндөрт гарсан байна. Улмаар бамбарууш оргил өндөртөө гарснаас 26 минутын дараа будааны талбайд газарджээ. Оюутнууд агаарын бөмбөлөгт уяатай хөөрч яваа цагаан халадтай бор бамбаруушны бичлэгийг “TikTok”-ын хятад хувилбар болох “Douyin” платформд тавьсныг үй олон хүн үзсэн юм. Тухайлбал, бичлэг хоёрхон өдрийн дотор буюу өнгөрөгч лхагва гарагийн байдлаар 500 мянган лайк, 40 мянган сэтгэгдэл авчээ. Бичлэгт бамбарууш Нинбо хотоос аялалдаа гарч уул давж гол гатлан Фүшин, Ляонин, Тунляо, Өвөр Монголын хилд хүрч үзэгдсэн аж. Мөн оюутнууд тоног төхөөрөмжүүдээ тохируулж, жинг хэмжиж, дулааны хэмийг шалган гелийгээр дүүргэсэн агаарын бөмбөлөгт бамбаруушийг уян хөөргөж буй бэлтгэл ажлаа бичлэгт оруулжээ. Улмаар бамбарууш үүлэн дундуур явсаар 28 мянган метрийн өндөрт гарсан гэнэ. Энэ туршилтыг Нинбо-Ноттингэмийн их сургуулийн багш Ли удирдсан бөгөөд уг туршилтыг хийхийг дөрвөн жилийн өмнөөс зорьсон аж. Учир нь тэрбээр сансрын нисгэгч болохыг хүсдэг байсан ч эрүүл мэндийн шалгалтанд тэнцээгүй тул Хятадын нисэх хүчний ангид элсэж чадаагүй гэнэ. Улмаар Ли энэ жил их сургуулийнхаа 20 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа бэлгэдэл амьтан болох чихмэл бамбаруушыг сансарт хөөргөжээ. Багш, оюутнууд энэ туршилтад хоёр сарын турш бэлтгэж Хятадын үндэсний баярын дараа бөмбөлгийг агаарт хөөргөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.