images

Ц.Тэлмүүн-Очир: Нэг сонгодог хөгжмийн зохиолыг гартаа оруулахад зургаан сар орчим болдог

Н.Ариунсайхан

Мэргэжил бүхэн сонин

2022-11-22


         Ц.Тэлмүүн-Очир бол Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийн удирдаачийн дөрөвдүгээр ангийн оюутан. Долоон настайгаасаа хийл хөгжим оролдож, 20 жил хөгжмийн боловсролоор хүмүүжиж яваа нэгэн.Тэрбээр өнгөрсөн зун болсон МУУГЗ, профессор Н.Бүтэнбаярын нэрэмжит залуу удирдаачид болон цөөхүүл хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байранд шалгарсан билээ.

- Сонгодог хөгжимтэй танилцсан түүхээсээ бидэнд хуваалцаач?

- Хамгийн анх долоон настайдаа хийл хөгжимтэй танилцаж байлаа. Миний хувьд багадаа ганцаараа тоглодог хүүхэд байсанБусад хүүхдүүдтэй нийлж, тэдэнд тоогдохыг хичээдэггүй, өөрийгөө болгоод л явдагЦэцэрлэгт байхад Хөгжим бүжгийн коллежээс нэг багш ирээд хүүхдүүдийг хөгжмийн ангид шалгаруулж авч байсан. Би тэр үед  шалгалтад нь тэнцэж, бага ангиасаа хийл хөгжмийн ангид сурч эхэлсэн дээ

     Өсвөр насандаа хип хоп хөгжимд дуртай болсон. Рэп дуучин больё гээд beat хийнэ, дууны үг бичнэ. Түүн дээрээ дууны тохируулга хийж оролдоноЦаашдаа өөрийгөө хөгжүүлье гээд хөгжмийн найруулагчаар сурч эхэлсэн. Дараа нь Дуурийн театрт ажилд орох боломж олдсон. Театрт ажиллаж эхэлсэн үеэс л сонгодог хөгжимд илүү татагддаг болсон дооЧадварлаг хөгжимчид тоглоно, удирдаачид оркестрийг гайхамшигтай удирдана. Сонгодог хөгжмийн хоршил, найрал, удирдаачийн мэргэжлийн түвшинд удирдаж байгаа бүхэн надад онцгой сэтгэгдэл үлдээсэн гэж болно. Одоо бол удирдаачаар сурч байгаа учраас хийл хөгжмөө байнга тоглодоггүйБи удирдаач мэргэжлийг их хожуу сонгосон. Дуурийн театрт хөгжимчнөөр ажиллаж байхад хүртэл хамт олон маань “Чи удирдаачаар сураач” гэж олонтаа  хэлдэг байлаа.

- Удирдаач болоход ямар чадвар хамгийн чухал байдаг вэ?

- Гурван чухал зүйл бий. Эхнийх нь төрмөл авьяас. Хөгжмийн мэдлэг болоод удирдаачийн байгалиас заяасан өгөгдөл маш чухал. Хөдөлгөөний эвсэлтэй, мэдрэмжтэй байх нь мөн чухалд тооцогдоно. Хоёрдугаарт, хөгжмийн боловсрол. Ямар нэгэн хөгжим эзэмшсэн байх. Хөгжмөөс гадна онол, арга зүйн цогц мэдлэгтэй байх шаардлагатай. Би Солонгос руу сургуульд явахаасаа өмнө Дуурийн театрт долоон жил хийл хөгжимчнөөр ажилласан. Гуравт, манлайлах чадвар. Олон хөгжимчид, уран бүтээлчидтэй харилцаж, тэдгээрийг манлайлж, үлгэр дуурайлал үзүүлдэг учраас биеэ зөв авч явах хэрэгтэй.

    Удирдаачийн тухайд дотроо симфони оркестрын, найрал дууны гэж хуваагдана. Симфони оркестр дотроо цэргийн үлээвэр найрал хөгжмийн удирдаач гэж байна. Сонгодог хөгжмөөрөө дагнаж мэргэшсэн удирдаач ч гэж бий.  Би бол сонгодог симфони оркестрын удирдаач юм. Хамгийн багадаа 70-80 уран бүтээлч, хөгжимчидтэй ажиллах ёстой болдог. Хааяа 100 гаруй хөгжимчин, дуулаачдыг ч ганцаараа удирдах тохиолдол гардаг. Тэр болгоныг яг нэг хүн шиг болгох ёстой. Ингэхийн тулд авьяастай, олон жилийн туршлагатай, хөдөлмөрч байх чухал юм.

- Үзэгчид удирдаачийг ихэвчлэн ар нуруунаас нь харна. Түүний харц, сэтгэл хөдлөл, нүүрний хувирал нь ямар байдаг бол гэдэг нь сонирхол татдаг. Удирдаач  тэр агшинд ямар мэдрэмж, сэтгэгдэлтэй байдаг юм бол? 

- Хөгжимчдийн талаас харах юм бол урд нь өөрийн тоглох хөгжмийн нот байгаа. Хөгжмийн нотоо харж, бүтээлээ тоглоно. Олон жил мэргэшсэн хөгжимчид рефлексээрээ харахгүй тоглох нь ч бий. Гэсэн хэдий ч сургуулилт, тоглолтон дээр бүх анхаарал удирдаач дээр төвлөрч байх ёстой. Удирдаач, хөгжимчдийн дунд үүссэн холбоог үгээр илэрхийлэхэд хэцүү. Удирдаачийн хувьд мэргэжлийн ур зүйн цогц чадвар, онцлог гэж бий. Түүгээрээ дамжуулан зарим үед нүдээрээ санаагаа ойлгуулж болдог.

- Удирдаач оркестр удирдахдаа бүх хөгжимчдийнхөө нотыг зэрэгцүүлж тавьж байгаад зэрэг уншиж чаддаг гэсэн. Энэ бас удирдаачийн ур зүйн чадвар  уу?

- Үүнийг full score буюу бүх хөгжимчид, удирдаачийн нот нэг дор дараалж байрлуулахыг хэлдэг. 60-70 хөгжимчний нот зэрэгцүүлж тавихад л маш зузаан ном шиг болдог. Хөгжимчидтэйгээ тэр бүх нотыг зэрэг уншина гэж байхгүй. Удирдаач өөрөө түрүүлж уншиж судлаад хаана яаж ажиллах талаар бүгдийг төлөвлөчихсөн байдаг юм.

- Удирдаачийн биеийн хэлэмж, гар хурууны хөдөлгөөн, дохилтоос хөгжмийн хэл, найруулгын онцлог, ялгаа хамаардаг уу?

- Хөгжмийг эхнээс нь сурч эхлэхэд дадал болгох хэд хэдэн техник байдаг. Түүнийг бага багаар хэвшүүлж, гар хурууны байрлалаас эхлэн зөв техникээр тоглох ёстой. Түүнтэй адил удирдаач ч гэсэн хуруу гарын дасгал, тохойн байрлал, хөдөлгөөн зэрэг янз бүрийн техникүүдийг  дадал болгоно. Удирдаачийн хөгжмийн зэмсэг нь оркестр. Оркестрыг үйл хөдлөлөөрөө удирдаж нэг ёсондоо жүжигчин шиг илэрхийлж гаргана гэсэн үг.

- Удирдаачийн найрал хөгжимд гүйцэтгэж буй гол үүрэг?

- Удирдаач үйл хөдлөл, техникээрээ тухайн хөгжмийг ерөнхийд нь илэрхийлдэг. Сайн анзаарах юм бол удирдаач хөгжим дуугарахын өмнө хөдөлдөг, хөгжимчдөө манлайлан, байлдан дагуулж явна. Хөгжимчид түүнийг нь түрүүлж мэдрээд тухайн нотоо тоглохоос өмнө удирдаачийн илэрхийлэл, мэдрэмжийг дагаж хөгжмөө эхлүүлдэг ёстой.

     Миний хувьд сэтгэл хөдлөл өндөртэй. Харилцааны тал дээр ил гаргаад байдаггүй ч оркестр удирдаж байхдаа хэт ихдэх гээд байдаг талтай. Удирдаач энэ дээр тодорхой хэмжээний хяналттай байх нь чухал. Мэргэжлийн талаас уран сайхан байдлыг яаж илүү өргөн хүрээнд гаргаж тоглолтоо үргэлжлүүлэх вэ гэдгээ тооцоолсон байх ёстой. Үүнийг удирдаачийн ур зүйн талаас олон жил суралцаж байж бий болгодог. Хөгжмийг мэдэрч байгаа дотоод мэдрэмжээ биеийн хэлэмжээрээ ойлгуулна гэдэг тийм ч амархан биш. Хөлийн тавилтаас эхлээд ийш тийшээ алхах нь зохимжгүй. Биеэрээ бүтэн эргэж болохгүй, зөвхөн цээжин биеэрээ эргэж байх ёстой гэх техникүүд байна.Үндсэн байрлал бол зогсолтоосоо эхлэнэ. Суурь сайтай зогсоно. Нуруу цэх шулуун байвал сайн. Ерөнхийд нь удирдаач бүх хөгжимчдийн нүдийг заавал харж байхаар тохируулж суулгасан байх ёстой.

- Дэлхийн улс орнуудад удирдаачийн мэргэжлийг харьцангуй хожуу эзэмшдэг. Илүү удаан хугацаанд суралцаж байж, туршлагатай болсны дараагаар ажиллаж эхэлдэг гэсэн?

- Удирдаачийн мэргэжлийг насны хувьд хөгшин мэргэжил гэж үздэг. Хөгжмийн маш өндөр боловсролтой байх ёстой. Аль нэг хөгжмийн авьяастай байж удирдаачаар дахин суралцана. Ингэхдээ маш их хугацаа зарцуулдаг. Сүүлийн үед энэ салбарт залуу, чадварлаг удирдаачид олон төрж байна. Багаасаа хөгжимд хайртай бол суралцаж хөгжих эхлэлээ маш эрт тавиад явах хэрэгтэй. Энэ нь нөгөө талаар төрмөл авьяастай  бол саадгүй. Тэгэхээр заавал төдөн настай болоод удирдаач болох ёстой гэсэн дүрэм  журам байхгүй гэсэн үг.

- Удирдаач дохиураа яаж сонгодог вэ. Материал, хийц нь ямар байвал зохистой байдаг бол?

- Хамгийн гол шаардлага нь хөдөлгөөнд саад болохооргүй, хөнгөн байх ёстой. Дохиурын ишний бариулыг тухайн удирдаач өөртөө эвтэйхэн байхыг сонгодог. Намхан нуруутай удирдаач байлаа гэхэд арай илүү уртыг сонгоно. Өндөр нуруутай бол дундаж хэмжээтэй гэх мэтчилэн. Урт иштэй, бөөрөнхий иштэй, таг зууван иштэй гэж байна.

- БНСУ-д Урлагийн үндэсний их сургуулийн сургалтын арга барил, техникийн хувьд бусдаас ялгарах онцлог юу байна вэ?

- Заах арга барил нь илүү Европ талдаа. Сүүлийн үед  өөрсдийн гэсэн арга барилыг бий болгож байгаа хандлага ажиглагдсан. Одоохондоо төгс болоогүй. Франц, Герман, Австри зэрэг Баруун Европ хэв маягийг ихэвчлэн барина. Би Солонгостоо нөлөө бүхий удирдаач Сун Ши Ён гэдэг багшаар хичээлээ заалгадаг юм. Тэр багшаасаа онол, арга зүй сурахаас гадна  үлгэр дуурайлал авдаг. Манай ахмад үеийн сонгодог урлагийн төлөөллүүд ихэвчлэн орос хэв маягаар суралцсан. Миний хувьд Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх багш дээр анхны хичээлээ заалгаад, хоёр жил суралцсан. Ингэснээр  цааш гүнзгийрүүлэн судлах суурь минь тавигдсан болов уу гэж боддог.

- Хийл тоглодог хүмүүс эмзэг мэдрэмтгий, үлээвэр хөгжим тоглодог хүмүүс илүү найрсаг байдаг гэдэг. Та удирдаач хүний хувьд хөгжимчдийн зан төлөвийн  ялгааг ажигладаг уу?

- Үлээвэр хөгжимчид илүү хээгүй, тайван байх нь бий. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс тоглодог учраас энэ талын чанар ажиглагддаг гэж боддог. Хийл буюу утсан хөгжимчдийн хувьд нямбай, мэдрэмтгий талдаа байдаг. Мөн илүү өтгөн өнгөтэй хөгжим тоглодог хүмүүс зан чанарын хувьд удаан тайван харагддаг. Эсрэгээрээ, нарийн утсан хөгжим тоглодог хүмүүс сандруу, их юм боддог талтай.

- Олон янзын зан чанартай хөгжимчдөө нэгтгэж, удирдахад таны хувьд ямар арга барил ашигладаг вэ?

- Нэгд, бүтээлээ маш сайн ойлгосон байх хэрэгтэй. Хэрвээ өөрөө ойлгоогүй  бол бүтээлээ тоглоход бэрхшээлтэй. Хувь зан чанарын хувьд бусдыгаа зохион байгуулах чадвартай байх ёстой. Олон хүмүүсийн анхаарлыг нэг цэгт төвлөрүүлж, сонирхолтой байдлаар сургуулилтаа хийдэг байх нь чухал.  Хэт их загнах, юм ярьж байгаад зогтусаж, өөр тийшээ арван секунд харахад л хөгжимчдийн анхаарал сарниж, энерги нь уначихдаг юм. Удирдаач хөгжимчид хоёрын хувьд харилцан хичээл зүтгэл шаардлагатай болдог. Хөгжимчдийн зүгээс ч хүлээцтэй,  удирдаачдаа ажиллах боломжийг нь олгох нь чухал.

- БНСУ-д суралцах үед оркестр удирдах  боломж хэр олддог  байсан бэ?

- Солонгос улсын хувьд их өрсөлдөөнтэй салбар. Тухайн бүтээлээ өөрөө маш сайн өөриймшүүлсэн байх юм бол сайн бэлдсэн оюутнуудаар удирдуулдаг. Хичээлээс гадуур бол Христийн сүмд найрал дуу удирдах боломжтой. Бүрэн хэмжээний оркестр байхгүй ч цөөн хэдэн хүний найрал дуу удирдана гэдэг сонирхолтой байдаг юм.

- Урлагийн салбарын мэргэжил цаг наргүй гэдэг. Удирдаач мэргэжлийн ажиллах цаг, цалингийн хувьд хэр боломжийн байдаг вэ?

- Би одоогоор бүрэн ажиллаж эхлээгүй байгаа. Миний барагцаалж байгаагаар маш завгүй. Урдах уран бүтээлээс гадна, хөгжимчид, зохиолоо хариуцаж тэднийг зохион байгуулна. Ерөнхийдөө бол командлагч учраас олон зүйл бодож, холын асуудлаа эртнээс төлөвлөнө. Дуурийн театрт гэхэд долоо хоног болгон өөр дуурь, өөр балет тоглогдоно. Ачаалал өндөртэй. Нэг сонгодог хөгжмийн зохиол, уран бүтээлийг гартаа оруулна гэхэд л зургаан сар орчим болно. Тэрний дараа арай илүү дөхөм болж ирнэ. Цалингийн хувьд мэргэжлийн хөгжмийн урлагт бол чамлахаар байдаг. Одоо хэдтэй байгааг мэдэхгүй, 2017 онд намайг Солонгос явахаас өмнө нэг сая хүрэхгүй л байсан. Ерөөсөө л хөгжмийн урлагийн мэргэжилдээ маш дуртай, мөнгөний төлөө ажилладаггүй санагддаг. Олон жилийн хөдөлмөр зүтгэлээр эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэдэг хувь хүний хувьд хамгийн дээд гоо зүй. Гэхдээ цалин, хөдөлмөрийн нөхцөл байдал улам өөрчлөгдөнө л гэж бодож байна.

- Таны мэргэжлийн нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, ач холбогдол?

- Удирдаачийг би сонгодог хөгжмийг нуруундаа үүрч яваа гол багана гэж боддог юм. Сонгодог хөгжим энэ нийгэмд соён гэгээрэл, зөв хүмүүжил, гоо зүйн таашаалыг өгдөг. Сонгодог урлаг, хөгжмийн урлагт манлайлж байдгаараа онцлогтой.

- Таны хувьд хэтдээ Монголоос гадна хилийн чанадад удирдаачаар ажиллах бодол байдаг биз. Ийм бололцоо хэр байдаг вэ?

- Боломж бол байгаа. Гэхдээ өрсөлдөөн маш их. Монголчуудын хувьд сонгодог урлагийн салбараа хөгжүүлэхийн тулд дотооддоо хөгжүүлэхээс гадна гадагшаа чиглэсэн маркетингийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Аль болох олон улсын фестиваль, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Хөгжимчдийн хувьд ч амжилттай байгаасай гэж боддог. Дэлхийд гарахын тулд надаас авахуулаад залуу удирдаачдын хувьд хөдөлмөрлөх, сурах, туршлага хуримтлуулах зайлшгүй шаардлагатай.

- Гадаадын урлагийн сургуулийн тэтгэлэг авах боломж манайханд хэр байдаг вэ. Яаж авдаг вэ. Энэ чиглэлээр Монголын талаас дэмжлэг үзүүлдэг үү?

- Солонгост би Art Major Asian олон улсын тэтгэлэгээр суралцсан. Дэлхийн 130 гаруй улсад зарлагддаг. Монголоос ч хамрагдах боломж бий. Энэ тэтгэлэгт урлагийн салбарын ихэнх мэргэжлүүд байгаа. Би арван жилд байхдаа энэ чиглэлээр төгсөөд ирсэн хүнээс мэдээлэл авч байсан. СУИС-д хоёр жил бакалавраар сураад, төгсөлтийнхөө ажлын дуурь удирдаж байгаа бичлэгээ тэтгэлэгт хөтөлбөрт явуулсан юм. Ер нь тухайн суралцах гэж байгаа мэргэжилдээ дуртай, чармайлттай байвал тэтгэлэгийн мэдээллийг хаанаас ч олох боломжтой. Солонгост урлагийн салбарын тэтгэлэг түгээмэл байдаг. Мөнгөн тэтгэмж нь ч Оросыг бодвол хүрэлцээтэй. Европ руу бол урлагийн салбарт зөндөө бий. Наад зах нь Элчин сайдын яамд дээр очоод мэдээлэл авах боломжтой. Монголын талаас урлагийн талын тэтгэмж байдаг ч энэ нь хангалтгүй санагддаг.

- Ойрын зорилгоосоо хуваалцвал?

- Одоо бол БНСУ дахь сургуулиа төгсөөд хэсэг ажлаа хийе гэж бодож байна. Эх орондоо ирж ажиллана. Туршлага л хуримтлуулах хэрэгтэй байна.

Тэлмүүн-Очир төгсөлтийн шалгалтын хэсгээс, түүний цахим хуудаснаас авав. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.