Сэргээн засварлагч, судлаач Э.Батжаргал: Соёлын биет өв ч гэсэн хүнтэй адил хөгширдөг
Мэргэжил бүхэн сонин
2024-06-03
Соёлын биет өвийг сэргээн засварлагч, судлаач Э.Батжаргалтай ярилцлаа. Тэрбээр одоо Соёлын өвийн үндэсний төвийн Сэргээн засварлах газрын даргаар ажиллаж буй юм.
Арын албанаас ажлын гараагаа эхлүүлэв
Би 2009 онд СУИС-ийн харьяа ДУДС-ийг Зураач /Монгол зураг/ мэргэжлээр төгссөн юм. Намайг хоёрдугаар күрсэд байхад монгол зургийн ангийн төгсөгчид Уран зургийн галерейд үзэсгэлэн гаргахаар боллоо. Ангийн багш маань Монгол зургийн холбооны тэргүүн байсан учраас хэдэн оюутнаа дайчилж, 7 хоног арын албанд ажиллуулав. Тэр үед Соёлын өвийн төв Уран зургийн галлерейтэй ойр, хажууд нь байсан бөгөөд түүгээр нэг заваараа орж, гаран байхдаа Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварладаг энэ ажил миний сонирхлыг маш татсан юм. Мөн оюутны нэг семестрт Дэлхийн урлагийн түүх нэртэй хичээл үзэхэд багш маань алдартай уран зургуудийг сэргээн засварласан тухай ярьсан нь сэргээн засварлагч гэх энэ мэргэжил миний сэтгэлд хоногшин үлдэж билээ.
Намайг сургуулиа төгсдөг жил Уран зургийн галерейн сан хөмрөгт гал гарч, Монголын дүрслэх урлагийн сор болсон маш олон бүтээлүүд их, бага хэмжээгээр шатсан. Галаас арай гэж авч үлдсэн хэдэн зургийг цэвэрлэх ажилд хүн хүч хэрэгтэй болж, зургийн мэргэжлээр дөнгөж төгссөн хэдэн хүүхдэд санал ирсэн юм. Ингээд би анх гурван сарын гэрээ байгуулан Соёлын өвийн төвд ирж байлаа. Гэрээ дууссан ч гэрээ маань сунгагдаж явсаар 2 жилийн дараа жинхэнэ ажилтан болсоноор одоо 15 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад маш олон хамрагдсан байдаг. Мөн 2017 онд СУИС-ийн Соёлын сургуулийн ахисан түвшиний ангид суралцаж, судалгаа хийж эхэлсэн бөгөөд “Гэмтлийн судалгаанд тулгуурлан танка зургийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах арга зам” нэртэй бүтээлээр 2019 онд магистрын зэрэг хамгаалж байсан. Магистрын зэрэгтэй болсон тул байгууллага маань 2022 онд намайг Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын ерөнхий технологичоор ажиллуулах болсон. Ингээд дараа оныхоо намар Сэргээн засварлах газрын даргаар томилогдсон. Миний магистрын судалгаа 1988-2017 онд Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварласан танка буюу шүтээн зургийн гэмтлийг тоторхойлох, аюул гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой байв. Манай сэргээн засварлагчид соёлын биет өвд нийт 68 төрлийн гэмтэл учирч болохыг тогтоосон байдаг. Үүнээс 43 нь танка буюу шүтээн зурагт тохиолдож болохыг би судалж тогтоосон юм. Цаашлаад тухайн гэмтэл юунаас болж үүсдэг, хэрхэн зөв хадгалж хамгаалах талаар ч багагүй зүйл уншиж, судалгаа хийсэн.
Ардын зураачдын бүтээлд гар хүрсэн нь
Соёлын өвийн үндэсний төвд анх ажилд ороход 7-8 сэргээн засварлагчтай байв. Модон эдлэл, даавуу зөөлөн эдлэл, уран дархан металл эдлэл, баримал, уран зураг, монгол зураг гээд бүгд мэргэшсэн чиглэлээрээ ажиллана. Гэрээгээр хамт ажиллаж байсан нэг залуутайгаа би анхны жилээ 200 гаруй уран зургийг галаас үүссэн бохирдлыг цэвэрлэж байсан. Харин 2012 оноос Уран зургийн галерейн шатсан зургуудыг сэргээн засварлаж эхэлсэн юм. Тэр дунд Лувсангийн Гаваа, Ням-Осорын Цүлтэм, Гэлэгийн Одон, Дуламжавын Дамдинсүрэн, Мижидийн Бүтэмж гээд алдарт зураачдын уран бүтээлүүд байлаа. М.Бүтэмж гуайн бүтээлүүд уусгалт ихтэй, зөөлөн фон дээр тодруулж зурдаг. Харин Н.Цүлтэм, Г.Одон нар орос школтой болоод ч тэр үү, арга барил нь хоорондоо төстэй санагддаг байлаа. Тухайн үед нэг төслийн хүрээнд манай байгууллага АНУ-ын нэгэн их сургуулийн сэргээн засварлах газартай хамтарч, тэндхийн сэргээн засварлах багаж хэрэгслийг эх орондоо авчирч, мөн сургагч багш нар ирж эдгээр багаж хэрэгслүүдтэй хэрхэн харилцах талаар сургалт хийж байсан. Тэдгээрээс надад хамгийн таалагдсан нь халдаг ширээ байсан. Галд бүрэн шатаагүй, цэврүү үүсээд буцалчихсан уран зургийг халдаг ширээн дээр тавиад дулааны температурын нөлөөгөөр гадаргуу нь зөөлөрсөн үед буцаагаад дарж нааж хэвэнд нь оруулдаг. Ингэхдээ мөн тусгай зориулалтын цавуунууд болон олон материал, арга зүйг ашиглана. Ингэж 2022 оныг хүртэл галд арай бага гэмтсэн 500 орчим бүтээлийг сэргээн засварласан. Одоо Уран зургийн галлерей нь тусдаа сэргээн засварлагчтай болж Германы тусламжтайгаар байгуулсан лабораторид энэ ажил явагдаж байгаа. Харин ач холбогдол өндөртэй, нарийн ажиллагаа, ур чадвар шаардсан уран зургийг Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварлаж байна.
Миний анхны сэргээн засварлаж байсан зургуудаас зураач Нүрзэдийн Оросоогийн “Хоргой хүрэм” зураг сэтгэлд үлджээ. Тэр зураг тас хар өнгөтэй болчихсон, юу нь мэдэгдэхгүй шахам ирсэн дээр 2-3 сар ажиллаж байсан. Сүүлд өнгө нь сэргэсэн байгааг харахад сэтгэл цэлмээд сайхан болдог юм билээ. Бид урлагийн хүмүүс, мөн сэргээн засварлагч учраас ажлынхаа үр дүнг харж таашаал авдаг. Мөн зураг сэргээн засварлахаас гадна археологийн олдвор, баримал, чулуун дурсгал, хуулбар хийх гэх мэт бусад төрлийн сэргээн засварлах ажил руу орж сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байсан.
Богдын музейг хэн засав?
Манай төвийн сэргээн засварлагчид 120 гаруй жилийн түүхтэй Богд хааны ордон музейн ажилд оролцож зөвлөгөө өгч байсан удаатай. 1921-1960 он хүртэл уг музейг хятад хүмүүс сэргээн засварлаж байсан юм билээ. 1921 онд Хятадын Хан овогтын пүүсээр сэргээн засварлах ажил хийлгэсэн тухай тайлан бий. Харин 1960-1961 онд БНХАУ-аас мэргэжилтнүүд ирж, тухайн үед байсан Соёлын яамны харьяа Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах газартай хамтран хийсэн байдаг. Мод үйлдвэрлэх комбинатаас модоо бэлдэж, хөх тоосгоо эндээ шатаагаад, дээврийн чимэглэлийн материал будгийг Хятадаас авчирч байсан юм билээ. Тосон будаг ер ашиглаагүй, нунтаг, шороон будгаар бүх сэргээн засварлалтыг хийсэн гэж архивын баримтад байдаг юм. Харин түүнээс хойш 1990 он хүртэл Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах газар энэ ажлыг бие даан хийж иржээ. 1990-2003 он хүртэл сэргээн засварлалт хийсэн гэдэг боловч тайлан нь байдаггүй юм. Харин одоо ихэвчлэн Соёлын яамны тендерт шалгарсан хувийн компаниуд хийдэг болсон.
Сэргээн засварлах газрын хамт олон.
Сэргээн засварлах ажлын үе шатууд
Сэргээн засварлах ажил долоон үе шатнаас бүрддэг.
Нэгдүгээрт, тухайн дурсгалт зүйлийн гэмтлийг тодорхойлох, баримтжуулах.
Хоёрдугаарт, материалын судалгаа хийх.
Гуравдугаарт, сэргээн засварлах арга зүйгээ боловсруулах.
Дөрөвдүгээрт, цэвэрлэгээ хийх.
Тавдугаарт, бэхжүүлэх буюу дурсгалын эх хувийн хэв шинжийг нь хамгаалж авч үлдэх.
Зургаадугаарт, бэхжүүлсэн дурсгалаа нөхөн сэргээн засварлах.
Долоодугаарт, тайлан бичих буюу хадгалж хамгаалах арга зүй боловсруулах.
Энэ үе шатуудаас заримыг нь тайлбарлая. Уран зургийг хуурай болон чийгтэй хоёр аргаар цэвэрлэдэг. Чийгтэй цэвэрлэгээг ганцхан бодисоор хийдэггүй. Хүчил, шүлтгүй цэвэр уснаас эхлээд 5-6 төрлийн бодисыг туршиж үзээд хамгийн тохиромжтой, үндсэн өнгө будгийг гэмтээхгүйгээр бохирдол сайн арилгаж байгаа бодисыг сонгож хийдэг. Харин арын хэсэг, жаазыг багс, болон баллуураар цэвэрлэнэ. Үүнийг хуурай арга гэнэ. Мөн сэргээн засварлагч сэргээн засварлаж буй бүтээлээлийн талаар судалгаа хийж, уг бүтээлээ гүн гүнзгий мэдэрч, төвлөрч байж сэргээх өнгө, арга зүйгээ зөв олж чаддаг. Энэ мэт уйгагүй оролдлого, хүчин чармайлтын үр дүнд сэргээн засварлах ажлыг сайн гүйцэтгэнэ. Мөн олон улсад баримталдаг зарчим, дүрмийг мэдээж дагаж ажиллах нь ойлгомжтой. Зарим уран зургийн эх хувь маш эмзэг байдаг. Тиймээс ямар бодисоор яаж арилгахаа урьдчилан мэдэж, болгоомжтой харьцах ёстой. Сэргээн засварлах нарийн арга зүй, бодисын нэр, орцын мэдээллийг нийтэд тодорхой мэдээлж болдоггүй. Мэргэжлийн бус хүн түүнийг мэдсэнээр өөрөө дур мэдэн бодис аваад, ямар нэгэн соёлын өвийг засаж байна гээд сүйтгэх, баллах гэх мэт эрсдэл учруулж, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх талтай. Соёлын өвийн үндэсний төв 2010 оныг хүртэл Европын орнуудаас голчлон будаг, бодис, хэрэгсэл авч ашигладаг байсан. Одоо Япон, Солонгос зэрэг Азийн орнуудаас боломжтой хувилбарууд туршиж, арга технологийг нь нэвтрүүлж байна.
Зургийн эх хувийг үндсэн өнгө төрхөөр нь авч үлдэхийн тулд заавал бэхжүүлэх ёстой. Эхлээд бохирдлыг нь сайтар цэвэрлээд, тусгай бодис түрхэнэ. Дээрээс нь тухайн өнгөтэйгөө адилхан будаг туршиж үзнэ. Хэрэв будаг хатсаны дараа өнгө нь таарахгүй байна гэж үзвэл буцаагаад арилгаж болдог. Бэхжүүлсэн дээр нь түрхсэн будгийг арилгахад үндсэн өнгөндөө нөлөө үзүүлдэггүй. Яг ийм аргаар 50 хувь нь шатсан уран зургийг бүрэн сэргээх боломжтой байдаг юм. Тэр эх хувийнх нь чанартай фото зураг хадгалагдаж үлдсэн бол туршлагатай, чадвартай сэргээн засварлагч бүтэн болгоод сэргээн засварлах боломжтой. Нэг жишээ ярья. Дээр үед Европын улсуудад сэргээн засварлах ажил хийхдээ эх төрх байдалд бэхжүүлэлт хийхгүй, шууд давхарлаад будаад сэргээчихдэг байж. Алдарт зураач, зохион бүтээлч Леонардо Да Винчигийн “The Last Supper” буюу “Сүүлчийн үдийн зоог” бүтээлийг маш олон удаа сэргээн засварласан байдаг бөгөөд шууд үндсэн өнгөн дээр нь давхарлаад сэргээчихдэг байснаас одоо судлаачид уг зургийг анхны хувилбараасаа тэс ондоо өнгөтэй болсон гэж дүгнэсэн гэдэг. Тиймээс сэргээн засварлалтад эх төрх, анхны хэлбэр хийцийг алдагдуулахгүй байх нь хамгийн түрүүнд баримтлах зарчим юм. Ер нь соёлын биет өв ч гэсэн хүнтэй адил хөгширдөг тул байнгын сэргээн засварлах, хадгалж хамгаалахыг шаардаж байдаг.
Электрон микрософ ашиглан даавууны гарал үүслийн судалгаа хийж буй байдал.
Монголчууд шүтээн зургаа есөн эрдэнээр бүтээдэг
Монголчууд шүтээн зургаа есөн эрдэнээр бүтээдэг байжээ. Үүнийг хүмүүс үнэхээр есөн эрдэнээр бүтээдэг байсан юмуу, эсвэл өнгийн билэгдлийн үүднээс ингэж билэгшээж үздэг юмуу гэж их асуудаг. Харин одоо үед шинжлэх ухааны тоног төхөөрөмж, багажны тусламжтай үүнийг тогтоох боломжтой болсон. Монголчууд байгалийн чулуу, шорооноос гаргаж авсан будгийг шороон будаг, ургамал амьтнаас гаргаж авсан будгийг шимийн будаг гэж нэрлэдэг. Миний судалгаанаас 2022 онд хийсэн Чойжин ламын сүм музейн 10 ширхэг шүтээн зургийн материалын судалгааны үр дүнд сая хэлсэн есөн эрдэнээр бүтээсэн эсэхийг тодорхойлсон. Сонирхсон хүмүүс уг өгүүлэл хэвлэгдэхээр мэдэж болно. Мөн энэ судалгаагаар хоёр ч удаа илтгэл тавьсан.
Байгаль цаг уур, орчны нөлөөнд илүү тэсвэртэй байдаг учраас сүм хийдийн гаднах өнгө төрхийг сэргээхэд шороон будгийг ашигладаг байж. Өнгөрсөн зууны гуч, дөчөөд оноос өмнөх монгол зургийг мөн байгалийн гаралтай ийм будгаар зурдаг байжээ. Харин социализмын үед энэ ёс алдагдаж, ихэвчлэн хойд хөршид үйлдвэрийн аргаар гаргаж авсан химийн будаг хэрэглэх болсон. Бүр чулуу нунтаглаж гаргаж авсан будгийг монгол зурагт хэрэглэхийг хориглодог байв. Бид харин одооноос л монгол зургийг уламжлалт аргаар бүтээдэг хэв маягийг сэргээхээр ажиллаж байна. Тухайлбал, манай байгууллага СУИС-ийн монгол зургийн багш Г.Амарсанаатай хамтран шороон будаг гаргаж авах туршилт эхлүүлээд байна. Саяхан гэхэд “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч шороон будаг гаргаж авах түүхий эдийн судалгаа хийгээд байна. Шороон будгийг түүхэн дурсгалт уран барилгын сэргээн засварлалтад голчлон ашигладаг. Хуучны сүм, хийдийн доторх хөх, ногоон өнгө нь хэвээрээ байдаг даа. Тэр чинь шороон будаг нар салхинд тэсвэртэй, тогтоц сайтайг илтгэж байгаа юм. Гэхдээ шороон будагтай дурсгалыг шимийн будгаар сэргээж болохгүй. Бүтээлийн өнгө аяс алдагддаг. Цаг хугацаа, орчны нөлөөгөөр будагны өнгө өөрчлөгддөг. Сүүлд гарч ирсэн үйлдвэрийн будгийг ч мөн сэргээн засварлалтад ашиглахад нэг, хоёр жил болоод арилчихдаг юм. Харин хуучин байсан шороон будаг нь хэвээрээ л байж байдаг.
Сэргээн засварлах газар үүссэн нь
Соёлын өвийн үндэсний төв анх 1988 онд “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр Дүрслэх урлагийн музейн нэгэн танхимд анх нээгдэж байсан түүхтэй. Польшийн И.Коперникийн нэрэмжит их сургуулийг сэргээн засварлагч мэргэжлээр төгссөн, Монголын анхны сэргээн засварлагч Д.Хишигбаяр үүсгэн байгуулсан байдаг. Дараа нь Соёлын төв өргөөнд нүүж ирсэн. 1995 онд Бүртгэл мэдээллийн газар нээгдэж соёлын өвийн төв болж, үүнээс хойш өргөжсөөр 2023 оны байдлаар тусдаа зориулалтын 2 давхар барилгатай болж, Захиргаа удирдлагын газар, Сэргээн засварлах газар, Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газар, Түүхэн дурсгалт барилга архитектурын дурсгалыг хамгаалах газар, Авран хамгаалах, эрсдлийн судалгааны газар, Мэдээлэл технологийн газар, Бүртгэл мэдээллийн газар гэсэн долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний төв болоод байна. Нийтдээ 65 хүнтэй. Бид 2021 онд шинэ яармаг дахь байрандаа нүүж ирсэн. Тэрнээс өмнө Соёлын төв өргөөнд байхдаа 20 гаруйхан ажилчинтай байлаа. Одоо ингээд долоон газар, 65 ажилтан албан хаагчтай болсон байна.
Манай сэргээн засварлах газар нийт 15 сэргээн засварлагчтай, 2023 онд 29 музей, соёлын байгууллагын 158 үзмэр сэргээн засварлана гэж гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаснаас жилийн эцсийн байдлаар 30 байгууллагын 165 ширхэг үзмэрийг засварласан байна. Нэг сэргээн засварлагч жилд дунджаар 10-аад тооны үзмэр сэргээн засварлах боломжтой байдаг. Яваандаа орон тоогоо нэмэгдүүлэх байх. Үзмэрүүдийн гэмтэл, сэргээн засварлах хугацааны хувьд харилцан адилгүй. Зарим үзмэрийг нэг сарын хугацаанд сэргээн засварлаж байхад гэмтэл ихтэй зарим нэг үзмэрийг 2-3 жил ч сэргээн засварладаг. Металл бурхадууд болон даавуу зөөлөн эдлэл сэргээн засварлахад их хугацаа ордог юм. Өмнө нь нэг Жанрайсиг том металл бурхныг гурван жил дамнан сэргээн засварлаж байсан.
Энэ жил манай сэргээн засварлах газраас улс, аймгийн харьяалалтай 34 байгууллагад хамгийн их гэмтэлтэй 10 үзмэрийн саналаа ирүүлэхийг хүссэн. Үүний хариуд 400-аад үзмэрийн санал ирсэнээс 165-ыг нь нэг жилийн дотор засварлах боломжтой гэж үзэн 2024 оны сэргээн засваралх газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан. Ажиллах хүчин, үзмэрийн гэмтлээс хамаараад, хүлээж авах бүтээлийнхээ тоонд хязгаар тавьдаг гэсэн үг. 2023 онд сэргээн засварласан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан. Байгууллага маань өргөжиж томорсон, олон хүнтэй болсон тул газрынхаа үйл ажиллагааг бусад газар, албаны ажилчдадаа танилцуулах, хамтын ажиллагаагаа нягтруулах зорилготой байсан юм. Дараа жилээс уг үзэсгэлэнгээ олон нийтэд зориулан өргөжүүлэхээр төлөвлөж байна. Нэг асуудал нь сэргээн засварласан үзмэрүүдийг хүмүүс заавал эзэмшил музей дээр нь очиж үздэг. Соёлын өвийн үндэсний төвөөс үзнэ гэвэл тусгай албан бичгийн дагуу зөвшөөрөл авах хэрэгтэй. Бид бусад улс орнуудтай харьцуулахад 30 гаруйхан жилийн түүхтэй залуу байгууллага. Тиймээс суралцаж сайжруулах зүйлс олон бий. Манай байгууллага Соёлын яамны харьяанд байдаг учраас улсын болон 21 аймгийн музей, соёлын байгууллага, нийслэл дэх 10 гаруй музейн үзмэрүүдийг хүлээн авч засварладаг. Хувь хүмүүс, цуглуулагчдад хамаарахгүй. Харин хадгалалт, хамгаалалтын зөвлөгөө, мэдээлэл өгч болно.
Зун нь хөдөө, өвөл нь хотод
Өвөлдөө бид музейн үзмэр, дурсгалуудаа байгууллага дээрээ сэргээн засварлаж суурин ажиллана. Харин зуны урин дулаан болохоор хөдөө орших үл хөдлөх дурсгалт зүйлсийг сэргээн засварлах ажилдаа ордог. Булган аймгийн Баяннуур суманд орших Шороон бумбагарын дурсгалын хадгалалт, хамгаалалтын ажлыг бид нэлээд хэдэн жил хийж байна. НТ-ийн VII зууны үеийн Түрэгийн үеийн бунхан юм. 2014-2018 хүртэлх хугацаанд ЮНЕСКО-ийн илгээсэн судлаачид болон сургагч багшийн удирдлага дор судалгаа, хадгалж хамгаалах ажил хийж байсан бөгөөд одоо дангаараа манай байгууллага энэ ажлыг хариуцаж байгаа ч уг дурсгал нь газрын гүнд байдаг тул байгалийн хүчин зүйлийн улмаас жил хугацаа өнгөрөх тусам эвдрэл, гэмтэл маш их үүсч байгаа ч хадгалалт хамгаалалтын ажил үргэлжилсээр байна. Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Их бурхант чулуун дурсгалын сэргээн засварлах ажлыг газар дээр нь очиж хийсэн. Их бурхантын засвар дөрөв таван жил үргэлжилсэн нүсэр ажил болсон доо. Нутгийн айлд ороход зурагтаар нь наадмын реклам гарч байна. Ажил дуусч 11 дүгээр сард гэртээ буцаж ирэхэд шинэ жилийн реклам гараад эхэлсэн байдаг. Хөдөө хээр нэг ажилд төвлөрөхөөр цаг хурдан өнгөрдөг юм.
Хөдөөгүүр хүний болгоомжгүй болон санаатай үйлдлээс болж гэмтсэн хөшөө дурсгал олон тохиолддог. Ихэнх чулуун дурсгал толгойгүй ч байх нь бий. Улс орнууд дайн байлдаантай, газар нутгийн маргаантай байхдаа нэгнийхээ соёлыг устгаж байсны ул мөр байж болно. Харин орчин үед хадны зураг дээр нэр бичих, юм зурах зэргээр соёлын өвөө баллах үзэгдэл их байна. Жишээ нь, Тайхар чулуун дээр VII, VIII зуунаас хойших үеийн түүх соёлын ул мөр асар их байдаг. Ихэвчлэн хад, чулуун дурсгал дээрээс олддог руни бичиг гэхэд л зосоор бичээстэй бий. Монгол, түрэг, төвд гээд олон бичгүүд байдаг ч харамсалтай нь нэлээдийг нь баллаж, дээр нь орчин үеийн будгаар элдвийн юмыг бичиж, түүх соёлоо устгаж байна.
Соёлын биет өв ч гэсэн хүнтэй адил хөгширдөг
Соёлын өвийн насжилтыг Япон, Герман, Америк зэрэг өндөр хөгжилтэй цөөхөн хэдэн оронд технологийн ачаар тодорхойлдог. Харин манайд уламжлалт аргаар тодорхойлж байна. Тухайлбал, танка зургийг хэр хэмжээнд элэгдсэн байгааг хараад мэдэж болно. Язгуур зориулалтаар хэрэглэгдэж ирсэн л бол зул, хүжний үнэр, тортог нэвт шингэсэн байдаг. Манай улсад 2020 оны байдлаар соёлын өвд хамаарах нийт 300 орчим мянган дурсгалт зүйл бий. Үндэсний музейд гэхэд 40-50 мянган үзмэр байгаа. Тэдгээрийн дөнгөж зах зухаас нь цөөхөн хэдийг л сэргээн засварласан байна. Манай Соёлын өвийн үндэсний төвөөс гадна Шинжлэх ухааны археологийн хүрээлэнгийн лаборатори, ШУТИС, МУИС-ийн археологийн лаборатори, Монголын үндэсний музей, “Чингис хаан” үндэсний музей, “Улаанбаатар” их сургууль сэргээн засварлах лабораторитой. Олон улсад мэргэшсэн туршлагатай залуус ч бий. Японд археологийн олдворын хадгалалт, технологи судалгаагаар магистр, доктор хамгаалаад ирсэн М.Оюунтулга Соёлын өвийн үндэсний төвд ажиллаж байна. Монгол зургийн чиглэлээр эх орондоо магистр, сэргээн засварлагчаар Японд докторын зэрэг хамгаалсан О.Ангарагсүрэн байна. Гадаад орнуудад мөн адил энэ чиглэлээр суралцаж байгаа хүмүүс бий. Тиймээс бид энэ чиглэлд олон улсаас хоцроогүй яваа гэж боддог.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.