images

7UP


   7UP бол нимбэгний амттай, кафеин агуулаагүй хийжүүлсэн ундаа юм. Одоогоор эцсийн өмчлөгч нь АНУ-ын "Keurig Dr Pepper" компани боловч олон улсын зах зээл дэх борлуулалтыг нь "PepsiCo" компани хариуцаж байна. Харин энэ ундааг анх зохиосон хүн бол Чарльз Лейпер Григг юм. Тэрбээр "Whistle", "Howdy" зэрэг жүржийн амттай ундааг зохион бүтээсэн, ундааны үйлдвэрт 10 жил ажилласан туршлагаараа 1929 онд нимбэгтэй хийжүүлсэн ундааг бүтээсэн нь 7UP юм. Гэхдээ энэ ундааны анхны нэр “Bib-Label Lithiated Lemon-Lime Soda” бөгөөд тун удалгүй сольж “7UP Lithiated Lemon Soda” болгосон нь мөн л тийм ч богино биш байв. Тиймээс 1936 онд дахин богиносгож өнөөгийн 7UP нэрийг өгчээ. Харин 1940 онд Ч.Григг нас барсан байна. Тэрбээр амьд ахуйдаа яагаад 7UP гэж нэрлэсэн тухайгаа ярьж байгаагүй учраас нэрийнх нь тухай олон таамаг бий. Юуны өмнө, анхны нэр нь литийн агууламжтай гэдгийг нь илтгэж байсны учрыг тайлбарлая. Тухайн үед сэтгэл санааг дэмждэг тул литийн цитратыг сэтгэл гутралын эмчилгээнд тодорхой хэмжээгээр хэрэглэдэг байжээ. Тиймээс Ч.Григг ундааныхаа найрлагад литийн цитрат оруулж "Сэтгэл сэргээнэ" хэмээн сурталчилж байв. Гэхдээ АНУ 1948 онд литийн цитратыг хийжүүлсэн ундаанд ашиглахыг хориглосон юм. Харин хүмүүс 7UP нэрийг pH7 буюу хүчил, шүлтийн харьцаа тэнцвэртэй холбон тайлбарладаг бол уг ундааны pH бусад хийжүүлсэн ундааныхтай адилхан 3.79 аж. Харин ундааны анхны савлагааны хэмжээ долоон унц буюу 200 грамм байжээ. Дээрхээс гадна, анхны найрлага нь элсэн чихэр, хийжүүлсэн ус, нимбэг, нимбэгний тос, жүржийн хүчил, натрийн цитрат, литийн цитрат гэсэн долоон орцтой байсных, "Seven Up" буюу долоон үсгээс нэр нь бүтдэг, лити долоон атомтой зэрэг хэд хэдэн тайлбар бий.