Б.Баярсайхан: Дурангийн мэс засал гэдэг бол тасархай гоё юм
Мэргэжил бүхэн сонин
2024-09-05
“УБ Сонгдо” эмнэлгийн ерөнхий болон дурангийн мэс заслын эмч Б.Баярсайхантай ярилцлаа.
- Юуны өмнө та эмч мэргэжлийг сонгосон түүхээ хуваалцаач?
- Би чинь найман настайгаасаа хойш л мэс заслын эмч болъё гэж мөрөөдсөн хүн. Яагаад гэвэл намайг найман настай байхад аав минь ходоодны хорт хавдраар өөд болсон юм. Би долоон хүүхэдтэй айлын зургаа дахь нь. 1977 онд манай аавын хагалгааг хийхдээ тэр үеийн Цацраг туяаны эмнэлэг хэвлийг нь нээчхээд “Авч чадахгүй юм байна” гээд буцаагаад хаачихсан. Тэрнээс хойш л мэс заслын эмч болъё гэж мөрөөдсөн. Бидний үед арван жил төгсөхөд хүүхдүүдийг дүнгээр нь жагсаагаад эхний хэдийнх нь араар улаан шугам гэж татдаг байлаа. Улаан шугамаас урагш орохын тулд хүн арван жил онц сурах хэрэгтэй болно. Тэгж байж Анагаахын сургуульд шалгалт өгөх эрхээ авна. Улаан шугам давж чадахгүй бол дээд сургуульд шалгалт өгөх эрхээ авч чаддаггүй тийм л социалист нийгэм байв. Тэгээд би арван жил онц сураад 133 хүүхэд жагсахад гуравт орсон. Гэвч конкурс өгөөд уначихсан юм. Тэгэнгүүт нь Сувилагчийн сургууль аваад 45 хоног сурч байтал 1987 оны аравдугаар сард цэрэгт хөөгдлөө. Хоёр жил цэргийн алба хаагаад тэндээсээ конкурс дахиж өгөөд Анагаахын дээд сургуульд орсон. Бид чинь сайн дураараа биш хөөгдөж цэрэгт очсон улс шүү дээ. Тийм болохоор Ардын армийн цэргүүдээс таван хүнд Анагаахын хуваарь өгнө гэхээр нь 66-уулаа шалгалт өгч өрсөлдөхөд тэнцэж орсон. Би цэрэгт аравдугаар сард оччихоод дараа оных нь хоёрдугаар сард эвлэлийн үүрийн дарга болсон юм. Тэгэхэд Сүхбаатарын танхим гэж тусгай өрөө миний мэдэлд ирэхгүй юү. Тэндээ хими, биологийн номоо аваачиж тавиад хоёр жил тэрийгээ л үзсэн. Тэгж байж дээд сургуульд орсон. Ингээд зургаан жил сурсныхаа дараа мэс заслын резидент, мастертаа хоёр жил сураад 1997 онд ерөнхий мэс заслын эмч болж байв. Дараа нь 2009 онд Тайваньд дурангийн мэс заслын курс хийсэн. Үндсэндээ 1995 онд их сургуулиа төгссөнөөсөө хойш тасралтгүй 29 жил мэс засал хийж байна.
- Ерөнхий мэс засал гэдэгт юуг ойлгох вэ. Бусад мэс заслаас юугаараа ялгаатай вэ?
- Мэс заслын эмч болох гэж байгаа бүх хүний анхны алхам нь ерөнхий мэс заслын курс. Энд маш олон төрлийн хагалгаа багтана. Ерөнхийдөө л юм юмыг хийж сурна гэсэн үг. Тэгээд цаашаа мэдрэл, зүрх, бөөр, дуран, хэвлий, цээжнй хөндий гээд нарийсаад явна. Ерөнхий мэс засалд ялгарах юу байх вэ. Бүх л мэс заслын эмч ерөнхий мэс засал хийж байгаа. Хэвлийн хөндийн бүх төрлийн хагалгаа ерөнхий мэс засалдаа орно. Энэ дотор дурангийн мэс засал гэвэл Монголын анагаах ухаанд сүүлийн 30 жил хөгжиж байгаа салбар юм.
- За тэгвэл дурангийн мэс засал юугаараа өөр юм бэ?
- Намайг 1995 онд их сургуулиа төгсөж байхад бүх төрлийн хагалгааг нээлттэй хийдэг байлаа. Хүний биеийг том том зүсэж байгаад л олгой, цөсийг нь авч, ходоод, гэдсийг нь тайрна. Харин одоо бол энэ хагалгаануудыг дурангийн аргаар хийдэг болсон. Дурангийн арга нь юу вэ гэхээр хүндээ хөнөөл багатай, жижиг жижиг зүсэж байгаад эд эрхтэнийг нь авчихдаг, хагалгааны дараах өвдөлт багатай, гоо сайхан талаасаа шарх сорви багатай, давуу тал ихтэй хагалгаа юм. Мөн хагалгааны дараа наалдац үүснэ гэж байхгүй, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргэлт хурдан байдаг. Нээлттэй мэс засал тийм биш шүү дээ. Анх 1990-ээд онд л Г.Нямхүү, А.Отгондалай эмч нар цөсний хагалгааг дурангаар хийж эхэлсэн. Саяхныг болтол тэднээс өөр хүн бараг хийдэггүй байлаа шүү дээ. Одоо бол Монголд бараг аймаг, дүүрэг болгонд дурангийн мэс засал хийдэг болсон нь анагаах ухааны том ололт юм.
- Дурангийн мэс заслыг яаж хийдэг вэ, багаж төхөөрөмж нь ямар вэ?
- Энийг энгийн хүнд товчхон ярьж ойлгуулахад хэцүү юм даа. Дурангийн мэс заслыг хүний хэвлий, цээжийг 0.5 мм-ээс нэг см-ийн гурваас дөрвөн нүхээр цоолж хийдэг. Өмнө нь хэвлийг 4-20 см хүртэл том нээж мэс засал хийдэг байлаа шүү дээ. Одоо жишээлбэл, цөсний хүүдий авлаа гэхэд нэг см-ын хоёр, 0.5 мм-ийн хоёр нүх үүсгээд түүн лүүгээ нарийхан нарийхан багаж оруулж байгаад цөсний хүүдийг нь хэвлийгээс нь гаргаад ирнэ. Манай эмнэлгийн хувьд дурангийн мэс засал хийж байхдаа өвчтөний хэвлий доторхыг 3D дэлгэцээр хардаг. Дурангийн мэс засал бол технологийн асар том дэвшил. Одоо хүртэл энэ төрлийн хагалгааг хийхэд асар их туршлага, зөв зохион байгуулалттай мэс заслын баг, маш сайн технологи, багаж, тоног төхөөрөмж, дурангийн сет байж байж л хийдэг. Түүнээс биш дуран амархан гээд зүгээр нэг хүн орж ирээд хийчихдэг юм биш. Дурангийн мэс заслын сет гэдэгт дэлгэц, хэвлий хийлэгч, хяналтын монитор, цус тогтоодог түлэгч багажууд, гэрэл үүсгэгч, 3D оптик төхөөрөмж гэхчлэн олон багаж орно. Тийм болохоор дурангийн мэс заслын үед харагдац сайн байдаг. Нээлттэй мэс заслын үед бол тэрүүхэн тэнд нь зүсчихээд зөвхөн тэр хавиа л хардаг бол дурангийн мэс заслын үед хэвлий рүү дуран оруулчхаж байгаа учраас хэвлийг бүхэлд нь хардаг. Олгой авлаа гэхэд л тойруулаад элэг, цөсөө хараад, эндээ ийм байна гээд мэдчихнэ. Учир нь, хүний хэвлийг нүүрсхүчлийн хийгээр хийлчихэж байгаа учраас тийшээ оруулсан багажны үзүүр дэх дуран миний хагалгаа хийх талбайг дэлгэцэнд тод харуулж байгаа юм. 3D дэлгэцээр хүний хэвлий доторхыг харахдаа 3D оптик төхөөрөмж буюу кино театрт кино үзэхдээ зүүдэг шиг жижиг хар шил зүүдэг. Манай эмнэлэг ийм дэлгэцтэй учраас бусад эрхтнийг томруулаад судас, эрхтэний байдал маш гоё тод томруун харагддаг. Монголд бараг манай эмнэлэгт л дурангийн мэс заслыг 3D төхөөрөмжтэй хийж байгаа байх шүү. Жишээлбэл, би ивэрхийн хагалгааг ердийн дурангаар гурван цаг, 3D шилтэй бол цаг 30 минутад хийдэг. Хүн богино хугацаанд унтуулгатай байна гэдэг уураг тархинд нь хүртэл сайн байхгүй юу.
- Танайх одоо дурангийн мэс заслаар хэдэн төрлийн хагалгаа хийж байна вэ?
- Бид дурангийн мэс заслаар олон төрлийн хагалгаа хийдэг. Мухар олгой, цөсний хүүдий, элэгний уйланхай авах, нойр булчирхай тайрах, эмэгтэйчүүдийн бүх төрлийн хагалгаа, уушги тайрах гээд олон төрлийн хагалгаа бий, түүнийг бүгдийг нь хийж байна.
- Та хэдэн хүнд хагалгаа хийсэн бол, тоолж байсан уу?
- Би тоолдоггүй. 29 жил болоход 10 мянган хүнд хагалгаа хийгээ байлгүй. Өмнө нь би III эмнэлэгт ажилладаг байсан. Тэр үед Баянгол, Сонгинохайрхан дүүргийн яаралтай мэс заслыг авдаг байсан. Өдөрт тав, арваар нь хагалгаа хийдэг байлаа шүү дээ.
- Мэс засалд гарын ур их чухал байдаг байх. Яаж зүгшрүүлдэг вэ?
- Ганц гарын юм биш л дээ. Анагаахын сургуулийн оюутан байхдаа нохойн дээр хагалгаа хийсэн. Манай энэ эмнэлгийн захирал Бундангийн Болдсайхан бол миний мэс заслын анхны багш. Энэ хүний удирдлага дор хоёрдугаар курсээсээ мэс заслын дугуйлан хичээллүүлээд нохойн дээр олгой, цөс авах, элэг тайрах зэрэг бүх төрлийн хагалгаа хийдэг байлаа. Тэр үед бол нохойн дээр туршилт хийж болдог байсан. Одоо бол хуулиар хориотой. Тэгээд гуравдугаар курсээсээ эхлээд багшийгаа дагаад III эмнэлэгт дадлага хийсэн. Тэр үед хүний мухар олгой авчихдаг байлаа. Тэр болгон л дадлага болно шүү дээ.
Б.Баярсайхан эмчийн ажлын өрөөнд.
- Бие дааж хийсэн анхны хагалгаа нь юуных байсан бэ. Ер нь хэр олон хагалгаанд оролцож байж мэс заслыг удирддаг болдог вэ?
- Олгой авахаасаа л эхэлдэг юм. Би 1995 онд төгсүүтээ III эмнэлэгт очоод намраас нь олгой аваад эхэлсэн хүн шүү дээ. Яагаад гэхээр оюутан байхаасаа дадлага суучихсанаас гадна тэр үед хууль дүрэм ч гайгүй байсан юм.
- Хүмүүс нээлттэй, дурангийн мэс заслын алийг илүү сонгож байна вэ?
- Манайх хувийн эмнэлэг шүү дээ. Нийт хийж байгаа хагалгааны 60-70 хувь нь дурангийн мэс засал байдаг. Улсын эмнэлэгт бага байж магадгүй. Дурангийн мэс заслаар дээр дурдснаас гадна таргалалт, чихрийн шижин, ивэрхий, аарцаг, хярзангийн нөхөн сэргээлт, бөөр шээсний замын гэх зэрэг олон хагалгаа хийдэг. Таргалалтын хагалгааг бид одоохондоо хийж эхлээгүй байгаа. Сонирхуулах юм бол ходоодыг нь тайрч жижигсгэх хагалгаа байна. Ходоод жижгэрснээр хоол бага иднэ л гэсэн үг. Таргалалтын эсрэг олон төрлийн хагалгаа бий.
- Дурангийн мэс засал хэдэн төрөлтэй вэ?
- Ерөнхийдөө энэ мэс засал дөрвөн төрөлтэй. Өмнө нь ярьсанчлан дөрвөн нүх гаргаж мэс засал хийхээс гадна Single incision laparoscopic surgery буюу нэг зүсэлтээр олон багаж оруулж хийдэг төрөл бий. Мөн хүнд байгалиас заяасан нүх сүвээр нь багаж оруулж хийх дурангийн мэс засал гэж байна. Энийг би нэг сургалтад суухдаа олж сонссон юм. Гэхдээ дэлхийд төдийлэн сайн хөгжөөгүй байгаа. Үүнийг жишээгээр тайлбарлавал, ходоодоор нь дуран оруулаад цөсний хүүдийг авах гэх зэргээр ойлгож болно. Жак Мараска гээд хүний хуралд сууж энэ аргын талаар сонсож байсан юм. Дараагийн нэг төрөл нь робот мэс засал. Энэ Монголд хөгжөөгүй л дээ. Энэ бол бидний ирээдүйн хүсэл мөрөөдөл.
Дурангийн мэс засал гэдэг бол тасархай гоё юм. Би анх 2005 онд Сингапурт нэг очихгүй юу. Танилцах аяллаар эмнэлгээс явуулсан юм. Тэгэхэд манай III эмнэлэг ийм хагалгаа хийдэггүй байлаа. Намайг очтол мэс заслын эмч гээд хагалгааны өрөөндөө нэг өдөр байлгав. Тэгэхэд дурангаар цөсний хүүдий аваад, ивэрхий нөхөж байгааг хараад гутарсан. Улс орнууд ингэж хөгжөөд байхад би хаана явна вэ гээд л. Тийм сайхан юм хараагүй хүн чинь гутраад дотроо ингэж бодсон юм. “Би 60 насандаа тэтгэвэрт гарах байх. Тэрнээс өмнө дурангийн ганц хагалгаа хийж үзэх юмсан” гэж. Мөрөөдсөн хэрэг. Ингээд мөрөөдөөд явж байтал 2008 онд манай III эмнэлэгт улсын төсвөөр дурангийн мэс заслын тоног төхөөрөмж суурилуулдаг юм. Дараа жил нь би Тайвань руу курст явж ирээд үндсэндээ дөрөвхөн жилийн дараа анхны дурангийн мэс заслаа хийсэн дээ. Ингэхээр би 15 жилийн турш дурангийн мэс засал хийсэн байна. Би өөрийгөө нүүр бардам “Би дурангийн мэс заслын эмч хөөн” гэж хэлж чадна. 2005 оны мөрөөдөл маань одоо өдөр тутмын ажил болжээ.
- Тайваньд дурангийн мэс заслын курс хийж байхдаа анзаарсан, Монголтойгоо харьцуулж харсан зүйлс юу байв?
- III эмнэлэгт ажиллаж байхдаа би Тайвань, Өмнөд Солонгос, Хятад, Германд мэргэжил дээшлүүлсэн юм. Тэр орнуудын хөгжлийг Монголтой харьцуулшгүй шүү дээ. 2009 онд Тайваньд дурангийн мэс заслаар, 2008 онд Германы Дюбэкийн их сургуульд мэс заслаар явж байхад тэдний, манай нөхцөл байдал тэнгэр газар шиг зөрүүтэй байлаа. Ялангуяа улсын эмнэлэгтэй харьцуулшгүй. Тоног төхөөрөмж дутмаг байсан. Бусад оронд бол мэс заслын өрөөнд бүх тоног төхөөрөмж, оёдлын утас, оёх тоног төхөөрөмж бэлэн. Бүгдийг нь бэлэн өрөөд тавьчихсан болохоор хүн дуртайгаа авч хэрэглээд төлбөр тооцоо нь бодогдоод явдаг. Тэгэхэд тэр үед манай III эмнэлэгт тийм байсангүй. Мэс заслын өрөө хоосон шахуу л байлаа. Харин 2011 онд “Сонгдо” эмнэлэгт ирэхэд хагалгааны өрөө нь яг л миний Тайваньд мэргэжил дээшлүүлсэн эмнэлгийнх шиг байсан. Хагалгааны үед бүх юм бэлэн байна гэдэг хүнд маш том боломж өгдөг. Өвчтөний аюулгүй байдал гээд бүх зүйлд хэрэгтэй.
Гадаадад мэргэжил дээшлүүлж явахдаа багаж, төхөөрөмжийнх нь цаасыг барьж үзээд л, ямар үнэтэй байдаг юм бол гээд зургийг нь авч үлдээд хоцордог байлаа. Монголд байдаггүй, байсан ч цөөхөн байсан үе шүү дээ. Ялангуяа улсын эмнэлэгт бол байхгүй. Бусад оронд гоё юм хэрэглээд байхад бид хэзээ ийм сайхан тоног төхөөрөмжтэй болох бол гээд мөрөөдөж сууна гэдэг бол гутамшиг. Би бол дотроо их гутардаг байсан.
- Ингэж мэргэжил дээшлүүлж явахдаа учирч уулзсан сонин содон түүхтэй хүмүүс байдаг уу?
- 2008 онд Германд мэргэжил дээшлүүлж байхдаа номын санд суугаад “Surgery” сэтгүүл уншиж байв. Тэгсэн чинь түрүүн миний ярьсан Жак Мараско гэдэг Францын мэс заслын эмч 2007 онд 30 настай эмэгтэй хүний цөсний хүүдийг үтрээгээр нь авчихсан тухай нийтлэл оллоо. Бид бол тийм хагалгааг хэвлий цоолж хийж байхад тэр хүн үтрээгээр нь дуран оруулаад хийчихсэн байна шүү дээ. Тэр тухайгаа хагалгаа хийснээсээ хойш нэг жилийн дараа “Surgery” сэтгүүлийн 2008 оны гуравдугаар сарын дугаарт хэвлүүлчихсэн байна. Би ч биширч гүйцлээ. Энэний талаар Английн мэс заслын нийгэмлэгийн тэргүүн “Энэ хагалгааг саран дээр хүн хөл тавьсантай адилтгаж болно” гэж дүгнэсэн байгаа юм. Миний нүд онгойж, орой дээрээ гараад байж байлаа шүү дээ. Тэгээд дараа жил нь Тайваньд дурангийн мэс заслын курс хийж байхдаа өнөө Жак Мараскотойгоо уулздаг юм байна. Сургалтад нь суугаад хамт зургаа дарууллаа. Тэгээд түүнд “Таны нийтлэлийг жилийн өмнө уншсан” гэж хэлж билээ. Хүний байгалийн сүвээр хагалгаа хийхээр ямар ч шарх сорви үүсэхгүй. Шинжлэх ухаан ийм хурдацтай хөгжиж байна шүү дээ. 2007 онд хагалгаа хийгээд 2008 онд сэтгүүлд хэвлүүлээд, 2009 онд сургалт орж байна. Гэтэл намайг тэр Тайванийн сургалтад очиход Япон, Өмнөд Солонгосын эрдэмтэд “Бид энэ мэс заслыг хийгээд үзчихсэн” гээд илтгэл тавьж байгаа юм.
Бас нэг сонин түүх ярья. Би Тайванийн сургалтаас ирээд III эмнэлэгтээ ажиллаж байхдаа Жак гэж, тэтгэвэртээ гарсан франц эмчтэй танилцлаа. Тэр хүн Монголд зүгээр дэмий тэнээд явж байсан. Баян-Өлгийд франц хэлтэй эмч хүүхэн орчуулагчийг нь хийгээд явж байсан юм. Тэгээд надад “Баяраа эмч ээ, энд нэг ийм хүн явж байна. Та танилцаач” гэлээ. Ингээд би 2009 оны наймдугаар сард Жактай танилцаад эмнэлэгтээ авчрав. Францад дурангийн хагалгаа хийсэн анхны гурван эмчийн нэг. Би ч дурангийн мэс заслын өрөө юугаа үзүүлээд, бүр хамт дурангийн хагалгаанд орлоо. Бидний хэрэглэж байгаа юм чинь хөгийн л юм байгаа шүү дээ. Гэтэл Жак эмч манай эмнэлэгт тусалъя гэсэн. Тэгээд Жак бид хоёр хөөцөлдсөөр байгаад 2011 оны гуравдугаар сард 150 мянган еврогийн үнэтэй дурангийн мэс заслын сетийг III эмнэлэгт суурилуулж байсан түүхтэй. Тэр нь дөрвөн ширхэг мэс заслын багажтай. Энэ нь нэг ёсондоо бол дөрвөн хүн дараалаад хагалгаа хийхэд хүрэлцэх багаж төхөөрөмж гэсэн үг. Манай тэр Жак профессор Монголын олон эмнэлэгт тусламж үзүүлж буян хийсэн дээ. Суурийг нь би тавьсан юм. Гуравдугаар сард шинэ төхөөрөмж суурилуулчхаад есдүгээр сард нь энэ эмнэлэгт би хүрээд ирчихгүй юу. Тэгсэн нөгөө багш маань “Би хувийн эмнэлэгт тусалж болохгүй. Зөвхөн улсын эмнэлэгт болно” гээд Дорноговийн эмнэлгээс авхуулаад олон газар дуран суурилуулж өгөөд, нэлээн хэдэн эмчийг Францад аваачиж сургаад, албан ёсны ийм тусламж, үйл ажиллагааны эхлэлийг тавьсан даа.
Анхны 150 мянган еврог би яаж босгосон бэ гэвэл бас түүхтэй. Монголд байгаа “Арева” компанид ажилладаг франц хэлтэй монгол хүүхнүүдийг таньдаг байсан юм. Тэдэнтэй холбоо барьж байж 50 мянган еврог нь тэр компаниас оллоо. Харин 100 мянган еврог нь манай Жак Францаас босгосон юм. Тэр үеийн 150 мянган евро гэдэг их мөнгө. Тийм үнэтэй тоног төхөөрөмжийг би хүн болсон тасагтаа суурилуулж өгчхөөд эхнийх нь хагалгааг Жактайгаа цуг хийчхээд зургаан сарын дараа Б.Болдсайхан эмч маань энэ эмнэлгийг авахад шилжиж ирсэн дээ. Би Б.Болдсайхан багшаасаа 1990 оноос хойш салаагүй. “Сонгдо”-гоос өмнө бид хоёр Улсын III, “Энэрэл” эмнэлэгт хамт ажилласан даа.
Б.Баярсайхан эмчийн ажлын өрөөнд.
- Та ажлын стрессээ яаж тайлдаг вэ?
- Би ерөөсөө стресстдэггүй. Дуртай ажлаа хийж байгаа хүн тийм байдаг юм. Мэдээж хагалгааны хүн хүндрэх шиг стресс байхгүй. Тэр бол хамгийн хэцүү. Бид хүн болгоны амийг аварч чадахгүй шүү дээ. Үхэл амьдралын зааг дээрээс алдах үе байна. Тэр болгонд би стрессээ ямар ч байсан архиар тайлдаггүй. Би найз нөхөдтэйгөө л уудаг. Ажил дээрээ уухгүй, маргааш нь хагалгаа хийх бол уухгүй. Уувал баасан гарагийн орой л шоудана шүү дээ.
Би ер нь байгалиасаа стресс багатай хүн. Хэрэггүй юмыг мартаж чаддаг. Ингээд хэлчихвэл энэ ингэчих болов уу гэлгүй үзэл бодлоо илэрхийлж чаддаг хүн. Дотроо байгаагаа гаргачихдаг. Тэгээд орхичихдог. Энэ бол өөрт их амар. Залуучуудад хэлэхэд өөрийнхөөрөө амьдрах шиг гоё юм байдаггүй шүү. Манай найз нар надад атаархаж үхдэг байхгүй юу. Саяхан шүү бүр, манай хөлбөмбөгийн гурван найз архи уугаад шартчихсан байж гэнэ. Маргааш нь надад ирж үзүүлэнгээ ярьж байгаа юм. Тэгсэн чинь нэг нь согтчихсон ирж ярихдаа “Энэ Монголд нэг хүн л асар аз жаргалтай амьдраад байна” гэж. “Хэн бэ?” гэсэн чинь “Сонгдо”-гийн Баяраа шиг жаргалтай хүн алга” гэсэн гэж байгаа юм. Би бол энд дуртай ажлаа хийдэг. Бидний ажил их гоё. Өдөр бүр өөр хүнтэй уулздаг. Өнөөдөр 15 хүнтэй уулзахад өмнө нь уулзаагүй л 15 хүн байгаа. Тэр хүмүүс надад зовлон жаргалаа ярина, сэтгэлээ уудална. Дандаа шинэ хүмүүстэй уулздаг, сонирхолтой ажил. Бид бол муухайн сэтгэл зүйчээс дээр сэтгэл зүйч болоод байна. Эмч хүн тэр дотроо мэс заслын эмч хутга бариад хүний амьдралыг шийднэ гэдэг маш том юм. Тэр хүний амьдрал, ар гэр надаас хамаарна гэхээр асар том үүрэг хариуцлага байхгүй юу. Тэрнээс айж няцаж болохгүй. Мэс заслын эмч асар зоригтой байх хэрэгтэй. Шийдвэртэй байх ёстой. Хурдан сэтгэдэг байх хэрэгтэй. Энэ бүх дадал 29 жилийн хугацаанд хүнд автоматаар суудаг байхгүй юу. Мэс засал бол нэг тийм удаан, тайван хүний хийгээд байдаг ажил биш. Уянгалбал, бас ч гэж цэгцтэй сэтгэдэг хүний ажил шүү.
- Хагалгааны өмнө сэтгэл санаагаа яаж бэлддэг вэ?
- Хар багаасаа л хийсэн ажил шүү дээ. Номоо үзнэ. Хүнээ үзнэ. Хагалгаандаа бэлдэнэ. Хүнд хүнд хагалгааг бол бодно, шөнө нь зүүдэлж хононо. Миний үндсэн ном бол энэ “Анатомийн атлас”. Ойрд ороогүй хагалгаа байвал энэ номоо сөхөөд харчихдаг юм. Энд хагалгаа хийх учраас тэр хавьд ямар ямар судас, мэдрэл байдаг билээ гээд нэг харчихна.
Ер нь мэс заслын эмчийн сэтгэл хөдлөлийг гаргах хэцүү. Үнэхээр барахгүй. Зохиолч, сэтгүүлч, Улсын Их Хурлын гишүүнийхтэй адилгүй. Эмчийн ачаалал, баяр цэнгэл, сэтгэл гутрал, гуниг, тэмцэл, ялалт, ялагдлыг гаргана гэдэг бол сэтгүүлч зүгээр нэг асуух төдийд гарч ирдэг зүйл биш.
- Таны өчигдөр, өнөөдөр яаж өнгөрөв?
- Өчигдөр өглөө гурван хагалгаатай байсан. Орой 20 цагт дууслаа. Тэгээд харьж унтаад, өглөө ирээд, өчигдрийн хагалгаа хийсэн хүмүүсээ үзэж зөвлөгөө өгчхөөд амбулаторид хүмүүсээ үзээд хатиг, буглаа нээх гэх мэт жижиг хагалгаа хийгээд эмчийн зөвлөгөөндөө орж гарч ирж үдийн цайгаа уучхаад хэдэн хүн үзчихээд л байж байна. Аа харин, улсын эмнэлэгт ажилладаг байсан залуу халуун нас маань бол мэс заслын ширээний ард өнгөрсөн юм. Олон удаа даваа гарагийн өглөө ажилдаа ирээд баасан гарагийн орой харьсан. Шууд тав хоног туушинддаг л байлаа. 42 нас хүртэл миний амьдрал III эмнэлэгт тэгж л өнгөрсөн. Ялангуяа мэс заслын резидент байхдаа эмнэлгээсээ салдаггүй байв. Одоо бол би дороо залуустай. Тэдэндээ зааж сургах хэмжээнд оччихоод байгаа болохоор ачаалал бага. Өмнө нь бол өдөржин том том хагалгаанд тусалж байгаад гарч ирээд, хүнээ үзээд түүхийг нь нээгээд байж байтал дараагийн шөнийн яаралтай хагалгаа орж ирээд л, залуу нас минь онгирч хэлбэл мэс заслын ширээний ард л өнгөрсөн байна. 42 насандаа “Сонгдо” эмнэлэгт ирж байж л нуруу тэнийсэн байхгүй юу. Миний амьдралдаа албан ёсоор жижүүр хийсэн дээд амжилт бол нэг сард 20 удаа байдаг. 20 шөнө эмнэлэг дээр хононо гэсэн үг шүү дээ. Албан ёсных нь ийм байна. Албан бусаар бол бүтэн сар эмнэлэг дээр хоносон байж ч магадгүй. Одоо бол ахмад эмч болоод жижүүр хийхээ больсон. Нөгөөтээгүүр хувийн эмнэлэг учраас улсын эмнэлгээс ачаалал бага.
- Олон хоног жижүүрлэж ажиллах эрүүл мэндэд таатай байдаггүй байлгүй. Та өөрийнхөө эрүүл мэндэд яаж анхаардаг вэ?
- Анхаарах юу байх вэ дээ. Тааваараа л явдаг. 1990-ээд онд манай мэс заслын эмч ах нар тэтгэвэртээ гарч чадахгүй бурхан болдог байсан. Яагаад гэхээр нийгэм тийм байсан. Бээлийгүй хагалгаа хийдэг учраас цус, цусан бүтээгдэхүүнээс элэгний вирусын халдвар авдаг хэцүү үе байлаа. Одоо бол манайхны дундаж наслалт нэмэгдэж байна. Тайваньд байхад тарган хүнд дурангийн мэс засал хийх хэцүү гэдэг байсан юм. Би тэгэхэд 40 настай, 82 кг жинтэй байлаа. Тэгээд 50 хоног гүйгээд найман кг турсан. Одоо бол 15 жилийн хугацаанд буцаад таргалчихлаа. Ерөнхийдөө туранхай хүнд хагалгаа хийхэд бүх судас нь харагдаж байдаг. Өөхтэй хүнийх бол тиймгүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, төвөгтэй.
- Дурангийн мэс заслын хагалгааны үргэлжлэх дундаж хугацаа ямар байдаг вэ?
- Өвчтөний нөхцөл байдлаас л болно. Ийм асуулт надад олон ирдэг. Надад хэлдэг нэг хариулт бий. Би нээлттэй хагалгаагаар хүний мухар олгойг хамгийн богинодоо найман минут, хамгийн уртдаа таван цагт авч байсан. Ингэж л ойлгох хэрэгтэй. Энэ бол бүх мэс засалчийн хийж чаддаг хагалгаа. Зүслээ, авлаа, оёлоо, найман минут. Ер нь мэс заслийн эмч нарт цагийн хязгаар байхгүй. Миний амьдралдаа хамгийн удаан зогсож хийсэн хагалгаа бол 17 цаг үргэлжилсэн. Бүр залуу байхдаа Даваадорж эмч, Золжаргал найзтайгаа гурвуулаа ороод нойр булчирхайн толгой тайрах мэс засал хийсэн нь тэгж удсан. Тэгэхэд ийм төрлийн хагалгааг Монголд бараг анх удаа Даваадорж эмч хийхэд би туслах эмчээр орсон юм. Өглөөний 11 цагт эхлээд шөнө гурван цагт гарч байсан даа.
- Ямар ч завсарлагаагүй юу?
- Тэр үед би тамхи татдаг байсан. Хүн чинь тэгж зогсохоор тамхи татмаар санагддаг юм байна лээ. Тэрнээс өлсөхгүй, ядрахгүй, ам цангахгүй. Тэгэхээр нь шээс хүрлээ гэж гараад өрөөндөө очиж тамхиа татчихаад буцаж ирээд ордог байлаа. Сонирхуулж хэлэхэд, хамрын ханиад хүрчхээд хагалгаанд ороход тэр ханиад хүрээгүй юм шиг алга болдог. Хүн тэгж төвлөрдөг байх нь байна шүү дээ. Би бүр оюутан байхдаа Гэмтлийн эмнэлэгт шээс хүрээд жорлон хайгаад гүйж явтал нэг эмч “Хагалгаанд орох уу?” гэхээр нь дагаад орчихгүй юу. Өглөө 10 цагт тэр мэс засал руу ороод орой 19 цагт гарч ирсэн чинь нөгөө шээс хааччихсан юм бүү мэд. Энэ явдлыг би одоо ч гайхдаг. Нөгөө нусаа гоожуулсан бацаан чинь буруу зөрүү юм хийчих вий гэж бэмбийж зогссоор байгаад шээсээ мартчихсан хэрэг. Тэгэхээр энэ хагалгаа хийнэ гэдэг чинь сэтгэл зүйн асар их төвлөрөл юм.
- Мэс засалтай хоолбоотойгоор иргэдийн дунд байдаг түгээмэл буруу ойлголтууд юу вэ?
- Олон юм бий. Сүүлийн үед “Google”-ээс элдэв юм уншчихаад есөн шидийн юм яриад яваад байна. “Google” гэдэг эмчтэй, хальт мульт англи хэлтэй болчхоод өөрийгөө их мэдлэгтэй гэж ойлгочхоод байгаа юм. Дутуу мэдлэг л хүнд гай болдог. Эмч хүнд ч, энгийн хүнд ч тэр адилхан. Саяхан гэхэд л “Цөсний чулуу авахад хүүдийг нь авалгүй үлдээдэг болсон гэнэ ээ” гэх зэргээр хөндлөн юм яриад л орж ирж байна.
- Улаан мягмар гараг гээд хүмүүс нэг их хагалгаанд ордоггүй гэсэн дээ. Та энийг эмч хүний хувьд юу гэж боддог вэ?
- Хүний сүсэг бишрэлийг хүндэтгэхээс өөр аргагүй шүү дээ. Улсын эмнэлэгт байхад ч ялгаагүй бид мягмар гарагт хагалгаа цөөхөн байдаг болохоор эмч нарын зөвлөгөөн хийгээд төлөвлөгөөгөө гаргадаг байсан. Яаралтай мэс заслыг бол хийж л таарна.
- Таны бодол ондоо юм. Хүмүүс ихэнхдээ үхэх гэж байж өдөр судар, лам хар гэлээ гээд байдаг?
- Залуу байхад тийм онгироо байсан. Хувийн эмнэлэгт ажиллаад 13 жил болоход хүн надад төлбөрөө төлөөд үйлчилгээ авч байхад сүсэг бишрэл, хувийн орон зайг нь хүндэлж эхэлж байгаа юм. Улсын эмнэлэгт бол тэр их ачаалал дунд онгироо сагсуу явсан үе бий. Одоо бол “Та ийм хагалгаанд орно. Өөрөө эмнэлгээ сонгоод, лам бөөтэйгөө яриад, гэрийнхэнтэйгээ ярилцаад ир” гээд явуулдаг болсон.
- Та их уншдаг гэсэн. Таны ширээгээр анагаахын ном дүүрэн байна. Та өөр ямар төрлийн ном унших дуртай вэ?
- Ширээний нүдээр дүүрэн ном байна. Наборын цуглуулга шиг л юм бий. Би олон ном зэрэг эхлүүлж унших дуртай. Энд Тодко Самсоны шүлгийн түүвэр, “Кандид ба өөдрөг үзэл”, “Иван Денисовичийн нэг өдөр”, Коран судар гээд хэд хэдэн ном байна. Би харин түүх сонирхдоггүй юм. “Алхимич”, “1984” гэдэг ч юм уу тийм ном унших дуртай. Гэхдээ би тийм ч их уншдаг хүн биш. Харин уншдаггүй хүний хажууд бол уншдаг. Монгол зохиолчдоос Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрыг унших дуртай. Д.Галсансүхийн шүлгүүд таалагддаг. Том том романд дургүй. “Гунигт янхнуудаа дурсахуй” гэдэг ч юм уу, өөрт таалагдсан юмаа л уншина. Яг одоо бол хөлбөмбөгчин Арсен Венгерийн номыг уншаад талдаа орж байна. Би өөрөө хөлбөмбөг сонирхдог юм. Хар нялхаасаа тоглоод одоо ч ахмадын багт тоглож тэмцээн уралдаанд орж байна. Хөлбөмбөг чинь 35 наснаас ахмадын ангилал руу орно. Одоо би 55-тай хүн шүү дээ. Хүмүүс нас бол тоо гэдэг. Би тийм утопи юманд дургүй. 55 байлаа гээд 45 юм шиг байх гэж өөрийгөө дайчилж чадахгүй. Тэрний төлөө тэгж стрессдэхгүй. Б.Цэнддоогийн нэг гоё үг байдаг юм. “Рембрандтын тэр зураг бол тийм өнгөний хослолтой тийм үнэтэй зураг гэж номоос уншчихаад өөрийгөө битгий эвдэж бай. Тэр зургийг чи заавал ойлгох шаардлагагүй. Өөрийнхөө таашаалыг битгий эвдэж бай” гэсэн байдаг. Би бол Б.Цэнддоо, Баабарыг уншдаг. Баабарыг бол шимтэж уншдаг. Би бол хүнд таалагдах гэж амьдардаггүй эр хүн. Бүр ямар ч хулгайч орж ирсэн би пээдэлзээд л байж байдаг.
Би лам, бөө дээр очиж үзээгүй. Сүсэг бишрэлгүй хүн. Болохгүй бол өөрөө олоод уншаад ойлгочихдог юм. “Бодь мөрийн зэрэг”, “Бурхан багшийн сургаал”, “Агнистын гэгээ”, Далай багшийн бичсэн “Гэгээрэхүйн сэтгэл” гээд бүгдийг нь уншчихсан. Оюутан байхдаа англи хэл сурч байна гээд Библийг хоёр жил гаруй судаллаа. Манайхан бол уншихгүй, судлахгүйгээр лам дээр яваад оччихдог байхгүй юу. Тэгээд би сүүлд Коран судар олж уншья гэж бодоод одоо хажуудаа тавьчхаад хааяа хараад сууж байна.
- Таны хамгийн олон уншсан ном юу вэ?
- Надад олон уншсан хоёр ном бий. Пауло Кэологийн “Алхимич” номыг уншаад хүн бүр уншаасай гэж бодсон. Тэр номын мөн чанар нь хүн амьдралд шунаж зөв сайхан явбал амьдрал гэдэг алт юм гэсэн философи. Би энэ номыг анхны хэвлэлээс нь аваад л, алга болгоод л, худалдаж аваад л уншаад байсан. Дараагийнх нь Дэйл Карнегийн гурван боть.
“Алхимич”-ийг надад хүн бэлгэнд өгсөн юм. Уншаад маш их таалагдсан учраас шинийг худалдаж аваад “Хүсэж тэмцвэл амьдрал алт юм, ухарч няцвал төмөр л юм” гэж бичээд охиндоо өгч байлаа. Мөн миний мэс заслын эмчийн амьдралыг харуулсан ном байдаг. Би Х.Дуламсүрэн зохиолчийн бичсэн “Цагаан нөмрөг” номыг бүтээхэд амьдралын түүхээ ярьж өгсөн юм. Энийг уншвал миний амьдралыг мэддэг хүн бол энэ хэсэгт яг Баяраагийн амьдрал гарч байна гэж мэдэх боломжтой. Үр хүүхэд маань уншвал сайхан юм даа гэж бодоод энэ номыг цоо шинээр нь хадгалаад байж байна даа.
- Та өөр юу сонирхож дурладаг вэ?
- Залуу байхад бол сонгодог хөгжмийг маш их сонсдог байлаа. Залуугийнхаа юмыг ярих их дуртай хүн, би. Бетховен, Вивальди гээд хөгжмийн томчуудын ая явахад танина. Би Германд хоёр удаа очсон юм. Нэгд нь өвчтөн хүргэж, нөгөөд нь сургалтад суухаар очсон. Тэгэхдээ хоёуланд нь дуурь үзсэн. Ойлгодогтоо биш. 2001 онд би өвчтөнөө Германы эмнэлэгт хэвтүүлээд л завтай болчихож байгаа юм. Тэгэхээр нь дуурь үзэж үзье гэж бодоод ангийн охиноо дуудаад Моцартын дуурь үзэж байлаа. Дараа нь 2008 онд “Евгений Онегин” үзсэн. 2009 онд Тайваньд итали гаралтай АНУ-ын хөгжмийн зохиолч Эннио Морриконэгийн амьд хөгжмийн тоглолтыг үзэж билээ. Олон киноны хөгжим бичсэн тэр хүнийг би 1994 оноос хойш шүтсэн юм. Тэр хүний оригинал CD гэхэд манай гэрт долоо, найм бий. Би бусад шиг лаг биш ч өөрийнхөө хэмжээнд цуглуулгадаа Э.Морриконэ, Жэймс Кларкын CD-г цуглуулдаг. Магадгүй би түүний амьд тоглолтыг үзсэн ганц монгол ч байж мэднэ. Э.Морриконэ үнэндээ миний шүтээн учраас тоглолтыг нь үзсэнээрээ бахархдаг. Шөнө унтахдаа аяыг нь тавиад унтчихдаг байлаа шүү дээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.