Л.Одгэрэл: Олимп, ДАШТ-д шүүгчээ явуулна гэдэг тухайн улсын хөгжлийг харуулж байгаа хэрэг
Мэргэжил бүхэн сонин
2024-05-16
Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд Олимпын наадамд шүүгчээр ажилласан эмэгтэй хүн ганцхан байдаг нь олон улсын I зэргийн шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл юм. Тэрбээр тив, дэлхийн тэмцээнүүдийг 12 жил шүүсэн бөгөөд одоо Олимпын наадамд хоёр дахь удаагаа ажиллах гэж байна. ”Мэргэжил бүхэн сонин” буландаа бид түүнээс шүүгчийн ажлын нарийн ширийний талаар асууж ярилцлаа.
- Та энэ спортод анх яаж хөл тавив?
- Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хүүхэд. Багаасаа спортод хайртай, маш сонирхолтой байлаа. Аав, ээж маань волейболын спортын мастерууд. Тэднийг тэмцээн уралдаанд оролцох болгонд өдөржингөө зааланд дагаад явдаг байв. Аймаг, орон нутгийн сургуульд хүүхдүүд спортын дугуйлан, секцэд хамрагдах нь ховор. Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоно уу гэхээс бусдаар мөрөөрөө хичээлээ хийгээд л явдаг байлаа. Харин 1999 онд Хөдөө аж ахуй их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид оюутан болж очиход арай өөр болсон. Эхний семестерээ дуусгаад шууд л жүдогийн Б.Буядаа багшийн шавь болж нэг жил бэлтгэл хийлээ. Удаа ч үгүй байтал Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд орохоор болов. Тэгтэл түрүүлчихсэн. Дараа нь багшийнхаа зөвлөсний дагуу самбо бөхийн төрлөөр ороод хүрэл медаль авчихлаа. Тухайн үед багш маань их урамшсан бололтой “Бөхөөр хичээллэхэд ирээдүй байна” гээд хүчний бэлтгэл хийлгэж эхэлсэн. Тэгэхэд л анх хүндийн өргөлтийн зааланд хөл тавьж С.Хөхөө багштайгаа учирсан юм. Яваандаа тэр багш маань “Чи яг энэ спортоор амжилт гаргах хүүхэд байна” гээд ятгаж эхэллээ. Ингээд хоёр багш маань ч “Чи миний хүүхдийг урвуулах гэлээ” гээд л хэсэгтээ санал зөрөлдөв. Би ч сэтгэлээ дагаад 2002 оноос хүндийг өргөлтийн спортод эргэлт буцалтгүй орсон. Жилийн дараа Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадад болоход очоод мөнгөн медаль авлаа. Монголын хүндийг өргөлтийн холбооны эмэгтэй тамирчин анх удаа медаль авч байгаа нь тэр. Түүнээс хойш тамирчин, дасгалжуулагч, шүүгчийг нь хийгээд энэ спортод 22 жил болжээ.
- Тамирчин хүн яагаад дасгалжуулагч болохоор шийдэв?
- Манай улс Олимпын наадамд тамирчдаа 1964 оноос оролцуулж эхэлсэн түүхтэй. Харин эмэгтэйчүүд 2000 оноос хойш Олимпод оролцох болсон. Тэгэхээр эмэгтэй дасгалжуулагч энэ спортод зайлшгүй хэрэгтэй байсан юм. Манай спортын эмэгтэйчүүд жин хасахад их төвөгтэй. Бусад шиг зузаан хувцас өмсөөд гүйж харайгаад, гам бариад амархан хаячихдаггүй. Хэт их хөдлөхөөр биеийн хамаг булчин зуураад штангаа өргөж чадахгүй болчихдог. Харин саунд орохыг зөвшөөрдөг ч дасгалжуулагч нь заавал тамирчнаа дагаж орох хэрэг гарна. Гэтэл эмэгтэй дасгалжуулагчгүй гэхчлэн олон асуудлууд байсан. Монголд надаас өмнө эмэгтэй хүн дасгалжуулагч хийж байгаагүй юм билээ. Тиймээс 2004 онд Бээжингийн Биеийн тамирын их сургуульд сурахаар явсан юм. Тэнд мэргэшиж ирээд Биеийн тамир, спортын их сургуульд хүндийг өргөлтийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. М.Анхцэцэг, Б.Анхзаяа тэргүүтэй Монголын топ тамирчид Биеийн тамирын дээд сургуулиас хүндийг өргөлт рүү орсон түүхтэй.
- Шүүгч болно гэдэг тамирчин, дасгалжуулагч болохоос дутахгүй нарийн төвөгтэй санагдаж байна. Энэ мэргэжлийг та хэрхэн эзэмшив?
- 2012 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болоход манай улс олон улсын туршлагатай ганц шүүгчтэй байв. Тэр нь манай холбооны нарийн бичгийн дарга. Гадаадаас туршлагатай шүүгч нар ирсэн ч тэмцээн явуулахад хүн хүч яалт ч үгүй дутсан. Би тухайн үед тэмцээний зарлагчаар томилогдож байлаа. Өргөлт болгон дээр тамирчны нэр усыг дуудаж гаргана. Тэмцээний бүх үйл явцыг мэдэж, давхар хянах ёстой. Манайхан “Чи яадаг ч байсан аргыг нь олоод суу” гээд л суулгасан. Дээрээс нь олон улсын тэмцээн учраас англи хэлээр явагдана. Шагнал урамшуулал гардуулах, тамирчны цол гуншинг зөв дуудахад чухал үүрэг хүлээсэн дээ. Тэндээс би олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн яаж явагддаг талаар баримжаа авсан.
Тэмцээн дууссаны дараа би шүүгчийн шалгалт өгөхөөр шийдэв. Ингэхийн тулд олон улсын холбооны сайт руу 100 асуулттай тест цахимаар бөглөж явуулах ёстой. Өмнө нь тамирчин байсан болохоор шалгалтаа сайн өгөөд тэнцсэн. Шалгалтын материалыг засаад, болсон байна гэж үзвэл хариуг дор нь ирүүлдэг юм билээ. Дараа нь шүүгчийн карт, үнэмлэх, формын хувцсаа мөнгийг нь төлөөд захиална. Ингээд 2013 онд, тивдээ ажиллах эрхтэй II зэргийн шүүгч болж, анхны олон улсын тэмцээнээ шүүх болов. Киргизэд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн л дээ. Тив, дэлхийн тэмцээн болгоны өмнө олон улсын холбооноос гишүүн улсууд руу шүүгчид нэр дэвших хуудас явуулдаг юм. Албан ёсоор шүүгч болсон мөртлөө “За даа, намайг тоож авах болов уу даа” гэсэн бодолтойгоор нэрээ өглөө. Тэгсэн анхны урилга маань шууд хүрээд ирсэн. “Одгэрэл ээ, чамд урилга ирсэн. Замын зардал нь нэг сая төгрөг болох юм байна” гэв. Тэр нь надад их мөнгө. Нөхөртөө хэлтэл “Урилга чинь ирсэн байхад явалгүй яадаг юм бэ” гээд л шууд дэмжив. Тэр тэмцээндээ явж ирээд удаа ч үгүй байтал наймдугаар сард Тяньжинд болох Зүүн Азийн наадамд уригдлаа. Олон улсын шүүгчдийн ихэнх нь 3-4 жил ажиллаж байж наадамд уригддаг бол би анхны тэмцээнийхээ ердөө дараа нь урилга авсан маань энэ. Тэгэхээр намайг Киргизэд сайн ажилласан хэмээн үнэлсэн байх.
Сайн шүүгч бусдад хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ чамгүй цаг хугацаа, хөдөлмөр зориулдаг. Ямар ч алдартай тамирчин, Олимпын аварга бай, мэргэжилдээ эзэн болсон сайн шүүгчийг заавал ёсолж хүндэтгэдэг. Зарим тамирчин үг дуугүй, харцаар нь ойлгодог. Тийм шүүгч болохын төлөө зүтгэж л явна.
- Анхны олон улсын тэмцээнээс ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?
- Эх орондоо болсон тэмцээнд ажиллаж туршлагатай болоод авсан ч хилийн чанадад очихоор бүх зүйл шинэ байлаа. Киргизэд намайг дэвжээний шүүгчээр томилсон. Тэнд монгол хэлтэй хүн байхгүй, миний англи хэл ч сайн байгаагүй болохоор хурдхан шиг л учраа олохгүй бол будилчих гээд байлаа. Маш том цочроо болсон. Монгол хүний шартай, аливаа юмны эвийг олох гэж үздэг зан тийм нөхцөлд яалт ч үгүй хөдөлдөг юм билээ. Нөгөөтэйгүүр бүх зүйл нь системтэй, цагийн хуваарийн дагуу болохоор нэг бодлын амар санагдсан.
- Шүүгч хүний тэмцээний өмнөх бэлтгэлийн талаар танаас сонирхьё?
- Тэмцээн эхлэхээс хамгийн багадаа хоёр хоногийн өмнө болох газраа очно. Олон улсын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга шүүгчдэд зориулсан хурал хийнэ. Тэндээ дүрмээ тайлбарлаад, техникийн зөвлөгөөнөөр ажиллах хуваарийг нь өгнө. Харин бид шударга шүүж, тэмцээнийг нэр хүндтэй зохион байгуулах тангараг өргөнө. Тэмцээн эхэллээ л бол шүүгчдийн гарт бүх зүйл ордог. Өндөр зэрэглэлийн шүүгчидтэй тэмцээн дэгтэй, сүрлэг явдаг. Харин шинэ шүүгч олонтой үед назгайрах гээд байдаг ч ерөнхий шүүгчид нь базаад явдаг даа.
- Тэмцээн эхлэхээр шүүгчид хэрхэн ажилладаг вэ?
- Бидний ажил жин үзэхээс эхэлдэг. Тамирчдыг жин дээр зогсоход нь өмсгөлөө зөв өмссөн байна уу, тухайн тамирчин өөрөө мөн үү, халаалтын зааланд гурван дасгалжуулагчтай байна уу гээд наад захын дүрмийг нь мөрдүүлнэ. Тамирчин гарч ирээд штангаа өргөхөд дэвжээний гурван шүүгч тохойны шахалт, хөлний байрлал гээд биеийн бүх хэсгийг нэвт харж шүүнэ. Тамирчин штангаа өргөлөө, өргөлтийг тооцох уу, үгүй юу гэдэг шийдвэрийг тэд гаргана. Хөл тэгшхэн, гар өргөхөд тохой шулуун бол цэвэр гүйцэтгэл гэж тооцно. Ингээд буулгах дохиог өгөхөд өргөлтийг дуусгана. Хэрэв хөлөө буруу тавьсан бол шүүгчид дохио өгөхгүйгээр хүлээж л байна. Тамирчны өмсгөл зүүсгэлийг ч нэг стандартын дагуу барих ёстой. Нуруу нь өвддөг тамирчин байлаа гээд 20 см-ийн бүс зүүгээд ороод ирж болохгүй. Бүгд ижил өргөнтэй бүс зүүнэ. Тохой нь гэмтсэн байлаа гээд жимбийтэл нь боочихсон байвал өргөлтийг тооцохгүй. Ямар ч тохиолдолд бүх тамирчид нэг гараанаас эхэлнэ гэсэн зарчимтай. Хугацаа нэг л минут байна. Нэг минут дуусвал өргөөгүй байсан ч дэвжээнээс буулгадаг. Өмнө нь өргөлтөд хоёр минут олгодог байсан юм билээ. Техник технологи хөгжөөд халаалтын зааландаа байхдаа хэн хэзээ гарахаа мэддэг болчихсон учраас энэ нь хугацаа алдахгүй сайн талтай болсон.
- Нэг тэмцээнд хэчнээн шүүгч ажилладаг вэ. Хоорондоо санал зөрөх тохиолдол бий юү?
- Хүмүүс шүүгчийг ихэвчлэн дэвжээн дээр гарч ирж байгаагаар нь төсөөлдөг. Гэтэл тив, дэлхийн нэг тэмцээнд нийт 45 шүүгч ажилладаг. Гурван бүлэгт хуваагдаад хоёр цагийн зайтай ээлжилж тэмцээнээ шүүнэ. Тухайлбал, цаг, дэвжээ, жюри, бие халаалт, нарийн бичиг, жин үзэх гээд тухайн жинд хэчнээн тамирчин байгаагаас үл хамаарч 15 шүүгч нэг дор ажилладаг гэсэн үг. Өглөө найман цагт эхэлсэн тэмцээнд эхний хэсэг ажиллаад 10 цагаас дараагийн ээлжинд ажлаа хүлээлгэж өгнө. Дөрвөн цаг амраад үдээс хойш буцаад ажилдаа орно. Тэрнээс илүү цагаар ажиллах юм бол анхаарал нь суларна, цалгардана. Дэвжээний гурван шүүгчийн санал зөрвөл ард нь сууж байгаа таван жюри шүүгч ажиллана. Маргаантай шүүлтийн ард дасгалжуулагч нэг удаа challenge card авах боломжтой байдаг. Үүнийг нь жюри шүүгч хүлээж аваад камерт бичигдсэн өргөлтийг давтан үзүүлдэг юм. Тэмцээний талбай өнцөг булан бүртээ камер, тоног төхөөрөмжтэй. Аль тодорхой бичигдсэн өнцгийг олж ухраагаад таван шүүгч дахин саналаа хэлэлцүүлж байж эцэслэнэ.
- Шүүлтэд нөлөө орох бололцоо бий юу?
- Дэлхийн хүндийг өргөлтийн холбоо 198 орныг эгнээндээ нэгтгэсэн. Тэд бүгд олон улсын шүүгчтэй. Ганц дэвжээний шүүгчийн дүгнэлтээр тэмцээний хувь заяа шийдэгдэхгүй. Туршлагатай шүүгч нар хариуцлагатай ханддаг. Харин шинэ, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй шүүгчид өөрийн орны тамирчнаа гарч ирэхэд алдааг нь дарах гээд байдаг талтай. Гэвч түүнийг зүгээр өнгөрөөдөггүй. Наад зах нь зөрчил гаргасан шүүгчийн оноо хасагдана. Ингэхлээр цаашдын тэмцээнд ажиллах эрхгүй болж байна гэсэн үг.
- Шүүгч нарын цалин хөлсний асуудал сонирхол татаж байна?
- Бид нарын цалин урамшуулал нийлээд ч замын зардлаа давдаггүй. Бизнесээр бол энэ нь алдагдалтай төсөл. Би тивийн аваргын тэмцээнд явахад 1000 долларын замын зардал гаргана. Тэр хэмжээний мөнгө буцаагаад авна гэвэл үгүй. Ази тивдээ тэмцээнд яваад ирэхэд зардал харьцангуй бага гарна. Харин Дэлхийн аваргын тэмцээнүүд Европ тивд болдог учраас зардал өндөр. Мэдээж, очоод байрлах байр, хоол ундны зардал зохион байгуулагч талаас гарна.
- Тэмцээн шүүхээс өөрөөр шүүгч нарын үүрэг гэж байна уу?
- Улс орныхоо гадаад харилцааг нуруундаа үүрч явдаг юм байна гэж ойлгосон. Нэг жишээ ярья. 2017 оны ДАШТ-ий үеэр болсон явдал. Тухайн үед Иран, АНУ хоёрын улс төрийн харилцаа төвөгтэй байсан. Тэмцээний шийдвэрлэх мөчид Ираны хүнд жингийн Олимпийн аварга өргөлөө. Түүний өргөлтийг дэвжээний гурван шүүгч тооцтол арын эгнээнд сууж байсан жюри шүүгчдийн ахлагч америк шүүгч тооцсонгүй. Тэгтэл Ираны хөгжөөн дэмжигчид араас орилоод босоод ирсэн. Ундааны сав авч шидээд, нөхцөл байдал эвгүйтээд ирмэгц америкчууд орж ирээд дэвжээг хаагаад зогсчихсон. Үймээн намжихгүй байсанд Ираны хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч хөгжөөн дэмжигч нарынхаа өмнө очоод “Та нар битгий ингээч ээ. Одоо боль” гээд учирлаад гуйлаа. Тэгж байж уур амьсгалыг арайхийн намдааж байгаа юм. Эцсийн дүндээ бүх жюри шүүгч Ираны тамирчны өргөлтөд шахалт орсон гэдэг дээр санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, гар дээрээ тогтоохгүйгээр өргөх байтал маш өчүүхэн агшинд тогтоосон буюу шахалт орсон гэсэн үг. Тэр өчүүхэн агшныг америк шүүгч олж харснаас болоод үймээн дэгдэх шахсан хэрэг. Дэвжээний шүүгчийн алдааг жюри шүүгч нар харсан л бол зайлшгүй мэдэгдэх дүрэмтэй. Тамирчин дэвжээн дээр штангаа барьсан л бол нэг хором ч гар дээрээ тогтоохгүй өргөх ёстой. Хэрвээ тогтоох юм бол түүнийг шахалт гэж үзнэ.
- Шүүгч болж байх үеийн дурсамжтай явдлаасаа хуваалцаач?
- Анх шүүгчийн эрхээ аваад өөрт хэрэгтэй зүйлсээ захиалахад нэг их нэвсийсэн хослол хүрээд ирлээ. Өмсөөд үзсэн чинь нэг л доожоогүй, гоо зүйгүй харагдаад болдоггүй ээ. Тэмцээний танилцуулга дээр бусад эмэгтэй шүүгч нарыг харахад хувцас нь нэг л зохимжгүй харагдаад байдаг. Тэгэхээр нь өөртөө тааруулж хослол хийлгэхээр шийдэв. Олон улсын хүндийг өргөлтийн холбооны сайт дээр шүүгчдийн хувцасны өнгө, код нь байдаг юм. Харин хэмжээг нь өөрчилж болохгүй гэсэн журам байхгүй. Тэгэхээр нь оёдолчин найз руугаа яриад “Өөртөө тааруулж хослол хийлгэхгүй бол дэвжээн дээр ийм хувцастай гарч чадахгүй юм байна. Сэтгэлд нийцэхгүй байна” гээд л учирлалаа. Очоод биеийн хэмжээгээ өгч шинээр хийлгээд харсанд өнгө, хувцасны кодыг нь эвдээгүй хэрнээ яг өөрт таарсан, цэгцтэй болсон юм. Ингээд олон улсын тэмцээнд өмсөөд очлоо. Эмэгтэй хүмүүс л болсон хойно манайхан “Хүүш ээ, Одгэрэл ээ, наадхаа хаанаас авав аа?” гээд л шалгааж гарав. Учраа хэлтэл дөрөв, таван эмэгтэй шүүгч захиалга өгчихлөө. Тэмцээний дараа манай өрөөнд бүгд цувраад зогсчихсон, би оёдолчин найз руугаа утасдаад хүн нэг бүрийн хэмжээг авч байв. Их хөгжилтэй. Одоо бол бүгд өөртөө хослолоо тааруулаад өмсчихдөг болсон доо. Дэлхийн дэвжээн дээр гарахад монгол эмэгтэй хүнийг хүмүүс надаар төсөөлнө. Тиймээс биеэ зөв авч явахыг хичээдэг. Хувцас нь товчлогдохгүй, нүүрэндээ батгатай, үс нь арзайсан байж болохгүй.
- Улс орнууд олон улсын шүүгчтэй байхын давуу тал юу вэ?
- Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээ явуулна гэдэг тухайн улсын хөгжлийг харуулж байгаа хэрэг. Мөн шүүгч нар гадагшаа явахаараа олон улсын холбоодтой танил болдог. Тэдэнтэй ярьж хөөрч улсдаа ашигтай ажил бүтээнэ. Би ч ийм ажил хийдэг, зөвхөн тэмцээн шүүгээд явдаггүй. Нэг газар тэмцээн боллоо гэхэд тэр холбооны ерөнхийлөгч, нарийн бичгийн даргатай нь тамирчдынхаа зардал мөнгийг шийдүүлэхээр ярина. Тамирчид маань байр, хоолоо даалгасан тохиолдолд зардлынхаа 70-80 хувийг шийдчихэж байгаа юм. Замын зардал бүтээгээд авах нь ч байна.
- Олон улсын эмэгтэй шүүгчид хоорондоо сайхан найзална биз?
- Английн Хитэр Аллисон, Грекийн Илиана Папаеориюу, Хятадын Мэн Бо гээд л сайхан найзууд олонтой болжээ. Орон орны таньдаг шүүгчдээ бүгдийг нэрлэ гэвэл дуусахгүй болов уу. Цар тахлын үеэр хоёр жил тэмцээнд яваагүй учраас шүүгч найзууд нэгнээ их үгүйлсэн байна лээ. Интернэтээр холбоо барихаараа “Ямар уйтгартай байна аа. Бидний амьдрал, нөхөрлөл дэвжээн дээр байсан юм байна” гэж ярилцдаг байв. Цар тахлаас хойш уулзаагүй Хойд Солонгосын шүүгч найзтайгаа сая Ханжөүгийн наадам дээр таараад бөөн баяр болсон. Нэгнээ хараад бараг уйлах шахсан шүү. 2019 оноос хойш Хойд Солонгосын оролцсон анхны тэмцээн нь Ханжөүгийн наадам байгаад, бүх төрлөөр хүчтэй орж ирсэн дээ.
- Тэмцээн шүүж байхдаа монгол тамирчидтайгаа хэр таарч байв?
- Таарах нь байтугай шагнал гардуулж байсан бол яахав? (инээв) Монгол шүүгчийг монгол тамирчинтай тааруулахгүй гэсэн дүрэм байхгүй. 2013 онд Зүүн Азийн наадамд Гавьяат тамирчин Н.Баярмааг медалийн төлөө өрсөлдөхөд таарч байлаа. Тэр үед миний алга хөлөрч байсан. Монголынхоо тамирчныг сайн өргөөд медаль авчихаасай гэж бодсоных байх. Гэхдээ дотроо “Сайн өргөх нь Баярмаагийн ажил. Сайн шүүх нь миний үүрэг” гэж бодсон. Хэн хэн нь Монгол улсаа төлөөлж байгаа, хариуцлагатай байх ёстой гэдгийг ухамсарласан. Баярмаа маань ч ажлаа сайн хийж мөнгөн медаль авсан, би үүргээ сайн гүйцэтгэсэн. Тэрнээс хойш “Манай тамирчин гараад ирлээ, дэмжээд өгвөл сайн явна даа” гэх бодлыг толгойноосоо авч хаясан. Эсрэгээрээ манай тамирчид над дээр ирээд “Сандраад л гараад ирэхээр таныг өөдөөс хараад сууж байхаар тайвширдаг. Монголдоо ч байгаа юм шиг санагддаг” гэдэг юм. Дэлхийн дэвжээ гэдэг ямар ч тамирчныг чичрүүлдэг. Тэр олон мундаг тамирчин халаалтын зааланд байхдаа сандардаг, нэрийг нь дуудахаар бүр салгалдаг гээд бод доо.
- Танд онцгой сэтгэгдэл үлдээсэн газар орон, тэмцээн юу байв?
- Улс орон болгон өөр мэдрэмж, дурсамж үлдээсэн байна. Арабын орнууд руу гурван удаа явжээ. Хамгийн сүүлд Саудын Арабын Эр-Рияд хотод ДАШТ болоход очсон. Саудын Араб исламын шашинтай улс ч гэлээ Эр-Рияд хотод алчуур, гивлүүргүй явж болдог учраас төвөггүй байлаа. Хэдэн шүүгч тэмцээнээ дуусгаад буудлынхаа ойр орчмоор дэлгүүр хоршоо ороход гудамжаар дүүрэн эрэгтэйчүүд биднээс харцаа салгахгүй байсан. Нэг бодлын айдас төрмөөр юм билээ. Алчуур, гивлүүргүй, зүс буруу хүмүүс байхаар содон харагдсан байх. Өмнө нь 2016 онд Иран руу Риогийн Олимпын эрх олгох тэмцээнд явж байлаа. Нэр дэвших хуудас ирэхээр нь сүртэй ч юм бодолгүй нэрээ өгсөн чинь сонгогдчихсон юм. Очихын өмнө бол зохион байгуулагчид “Та өөрөө алчуураа авч ирээрэй” гэсэн зааварчилгаа өгсөн юм. Тегеранд онгоц газардтал хэн хүнгүй бүгд алчуураа гаргаж ирж зүүсэн. Долоо хоног тэнд ажиллахдаа би алчуурнаасаа салаагүй. Буцахдаа онгоцонд орж ирэв үү, үгүй юу алчуураа санд мэнд тайлж нэг санаа амарсан. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ. Тэр тэмцээн Олон улсын хүндийг өргөлтийн холбоонд маш том цочроо болсон гэдэг. Исламын шашинтай улсад анх удаа олон улсын эмэгтэй шүүгч очсон нь монгол эмэгтэй байж таарсан. Бүх орон руу нэр дэвших хуудас явуулахад хоёр америк эмэгтэй нэрээ өгсөн боловч ирээгүй. Тэмцээн болгоны өмнө шүүгч нарыг дэвжээн дээр гаргаж танилцуулдаг даа. Намайг гараад ирсэн чинь бүгд чив чимээгүй болчихсон. Заал дүүрэн эрэгтэйчүүд сууж байсан юм. Тэр дэвжээн дээр надад яг л монгол бөхчүүдтэйгээ зэрэгцээд зогсож байгаа юм шиг мэдрэмж төрсөн. “Мrs.Odgerel, from Mongolia” гээд зарлах үед бүгд нижигнэтэл алга ташлаа. Би ч нэг их гүнзгий амьсгаа аваад дотроос огшоод ирсэн. Тэгэхэд намайг ганцаараа очсон болохоор Ираны хүндийг өргөлтийн холбоо одоо ч хүндэтгэлтэй ханддаг. Ерөнхийлөгч нь “Таныг Иран улсад ирсэнд талархаж байна” гээд, эмэгтэй тамирчдаа бэлтгэж эхэлсэн тухайгаа бичсэн талархлын захиа ирүүлж байв. Иран бол хүндийг өргөлтийн том түүхтэй орон. Олимпын олон аваргатай, бөхийн спорттой нь эн зэрэгцэж явдаг.
- Ираны эмэгтэй тамирчид одоо тив, дэлхийд чамгүй амжилт гаргаж байна даа?
- Исламын шашинтай эмэгтэйчүүдийг өмнө нь Олимпод оролцуулдаггүй байсан. Манай спортын өмсгөлийг тэд зөвшөөрдөггүй учраас. Олон улсын хүндийг өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлд намайг 2017 онд нэр дэвшээд ороход яг энэ асуудал яригдаж эхэлсэн юм. Таван тивээс тус бүр нэг шүүгч салбарынхаа эмэгтэйчүүдийн төлөө ажиллахаар сонгогдсон. Исламын шашинтай эмэгтэйчүүд хүндийг өргөлтөөр хичээллэхэд хувцасны хувьд ямар нэг саадгүй байх ёстой учраас тэдэнд зориулан шинэ загвар гаргасан юм. Өмсгөлийг битүү энгэртэй, нэг ижил хар өнгийн болгож, триког нь илүү чөлөөтэйгөөр шийдсэн. Ингээд тэд хэдхэн жилийн дотор тив, дэлхийн аваргаас медаль авч, бахдам амжилт үзүүлсэн дээ.
- Олимпод ажиллах шүүгч ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
- Нэр дэвших болзлыг хангахын тулд хамгийн багадаа дөрвөн ДАШТ шүүнэ. Хүндийг өргөлтийн ДАШТ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн бүх ангиллаар явагдана. Нэг жилд гурван ДАШТ өлхөн болдог. Өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн тамирчин залуучуудын төрөлд ороод медаль авах ч боломж бий. Хэмжигдэхүүнтэй спорт гэдэг өөрөө ийм онцлогтой. Хажуугаар нь тивийн аварга, олон “Гран При” тэмцээнүүдэд идэвхтэй оролцох ёстой. Олимпын эрхээ авахын тулд би 10 гаруй тэмцээнд явсан. Тэмцээн болгонд ур чадвар маань ахиж, өөрийгөө идэвхтэй, туршлагатай шүүгч гэдгээ бусдад харуулж чадна.
- Таны анхны ажилласан Олимп бол “Toкио 2020”. Энэ Олимпод шүүгчээр ажиллах болсон шийдвэр хэзээ, хэрхэн гарав. Та өөрөө хэр хүлээсэн бэ?
- Олимпын урилга ирэхгүй удахад жаахан хямардаг юм билээ. Нөхөр маань тэр үед “Чамайг урихгүй бол өөр хэнийг урих вэ. Ирнэ ээ, тайван хүлээ” гэдэг байв. Олон сайн шүүгчтэй өрсөлдөж байгаа гэж бодохоор мэдрэмж нь холдчихдог юм билээ. Токиогийн Олимпын өмнө Тайландад ДАШТ болсон юм. Олимпод ажиллах шүүгч нар тэр үеэр урилгаа аваад л байв. Гэтэл минийх байдаггүй. Тэмцээн ч дуусаад, ерөөсөө асуумаар санагдаад холбооны удирдлагын өрөө рүү давхиад орчихлоо. Удирдах хүмүүсийн ихэнх нь сууж байна. “Зарим хүн хариугаа сонссон байна. Миний хувьд нормоо хангалттай биелүүлсэн. Яасан бэ?” гээд асуутал “Сонгогдоогүй ээ” гэж байна. “Яагаад?” гэтэл “Танай холбоо жилийн татвараа төлөөгүй байна” гэв. Олон улсын холбоодын жилийн татвар нь 500 доллар байдаг юм л даа. Өндөр зэрэглэлтэй өчнөөн олон шүүгч өрсөлдөж Олимпын эрх авдаг байтал тиймхэн асуудал дээр гацдаг байна. Шууд гараад явах гэснээ болиод “Манай холбоо татвараа төлөөд, ДАШТ-д тамирчдаа оролцуулаад, хүрэл медаль авсан” гэж тайлбарлатал “Шийдвэр түрүүлж гарсан” гэв ээ, бүр. Тэгэнгүүт нь “Та нар бидэнд хэлэхдээ “Энд тэмцээн шүүж байгаа бол эх орноо март. Чи бол олон улсын холбооны шүүгч. Энд эх орноос хамааралтай зүйл байх ёсгүй” гэж хэлдэг. Би ийм зарчмаар явж ирсэн. Өөрийн орны тамирчдын төлөө биш олон улсад үнэнч шударгаар ажиллаж ирсэн байхад холбоо 500 доллар төлөөгүйн төлөө намайг ингэж байгаа юм уу?” гээд л гараад явчихсан. Тэгээд гэртээ ирээд хоёр сар хэнтэй ч уулзаагүй, хэнд ч гомдоллоогүй. 2012 оноос Олимпын шүүгч болно гээд зорьсон хүсэл маань хормын төдийд үгүй болж байгаа юм шиг, шударга бус санагдаж байлаа.
Дараа нь нэгдүгээр сард Ташкентийн ДАШТ-д урилга ирэхэд нь яваагүй юм. Тэгтэл манай шүүгч нар тэмцээнээ дуусгаад над руу видео дуудлага хийв. Утсаа автал бүгдээрээ “Сайн уу, Одгэрэл ээ. Бид чамайг санаж байна. Яагаад ирсэнгүй вэ?” гэхээр нь “Хувийн асуудалтай, завгүй байлаа” гээд инээгээд өнгөрөөв. Тухайн үед бага хүү маань гэдсэнд байсан юм. Ингээд сарын дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-нд урилга ирсэн. Ингэснээр Монголын хүндийг өргөлтийн спортоос хамгийн анхны Олимпын эрх авсан эмэгтэй шүүгч болсон доо. Хожим мэдэхнээ, миний асуулт тавиад гарч явсны дараа холбоо яг энэ асуудлаар хуралдсан юм билээ. Бусад улсын холбоо мөнгөө хоцроож төлснөөс үүдсэн ийм асуудал өмнө нь нэг бус удаа тохиолдсон учраас тийм шийдвэр гаргасан байх. 2019 онд ирэх ёстой урилга маань ингэж жилээр хоцорч ирсэн түүхтэй.
Би юманд түрүүлж хошуу нэмээд байхыг боддоггүй. Гэхдээ үнэн шударга зүйл дээр дуугүй суумааргүй санагддаг. Парисын эрхийг хүлээж байхдаа ч мөн Олимпод нэг удаа ажилласан гээд өнжөөчих вий гэж айж байсан. Энэ зуны Олимпод Ази тивээс Монгол, Тайланд, Япон, Казахстаны хүндийг өргөлтийн дөрвөн эмэгтэй шүүгч ажиллана.
- Анх удаа Олимп шүүж байгаа хүнд юм юм л тохиолдсон байх даа?
- Токиогийн Олимпын таван финалыг шүүсэн. Шүүгчдийн А группыг ахалж медалийн өргөлтүүдийг шүүсэн юм. Сэтгэлд үлдсэн нэг явдлыг ярья. Эмэгтэйчүүдийн 64 кг-ийн аваргын төлөө өрсөлдөж байсан Өмнөд Солонгосын тамирчин хамгийн сүүлд, хамгийн хүнд кг-ийн захиалга өглөө. Тэгээд эхний өргөлтөө шахалттай өргөчихсөн. Агшны төдийд л гар дээрээ тогтоочихгүй юу. Би тэрийг нь анзаарсан болохоор улаан товч дарав. Гэтэл миний хоёр талын шүүгч тооцчихлоо. “Анзаараагүй юм байх даа” л гэж бодож байтал араас жюри шүүгч тэмцээнийг зогсоох дохио өгөв. Дүрэм ёсоор ухрааж бичлэг үзтэл миний зөв болж таарлаа. Тэгтэл нөгөө тамирчин маань шоконд орчихсон. Дараагийн өргөлтөн дээрээ бүүр суларсан байв. Тэгээд өмнөхөөсөө ч долоон дор алдаа гаргачихдаг юм. Сүүлийн буюу гурав дахь өргөлт дээр сэтгэл санаа нь бүр дордчихсон орж ирээд штангаа цээжин дээрээ аваад л алдчихсан. Тэгмэгцээ газар сөхрүүтээ “Та яаж байгаа юм бэ?” гэсэн харцаар өөдөөс хараад уйлчхаж байгаа юм. Олимпод түрүүлэх гэж байсан тамирчин байраа алдаад, энэ хүртэл явж ирсэн нөр хөдөлмөр нь хайран болчихоор хүнд яаж амар байх вэ. Би бол ажлаа л хийсэн байдаг. Тэгтэл халаалтын заалнаас Америкийн тамирчин орилоод босоод ирдэг юм байна. Хэдий бага жин өргөсөн ч тэр тамирчин цэвэр гүйцэтгэлтэй учир урагшлаад хүрэл медаль авахаар болчихгүй юу. Спорт гэдэг бол нэг хүний ялагдал, нөгөө хүний ялалт л байдаг. Тэмцээн дуусаад шагнал гардуулсны дараа Америкийн дасгалжуулагч нар ирж бөхийж мэндлээд гар барьсан. “Таныг ажлаа сайн хийсний хүчинд бид медальтай боллоо” гэсэн бол Өмнөд Солонгосын шүүгч нар “Манай дасгалжуулагч нар үүнийг сайн тооцох байсан юм. Гомдох юм байхгүй шүү. Зөв шүүсэн” гэж хэлсэн. Одоо тэр тамирчинтай таарахаараа сайхан мэндлээд өнгөрдөг.
Шүүгч муухан сэтгэл зүйчээс илүү, тамирчдыг харц, хөдөлгөөнөөр нь мэддэг болчихдог юм. Амьсгааг нь сонсож болдог, бүр эвгүйтээд ирвэл тохой мултрах үеийг нь хүртэл сонсдог.
- Тэр Олимпод Монголоос өөр ямар шүүгч ажиллав?
- Токиод бокс, жүдо, харваа, хүндийг өргөлтийн төрөлд дөрвөн монгол эмэгтэй шүүгч ажилласан юм. Анх удаагаа бүр дөрвөөрөө оролцсон нь монголчуудад шүүгч гэж хэн болохыг илүү таниулж өгсөн. Шүүгчийн нэр үргэлж тэмцээний хойно явж байдаг. Гэтэл тэмцээнийг явуулдаг хамгийн чухал хүмүүс тэд байдаг. Монголд Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч гэж цол байна. Тэр дасгалжуулагч, тамирчдыг гавьяатай болгохын төлөө ард нь ажилласан дэмжигчид, менежмэнт хийсэн хүмүүс бий. Гэтэл тэдний гавьяа хэзээ ч яригддаггүй.
- Шүүгчийн ажилд насны хязгаар бий юү?
- Шүүгч хийх хүн насанд хүрсэн байх ёстой. Дээшээ бол насны хязгаар байхгүй. Манай хүндийг өргөлтөд 92 настай шүүгч байна. Тамирчнаас эхлээд шүүгч хүртэл тэр хүнд хийгээгүй юм байхгүй. АНУ-д амьдардаг ливан хүн. Бид нар Баба Харри гэж хочилдог, бүгд халзан толгойн дээр нь үнсэж өхөөрддөг юм. Намхан нуруутай, цүнхээ барьчихаад тэгшхэн гэгч нь сүрхий сайхан алхаж явна. Жюри шүүгчээр суулгахад ч ажлаа чин сэтгэлээсээ хийгээд л явдаг. Тэр үүнийгээ аз жаргал гэдэг юм.
- Танд зааж зөвлөх багш, мөн бэлтгэж байгаа шавь бий юү?
- Гансүх багш маань 2016 онд өөд болсноос хойш би зааж зөвлөх ямар ч хүнгүй явж ирсэн. Бүх зовлон жаргалыг нь туулаад ирчихсэн учраас одоо Баярцэцэг гэдэг залуухан эмэгтэй шүүгчийг дагуулж, зааж зөвлөж явна. Би тэр хүүхдийг хөтөлж, надаас илүү хурдан явах ёстой гэж боддог. Олон улсад данстай болохын тулд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зардаг юм байна. Хүмүүс “Одгэрэл ганцаараа л яваад байх юм” гэдэг. Яваад байна гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөх гээд л зүтгээд байна гэсэн үг. Нэг явчхаад дараа нь өнжвөл мартагдана. 2012 оноос хойш ингэж уйгагүй явжээ. Миний хүсэл мөрөөдөл Олимпын дэвжээн дээр шүүх байсан бол хоёр дахь удаагаа үүнийгээ биелүүлж чадсан.
- Спортод амьдралаа зориулж яваа эмэгтэйчүүдэд ар гэрийн дэмжлэг чухал байх?
- Эмэгтэй хүн спортын ертөнцөд дангаараа манлайлах төвөгтэй. Намайг ажлаа хийхэд нөхөр маань урам, хүч өгдөг. Миний хувьд нэгдүгээрт гэр бүл байдаг. Нэгнийхээ зорилго, мөрөөдлийг дэмждэг бол гэр бүл аз жаргалтай, тогтвортой байна. Нөхөр маань намайг дэмждэггүй байсан бол би спортын карьераа хаячихсан байгаа. Тэмцээндээ явж ирсэн үедээ гэр бүлдээ цагаа зориулах нь надад сайхан байдаг. Намайг явах үед хань минь гэр бүлээ харж хандана. Хоёр ээж маань ч миний нөхөрт хань болдог. Би өөрийгөө аз жаргалтай эмэгтэй гэж боддог доо.
- Ярилцсанд баярлалаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.