Америк: Хятадад суугаа төрийн байгууллагын ажилтнууд хятад иргэдтэй дотносохыг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2025-04-04
АНУ-ын Засгийн газар Хятадад суугаа төрийн байгууллагын ажилтнуудаа хятад иргэдтэй болзох, дотно харилцаанд орохыг хориглосон тухай “The Associated Press” агентлаг мэдээлэв. Энэ журмыг АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд асан Николас Бөрнс өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгөхийн өмнөхөн танилцуулсан байна. Журамд Бээжин дэх Элчин сайдын яам, Гуанжоу, Шанхай, Шэньян, Ухань болон Хонконг, Макао дахь консулын газрын ажилтнууд хамрагдах ажээ. Хятадын иргэнтэй нэгэнт дотно харьцаатай болсон хүмүүс нэг бол сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх, эсвэл харилцаагаа таслах шаардлагатай болж байна. Харин Хятадаас өөр оронд суугаа ажилтнуудад энэ журам хамаарахгүй ажээ. Энэ журмыг албан ёсоор зарлаагүй ч Хятад дахь АНУ-ын Засгийн газрын албан тушаалтнуудад амаар болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн бөгөөд журмыг зөрчсөн ажилтнуудыг Хятадаас нэн даруй гаргахаар журамласан байна. Хятадын Засгийн газар Америкийн дипломатчидад ойртож, мэдээлэл олж авахад залуусын гоо үзэсгэлэн, үерхэл нөхөрлөлийг ашиглаж байгааг Америкийн тагнуулын мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн дэлхий даяарх тагнуулын агентлагууд нууц мэдээлэл олж авахын тулд дур булаам эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ашигладаг байсан нь Хүйтэн дайны үед ч түгээмэл байсан тухай тус агентлаг онцолсон байна. Тагнуулын төв газрын шинжээч асан Питер Маттис “Өнгөрсөн хугацаанд Хятадын тагнуулын ажилтнууд тус улсад сууж байсан Америкийн дипломатчидыг ашигласан хоёр тохиолдол гарсан” гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.