images

Нойрны эмч Д.Шүрэн: Нойр сойх бол нойрны эмгэгийн хамгийн сайн эмчилгээ


   Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт Дэлхийн нойрны өдөр тохиодог. Анх энэ өдрийг “Бөх унтаж, цовоо амьдар” гэсэн уриатайгаар 2008 оны гуравдугаар сарын 14-нд тэмдэглэсэн байна. Энэ бол дэлхий нийтээрээ чанартай нойр чухал болохыг ухамсарлан, үүнтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулж эхэлсний нотолгоо билээ. Тэгвэл Монголд нойрны эмгэгээр өвчилсөн хүмүүсийг оношилж, эмчилдэг төв ганцхан байдгийг зорин очив. Тэр бол “Чингис хаан” музейн замын урд байрлах Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг доторх Нойрны төв. Энд нойроор мэргэшсэн хоёр эмч ажиллана.

   Эмнэлгийн тавдугаар давхарт гарвал Нойрны төв байх бөгөөд ногоон өнгийн ханан дээр, бөх унтаж амрахад туслах арван зөвлөгөөг бичжээ. Хүн шөнийн нойроо сайн авья гэвэл, өдөр тутмын цагийн хуваарьтай байж кофены хэрэглээгээ багасган компьютер, телевизээ унтрааж, унтахаасаа өмнө хэт их идэхгүй, гэхдээ хоосон ходоодтой унтахгүй байх ёстой бөгөөд дасгал хөдөлгөөн тогтмол хийж, унтахаасаа өмнө шингэний хэрэглээгээ хязгаарлан, унтлагын өрөөгөө аль болох харанхуй, чимээгүй байлгахад анхаарч, унтахад тухтай гудас, ор, дэр сонгож унтах, сэрэх цагаа амьдралын хэмнэлдээ тохируулах хэрэгтэй гэнэ.

   Нойрны төвд амбулаторийн үзлэг хийлгэхээр ирсэн хүн олон байх бөгөөд үзлэгийн цагаа хүлээн дугаарласан байлаа. Хоёр эмчийн нэг нь уг үзлэгийг хийж, нөгөө нь шөнө нойрны бичлэг хийлгэсэн хүний шинжилгээг уншиж байгаа аж. Иймээс шинжилгээний үр дүнг уншин онош тодруулахаар суугаа ТТАХНЭ-ийн Нойрны төвийн эмч Д.Шүрэнтэй уулзлаа. Тэрбээр Нойрны төвийнхөө үйл ажиллагааг танилцуулж, олон хүн үзлэг хийлгэхээр ирсэн байгаагийн учрыг юуны өмнө тайлбарласан юм. Монголчууд хэн нэгэн нь нойргүй болсон гэвэл “Мэдрэлийн ядаргаа болжээ. СЭМҮТ-ийн Ядаргааны тасагт хэвт” гэдэг. Өөрөөр хэлбэл, нойр судлалын шинжлэх ухааны мэргэшсэн төв ажилладгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ төв нээгдээд даруй таван жил болсон байна. Энэ хугацаанд амбулаторийн үзлэгийг эс тооцвол нарийн шинжилгээ болох, унтах үйл явцыг нь шөнөжин бичдэг нойрны бичлэгийг 600 орчим хүнд хийсэн байна. Тус төвийг олон хүн мэдэхгүй ч орон даяарх улсын эмнэлгийн эмч нар сайн мэдэх тул нойрны эмгэгтэй гэж үзсэн өвчтөндөө зааж явуулах нь түгээмэл, харьяалал харгалздаггүй, эмч, сувилагч, техникийн ажилтан цөөхөн, шинжилгээний тоног төхөөрөмж ганцхан, амбулаторийн үзлэг удаан хугацаанд үргэлжилдэг зэрэг шалтгаанаар үзлэг, шинжилгээний цаг хоёр сарын өмнөөс дүүрэх нь тогтмол аж. Энэ талаар Д.Шүрэн эмч “Нойрны эмгэг, түүнээс шалтгаалсан нойргүйдэл зэрэг янз бүрийн зовуурьтай хүмүүс манайд ирдэг. Нойрны эмч амбулаторийн үзлэг хийж, шаардлагатай хүмүүсийг төв дээрээ нойрны эмгэг илрүүлэх шинжилгээнд оруулдаг. Шинжилгээний багаж нь манайд ердөө ганц бий. Нойрны олон үйлдэлт бичлэг гэдэг багажаар нэг шөнө унтуулж байгаад шинжилгээ хийнэ. Харин амбулаторийн үзлэг нь бусад өвчнийхтэй ижил 15-20 минутад дуусахгүй, дор хаяж 30-40 минут болдог” гэлээ.

   Хэрвээ тус төвд хандсан хүнийг амбулаторийн үзлэгээр нойрны эмгэгтэй байж магадгүй гэж үзээд нарийн шинжилгээ хийж, хяналтад авбал нэг өвчтөнд зарцуулах хугацаа их. Шөнийн турш өвчтөний нойрыг бичихэд сувилагч, техникч хоёр үйлдлийг нь хянаж цурам хийхгүй хонодог байна. Үүний дараа эмч шинжилгээг нь 5-6 цагийн турш нэг секунд ч алгасалгүй уншдаг аж. Энэ талаар Д.Шүрэн “Нойрон дунд нь яг ямар процесс болоод байгааг минут, секундээр нь уншиж үнэлнэ. Ганц нойртой холбоотой тархины цахилгаан бичлэгийг бус түүнтэй холбоотой зүрх судас, амьсгалын систем, булчингийн үйл ажиллагаа, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ гэх зэрэг арав хориод зүйлийг зэрэг хянаж үнэлдэг учраас шинжилгээ маань ч, үнэлгээ нь ч нарийн төвөгтэй” хэмээв.

   Тэгвэл нойрны эмгэг гэдэг нь зөвхөн нойргүйдэл биш бөгөөд түүнийг үүсгэгч бүлэг эмгэг ажээ. Шөнийн турш хурхирч амьсгал тасалдах, хөл, гар үечилж хөдлөх, нойрондоо босож явах, дуугарах, юм нүдэх, цохиж авах зэрэг нойрны эмгэг удаан хугацаанд үргэлжилсний эцэст хоёрдогчоор нойргүй болдог байна. Үүнийг нь бид нойргүйдэл гэж ярьдаг буюу уг шинжийг үүсгэж буй ямар нэг нойрны эмгэг шалтгаан цаана нь байдаг гэнэ. Хүний нойр нь зүүрмэглэх, хөнгөн, дунд, гүн, нүд хурдан хөдлөх гэсэн үе шаттайгаас нүд хурдан хөдлөх нойрны үед гар, хөлөө тодорхой хэмнэлээр чичигнүүлж хөдөлгөх төрөлхийн болон төрөлхийн бус эмгэг байдаг аж. Ийм эмгэг төмрийн дутагдлаас үүдэн төрөлхийн бусаар үүсч болдог байна. Иймд нойрны эмгэгийн онош тавихад биохимийн шинжилгээ чухал. Уг эмгэгүүдийн талаар эмч “Шөнөжин хөл нь чичигнэж байгаа хүн бүр сэрээд босоод суучихгүй ч гүн нойр нь хөнгөн нойр руу шилжсэний улмаас чанаргүй унтдаг. Нойрны эмгэгүүдийн аюул гэдэг нь ерөөсөө л энэ. Хүн шөнөжин чанаргүй унтаад хоёроос дээш жил болчихоор нойргүйдэлтэй болно. Хүмүүс “Би нойргүй болчихлоо” гэж ирдэг ч үнэхээр нойргүйдэлтэй хүн тун ховор. Дандаа хоёрдогч нойрны эмгэг байдаг. Нойргүйдэлтэй байлаа гэхэд анхдагч нойргүйдэлтэй хүн маш цөөн. Амьдралын шалтгаан, сэтгэл гутрал, тэтгэвэрт гарсан, ганцаараа амьдардаг, бэлэвсэн, өвчтэй зэрэг шалтгаанаар хүний нойр тасалдаж болно. Нойр хүний амьдралын салшгүй хэсэг учраас тэр дунд болж байгаа ямар нэг зүйлээс шалтгаалаад байхгүй болчхож байгаа юм. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нойргүйдэл гэж юм байдаггүй. Тэрийг үүсгэж буй ямар нэг шалтгаан л байдаг. Энийг илрүүлэхийн тулд тухайн хүнтэй удаан хугацаанд ярилцаж, асууж шалгааж байж мэдэж авна. Тэгж байж тухайн хүнд нарийн шинжилгээ хийх үгүйгээ шийднэ” гэж ярив.

   Харин хавсарсан эмгэгийн талаар “Нойрны эмгэгийн үед хавсарч тохиолддог эмгэгүүд бий эсэхийг шалгахын тулд биохимийн шинжилгээ авч биен дэх төмөр, магни зэрэг микро элемэнт, сахарын гурван сарын дундаж, амьсгал тасалддаг хүмүүсийн өөх төс, триглицеридийн хэмжээг үздэг. Мөн тийм эмгэгийн үед ийм асуумж бөглүүлнэ гэсэн олон улсын стандарт бүхий асуумжууд бий. Тиймээс эхлээд субьектив байдлаар буюу асуумжийн аргаар оношлоод дараа нь обьектив буюу багажийн оношилгоонд оруулна. Энэ бол үнэхээр төгс оношилгоо. Үнэхээр тэр хүн унтаж байхдаа гар, хөлөө хөдөлгөдөг үү, тэр нь аль нойрны үед болж байна, ямар байрлалаар унтсанаас амьсгал нь тасалдаж байна гэх мэтээр бүх талаас нь маш нарийн оношилдог” гэсэн юм.

-Шөнө бүр нэг, хоёр цагт унтаад өглөө долоо, найман цагт босдог хүнийг нойрны эмгэгтэй гэж үзэх үү?

- Хүмүүс “Маргааш өглөө нь ажилтай боловч шөнө нэг, хоёр хүртэл унтаж чаддаггүй” гэдэг. Тавиас дээш насны хүмүүс ийм хугацаанд буюу 5-6 цаг унтах нь хангалттай байж болно. Харин залуу хүмүүс ийм маягаар унтдаг ч маргааш нь зовуурьгүй, хэвийн байдаг бол нойрны эмгэгтэй гэхгүй. Нойргүйдлийг үнэлэх хамгийн гол шалгуур бол маргааш өдрийнх нь хөдөлмөрийн чадамж, бүтээмж. Оройтож унтсанаас өдөр нь нойрмоглоод, уур уцаартай байгаад, ажлын бүтээмжгүй байдаг бол нойр хойшилсон гэж үзнэ. Хүн 22-23 цагт унтаад өглөө 6-7 цагт унтах ёстой. Жирийн насанд хүрсэн хүн 7-8 цаг унтах ёстой гэдэг. Мөн сүүлийн үеийн судалгаанууд зургаан цаг унтахад хангалттай гэх болжээ. Гол нь унтах ёстой шөнийн тэр цагтаа чанартай унтах ёстой. Унтах цагтаа унтаагүйгээс бие организм хямардаг. Учир нь, 22-23 цагт унтвал гүн нойр хамгийн их үүсдэг. Өөрөөр хэлбэл, 12-02 цагийн хооронд хамгийн сайн гүн нойр үүснэ. Тэрнээс хойш бол бараг үүсэхгүй. Тэгэхээр нойр хойшлосныг эмчлэхийн тулд эрт унтах учиртай. Эрт унтахын тулд эрт босно. Үүнийг нойр сойх эмчилгээний арга гэдэг. Гэтэл манайхан “Эм өгөөд намайг унтуулаад өгөөч” гэж гуйдаг. Үнэн утга учир нь эм биш гэдгийг ойлгодоггүй. Нойр сойх эмчилгээг гадаадын орнуудад гэрэл эмчилгээ гэж албан ёсоор хийдэг. Албаар сэрүүлэг тавьж орой унтсан хүнийг эрт босгодог. Үнэхээр нойргүйддэг хүмүүсийг нэг сарын турш шөнө гуравхан цаг унтуулна. Дараагийн нэг сард нь дөрвөн цаг унтуулна. Энэ нь 12 цагт хэвтүүлээд, дөрвөн цагт орноос нь босгочихно гэсэн үг. Энэ эмчилгээ бол цэвэр тэр хүний ухамсрын асуудал. Ухамсартай байвал нэг сар болоод эмчилгээ дуусаж болно. Эрт босоод ирэхээр ямар ч хүний нойр сайжирдаг. Сайжраад ирэхээр нь эмч өвчтөнтэйгөө ярилцаж байгаад өглөө сэрэх эсвэл орой унтах цагийг нь сунгадаг. Мэдээж үүнд хугацаа хэрэгтэй. Ид шидийн юм шиг тэр дороо эдгэхгүй. Ухамсартай байвал наад тал нь 14 хоногт хэвийн нойртой болно. Хамгийн гол нь ганц сар өөртөө үнэнч байгаад өглөө таван цагт сэрүүлэг тавиад босох л хэрэгтэй. Ингээд байхаар шөнө хоёр цагт унтдаг хүний нойр нэг, 24, 23 цаг гээд наашилдаг. Тэгэхээр хамгийн энгийн бөгөөд хамгийн гол эмчилгээ бол нойр сойх. Гэтэл хүмүүс нойр гэдэг үнэт эрдэнээ огт хайрладаггүй. Кино үзэж л байдаг, гар утсаа үзэж л байдаг. Тэгээд маргааш нь үд хүртэл унтана. Ингэхээр нойроо авчхаад байгаа юм шиг санагддаг ч унтах ёстой цагтаа унтаагүй учраас нойр хойшлогдох хам шинж болж хувирдаг. Өвчин болж байна гэсэн үг. Энэ өвчин идэр насныханд их тохиолддог. Цар тахалтай холбоотойгоор бүр ч их нэмэгдсэн. Шөнө биш өдөр унтахаар бие организм шаардлагатай энергиэ ч үүсгэж чадахгүй.

-Тэгвэл их унтдаг хүн нойрны эмгэгтэй байж болох уу?

-Нойр хүнд ус, агаар шиг хэрэгтэй ч бурхнаас өгсөн байгалийн цагтаа л унтах нь чухал. Насанд хүрсэн хүн хэтрүүлж унтах нь бас өвчин. Нойр дутуу, ханаагүй юм шиг санагдаж байгаа нь шөнийн нойронд ямар нэг юм болсноос чанаргүй унтсан гэсэн үг. Үүнийг өдрийн цагаар хэт нойрмоглох эмгэг гэдэг. Шөнө унтсан ч нойр нь ханахгүй, дахиад өдөр нь нойр хүрээд байдаг. Хэт их унтаад байхаар хүний биеийн бодисын солилцоо идэвхтэй явагдахгүй, хуримтлагдсан энергиэ зарцуулж хөдөлгөөн хийж чадахгүй, оюун ухаанаа ч ажиллуулахгүй шүү дээ. Гэтэл бид өдрийн цагт шөнө хуримтлуулсан энергиэ зарцуулж идэвхтэй хөдлөн, оюун ухаанаа ч ажиллуулах ёстой. Ямар ч юманд их, багын тэнцвэр чухал гэдэг шиг унтаж амрах, сэрэх цагтаа анхаарах хэрэгтэй.

-Өөрийгөө нойргүйдэлтэй гэж үзсэн хүмүүс бүгд нойргүйдэлтэй байдаг уу?

-“Нэг, хоёр сар огт нойргүй явлаа” гэсэн хүмүүс ирж үзүүлэхээр нь бичлэг хийхэд нойрны чанар нь 85-аас дээш хувьтай гардаг. Гэтэл нойрноосоо сэрээд босоод ирэхээрээ “Би огт унтсангүй” гэдэг. Нойр тэгж хүнийг сэтгэцийн өөрчлөлттэй болгодог. Сэтгэцийн эмгэгийн үед хүн хоёрдогчоор нойргүйддэг бол нойргүйдэл нь эргээд тэр хүний сэтгэцэд нөлөөлж эхэлдэг. Гэхдээ ганцхан шөнийн нойрны бичлэгээр энэ хүн нойргүйдэлтэй, нойргүйдэлгүй гэж шууд оношилж болдоггүй. Манайх нөхцөл бололцоондоо тааруулаад нэг шөнө л нойрны бичлэг хийж байна. Гадаад орнуудад бол нойртой холбоотой уналт, таталт зэрэг өөр эмгэг байгаа эсэхийг оношлохын тулд 2-3 хоног байлгаж бичлэг хийдэг. Ингэхдээ өдрийн ч, шөнийн ч бичлэгийг нь хийж байдаг. Үндсэндээ, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нойргүйдэх эмгэгтэй байж магадгүй 500 хүнд бичлэг хийхэд 5-10 хувь нь л тийм эмгэгтэй байсан.

-Тэгвэл Монголд нойрны ямар эмгэг түгээмэл байна вэ?

-Манайд нойронд амьсгал тасалдах эмгэгтэй хүмүүс олон байна. Шөнө унтаж байхад амьсгал нь нэг минутаас дээш хугацаагаар тасалддаг хүн ч байна. Тэгэхээр цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нь 40-50 хувиар буурч байгаа юм. Шалтгаан нь анатомийн бүтэцийн өөрчлөлт. Тарган, хэвлийн тойргийн хэмжээ их, хүзүүний тойрог намхан, хүзүү хэсгээрээ өөхлөлт ихтэйгээс болдог. Гол төлөв эрэгтэйчүүдэд ийм эмгэг тохиолддог ч сүүлийн үед амьдралын буруу хэв маяг, архи, тамхи, буруу хооллолтын нөлөөгөөр туранхай эмэгтэйчүүдийн амьсгал тасалддаг болжээ. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс цэвэрших үед амьсгалын дээд замын булчин суларч амьсгал тасалдах нь байна. Энэ нь эмэгтэй, эрэгтэй хүний даавар амьсгалын дээд замын булчинг чангалах үүрэгтэй байдгийнх. Цэвэршсэний дараа тэр булчин улам суларч бүр л амьсгал тасалддаг болно. Жирийн үед ч хүн хэвтэхэд амьсгалын булчин хойшоо чиглэж, дээшээ харж хэвтэхэд хүний биеийн бүх булчин сулардаг учраас тарган, хүзүү, хэвлийн өөхтэй, дандаа дээш харж унтдаг хүмүүст энэ эмгэг илрээд байна.

   Д.Шүрэн эмчтэй ярилцах зуур бид Нойрны төвийн бичлэг хийх өрөөтэй танилцлаа. Энд нойрны бичлэг хийх жижиг аппарат, хүний арьс руу хатгахгүйгээр наадаг олон электрод байх ажээ. Өрөө хүн унтахад тохиромжтой буюу цайвар шаргал өнгийн хана, дуу чимээ тусгаарлагч, гэрэл нэвтрүүлдэггүй давхар хөшигтэй байв. Мөн өрөөнд байгаа камераар шинжилгээ өгч байгаа хүний нойрондоо хийх гар, хөлийн хөдөлгөөн, унтах байрлалаа өөрчлөх зэргийг сувилагч, техникч хоёр шөнөжин хянадаг болохыг хэлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.