images

Цөмийн физикч С.Энхбат: Фүкүшимагийн атомын станцад гарсан дулааны дэлбэрэлт цөмийн салбар аюулгүй гэдгийг нотолсон

Б.Бадамзул

Мэргэжил бүхэн сонин

2023-09-11


Цөмийн энергийн комиссийн дэд дарга, Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж, МУИС-д багшилж байсан цөмийн физикч С.Энхбаттай мэргэжлийнх нь тухай ярилцлаа. Түүний аав Монголд цөмийн физикийн салбарыг үүтгэсэн нэрт эрдэмтэн, Дубна дахь Цөмийн судалгааны хамтарсан хүрээлэнгийн  дэд захирал асан Намсрайн Содном билээ.

- Сайн байна уу? Та юуны өмнө цөмийн физикч гэдэг чухам ямар ажил болох талаар маш товчхон хэлж өгөөч?

- Цөмийн физикч гэдэг нь физик дотроо явцуу мэт боловч маш өргөн хэрэглээтэй, өргөн хүрээний мэргэжил. Яагаад ийм юм бэ гэхээр бодисын тогтолцоог судлахаас өгсүүлээд сансрын бүтэц, дэлхийн үүслийг хүртэл судалдаг юм. Хэрэглээ гэвэл өдөр тутмын шинжилгээнээс өгсүүлээд эрчим хүч, зэр зэвсэг гээд явчихдаг маш өргөн хэрэглээтэй мэргэжил. Энэ дотор бидний хэлж заншсан микро ертөнцөөс макро ертөнц хүртэлх бүх юмсыг судалдаг.

- Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

- Өөр мэргэжил сонгох боломж надад огт байгаагүй. Яагаад гэвэл миний аав цөмийн физикч. Намайг хоёр настай байхад аав минь ЗХУ-ын Цөмийн судалгааны хамтарсан хүрээлэн гэдэгт очиж ажилласан. Манайхан Дубнагийн олон улсын институт гэдэг. Арай ч хоёр нас хүрээгүй, хэлд ороогүй байхдаа л аавыгаа дагаж Оросод очлоо. Манай гэрт физикчид цугладаг, ярьдаг юм нь л цөмийн физик. Би айлын ууган хүү учраас эрх. Аавынхаа өвөр дээр л сууж байдаг. Хэлд ороогүй хар нялхаасаа л цөмийн физикийн яриануудыг сонсож өссөн. Тэгэхээр мэргэжил сонгоход надад хамгийн ойр дотно байсан нь цөмийн физик.

- Гэрээрээ ирдэг байсан эрдэмтдийн талаар дурсаж болох уу?

- Оросын алдартай физикчид тэр институтэд ажиллана. Аавын анх ажиллаж байсан Нейтрон физикийн лабораторид Илья Михайлович Франк гэж том эрдэмтэн байлаа. Нобелийн шагналтай, Сталины хоёр удаагийн шагнал, Төрийн шагналтай хүн. В.Желепов, Г.Флеров, Н.Боголюбов гэж лут эрдэмтэдтэй ажиллаж байв. Тэд бүгд академич хүмүүс. Одоо бүгд байхгүй л дээ. Гаднынхнаас гэвэл Хятадын Ван Ган Чан гэж эрдэмтэн байсан. Одоо энэ Хятадын цөмийн бөмбөгийн эцэг гэгддэг. Тэр хүнтэй залуудаа хамт ажиллаж байлаа. Харин Монголын цөмийн физикчдийн хувьд гэвэл манай аав анхдагч нь юм. Дараа нь аавын шавь бөгөөд найз Д.Түвдэндорж Дубнад ажиллав. Түүнийг Москвад аспирантурт байхад аав  “Чи наашаа ир” гэж татаж авчирсан юм. Түүний дараа Д.Чүлтэм профессор Дубнад ажилласан. Манай ахмад үеийн математикч, химич олон хүн урт, богино хугацаанд Дубнагаар дамжсан шүү. Тоолбол 200 гарах байх.

- Таныг “Цөмийн физикч болно” гэхэд аав тань яаж хүлээж авсан бэ?

- Аав дургүй байсан. “Ийм хүнд мэргэжлээр чи яах юм бэ. Хамгийн амархан диплом авахаар нь тэр орос хэлний ангид орооч” гэж байлаа. Би өөрөө Дубнад дунд сургуулийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги төгссөн юм. Тэгээд математикаар явна гээд Харьковт очиж Политехникийн их сургуульд сурав. Гэвч математик надад таарахгүй юм байна гэдгийг ойлгоод Монголд ирээд гараашт слесарь хийв. Орост бол лаборант хийж байлаа. Ингэж явсаар “Ерөөсөө боловсролтой болсон нь дээр юм байна” гэхэд аав “Чи инженер болмоор байгаа юм бол холбооны инженер бол” гэдэг юм. Би ч “Үгүй” гэж зүтгэсээр физикийн ангид орлоо. Аав миний сонголтыг огт дэмжээгүй. Сүүлд сонинд “Аав нь их сургуулийн ректор байсан учраас хүүдээ диплом бэлэглэсэн. Энэ бол огт боловсролгүй хүн” гэж нэг бус удаа бичиж байв. Тэр бүгд захиалгатай юм. Манай аав бол ер тийм хүн байгаагүй. Хүмүүс тэгж боддог ч аав маань хүүхдүүдийнхээ төлөө огт явдаггүй, “Чи өөрийн толгойтой хүн, түүгээрээ яв. Буруу юм хийсэн бол хариуцлагаа өөрөө үүр. Сайн юм хийсэн бол тэр л биз” гэдэг хүн байлаа.

- Дубна гэж ямар газар байв. Тэнд өнгөрүүлсэн бага насны дурсамжаасаа хуваалцаач?

- Дубна бол хаалттай хот байсан. Яагаад хаалттай хот юм гэхээр тэнд цөмийн зэвсэг хийсэн. Анх социалист орнуудын эрдэмтэд очоод судалгаа хийж байхад орж, гарахад нь чанга хяналт тавьдаг байж. Хотыг барьсан барилгачид дан хоригдлууд. Их намган дээр баригдсан учраас үй олноороо үхэж байсан гэдэг. Түүх уншихад л тийм байдаг, би ямар мэдэх биш. Гэхдээ жаахан байхдаа миний нүдээрээ харсан юм гэвэл хотын захын гудамжинд байх барак гэдэг модон байшингуудад хоригдлууд амьдардаг байсан. Тэр хоригдлууд харуул хамгаалалттай, “Тийшээ явж болохгүй” гэдэг байв. Гэхдээ хүүхэд учраас сониучирхаж, дэргэдүүр нь гүйдэг л байсан. Дубна хот чинь гурван хэсэгтэй юм. Ижил мөрний эрэг дээр Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгаа хэсэгт дандаа судлаачид амьдарна. Тэд өндөр болзолтой, хангамж их авдаг хүмүүс. Нөгөө хэсэгт нь голцуу хар ажилчид амьдардаг тосгон байна. Голынхаа цаад талд “Дубна-3” нэртэй нууц газар бий. Яагаад нууц юм гэхээр тэнд цэргийн хоёр үйлдвэртэй. Ойрын ба дунд тусгалын пуужин хийдэг. М.Горбачев перестройка гэж гарч ирэхдээ “Пуужин үйлдвэрлэхээ болино” гэж амлаад тэр үйлдвэрүүдэд хүүхдийн чарга, тогоо хийдэг болгосон. Тийм үйлдвэр байдаг гэдгийг хүн бүр мэддэг. Би сүүлд тэнд ажиллаж байхдаа үйлдвэрийнх нь ерөнхий инженертэй танилцаж найзалж байсан юм.

- Тэнд хэдэн жил болсон бэ?

- Бага, залуу насныхаа ихэнхийг тэнд өнгөрөөсөн. Монголдоо сургуульд сурч төгсөөд байтал 1967 онд аав дахин тэнд томилогдож би Орост арван жилээ дүүргэсэн юм. Дараа нь өөрөө очиж тэр Цөмийн шинжилгээний институтэд ажиллав. Анх арван жилээ төгсчихөөд тэнд хоёр жил лаборант хийсэн юмдаг. Дараа нь эндээ их сургууль төгссөөд Дубнад очиж найман жил ажилласан. Тэгэхээр би Дубнад олон жил болжээ.

- Ухаан орохоосоо л орос хэлтэй нөхөрлөжээ?

- Би хэлд орохдоо л орос хэлээр ярьж сурсан. Монгол хэлийг хожим сурлаа. Таван настай байхдаа Монголд ирээд гудамжинд гартал хүүхдүүдтэй хэл нэвтрэлцэхгүйн улмаас тэдэнд зодуулж байж л эх хэлээ сурсан даа.

- Танд хичээл заасан багш нар ямар хүмүүс байв?

- Их сургуульд ахмад үеийн багш, чадалтай физикчид байлаа. Миний багш О.Лхагваа гэж алдартай хүн бий. Одоо бол философи тал руугаа лекц уншаад байгаа онолын физикч хүн. Мөн Ш.Гэрбиш гэж багш минь бурхан болов. Дипломын удирдагч П.Зузаан гэж багш байлаа. Одоо Цөмийн судалгааны төвд ажиллаж байгаа. Д.Батсуурь, Б.Далхсүрэн, Ардын багш Шилаагарьд гэж байсан. Нарийн мэргэжлийн хичээлүүдийг мөн орос мэргэжилтнүүд заадаг байв. Манайд тоног төхөөрөмж муутай учраас дадлага хийх гол сургууль нь Дубнагийн институт болж хувирдаг. Тийш нь залуучуудыг их явуулдаг байсан, одоо ч явуулсаар байгаа.

- Монголд цөмийн физикчид цөөхөн байдаг байх гэж бодсон. Тийм ч цөөнгүй бололтой?

- Тийм ээ, олон бий. Физикээр сурдаг хүүхэд одоо ховордоод байна. Бүр элсэлтгүй болж байгаа асуудал бий. Манай их сургууль физик, математикийн факультет гэж байсныгаа салгасан юм. Тэгэхэд физик, математик, цаг уур нэг байсныг реформ хийгээд тус тусад нь болгосон. Их сургууль жилд арван цөмийн физикч гаргадаг байлаа. Манай байгууллага Оросын “Росатом”-той хийсэн гэрээний дагуу жилд 10 оюутан, таван аспирант явуулдаг байв.

- Сүүлийн үед физик сонирхох хүн цөөрч, энэ мэргэжлийг сонгох нь багасаж буйн шалтгааныг та юу гэж үзэх вэ?

- Бидний амьдрал буруу байна. Манай нийгмийн амьдрал, уур амьсгал, сэтгэхүй бүгд буруу болж. Худал хэлэхийг муухай гэж бодохыг бүр больсон. Мораль, этикийн хууль бий боловч худлаа хэлэх угийн муухай шүү дээ. Гэтэл ямар ч хүн худлаа хэлчихээд “Тэгээд хэлээ л биз дээ” гэдэг. Монголчуудын дунд маш их газар авсан үг бол “Сүртэй шүү дээ”. Өөр нийгэмд, жишээ нь, Японд худлаа хэлбэл бараг амиа хорлох биз. Гэтэл манайд цагаа барьдаггүй, дээрээс нь хулгай хийвэл сайн явдаг болж. Хулгай хийхэд хол мэргэжил бол физикч. Физикч болбол хулгай хийж чадахгүй. Эдийн засаг, хуулийн анги төгсвөл хулгай хийх боломж гарна. Тэгэхээр хурдан, амархан баяжих юм руу маш их явж байна.

- Танайхныг гэрээрээ багш хүмүүс гэж дуулсан?

- Хуучин цагт багшийг хүндэтгэдэг байсан. Манай аав багш, ээж эмч, манайх нэр хүндтэй айл байсан. Зургаан хүүхэдтэй айл. Аавыгаа дагаад бид зургуулаа багш болов. Миний хамгийн том эгч франц хэлний, дараагийн эгч англи хэлний багш. Тэрний дараагийнх эдийн засагч-багш. Миний дараагийн дүү эдийн засгийн багш байсан. Бага дүү философич, философийн багш. Харин бидний нэг нь ч эмч болоогүй юм. Яагаад гэвэл ээжийг харж байхад эмчийн мэргэжил маш хүнд гэдэг нь харагддаг байлаа. Ээжид ямар ч амралт байхгүй, өдөр шөнөгүй утас дуугараад л гараад явна.

- Сайн эмч байжээ?

- Мэргэжил сонгох гэдэг хүний өөрийнх нь сонирхлоос хамаарах юм. Ээж эмч учраас гэрээр дүүрэн эмнэлгийн ном байна. Багаасаа тэднийг уншсан болохоор би өөрийгөө бараг эмч гэж боддог байлаа. Гэхдээ л ээжийг эгч, дүү бидний хэн нь ч дагаагүй. Яагаад дагаагүй вэ гэхээр маш хүнд ажил. Аавын ажил бол хүнд гэдэг нь мэдэгдэхгүй шүү дээ. Гэртээ байхдаа дуудагдаад явчихгүй. Тэр үед ганцхан бүтэн сайнд амардаг байсан. Гэтэл бүтэн сайн өдөр хүртэл манай гэрийн гадаа хүмүүс дугаарлаад зогсож байдаг. Ээж онош сайн тавьдаг байсан юм. Тэгээд аав сувилагчийг нь хийгээд сууна. Ээж өчнөөн их эм авчихсан гэртээ байлгана. “Хөөе Содном, тийм эмнээс өгөөд аль” гэхээр аав тэр дор нь цаасанд боогоод л өгөөд байна. Ингэхээр чинь ээж нөгөө бүтэн сайн өдрөө ч амрахгүй байгаа юм. Дээрээс нь хөдөө ийм тийм өвчин гарлаа гээд онгоцоор нисээд явчихна. Тэгж явахдаа одоогийнх шиг гоё биш хоёр хүний суудалтай царцаа ногооноор л явна шүү дээ. Бүр сүүлд ээж тэтгэвэрт гарсан хойноо нэг алга болчихов. Бид хайгаад олдоггүй. Хамгийн гол нь бүр шөнө 23 цагаас хойш алга болчихсон юм. Утас руу нь залгаад байсан ашгүй нэг юм авлаа. “Та хаана явна аа?” гэтэл “Толгойтод явна” гэж байгаа юм. “Юу хийж яваа юм бэ?” гэсэн чинь “Энд нэг хүн өвдлөө гээд дуудлаа” гэж байна. Автобусаар яваад яагаад яагаад ч гэнэ вэ, бөөн адал явдалтай Толгойтод очжээ. Би ч “Одоо автобус зогсчихсон байна. Таныг наад айлынхан чинь хүргэж ирнэ биз дээ” л гэлээ. Гэтэл ээж “Өвчин зовлонтой байхад юу гэж тэгдэг юм” гээд  тэр үед ашгүй би машинтай байсан болохоор давхиж очиж авсан даа. Эмч хүн гэдэг тийм байх ёстой. Би түрүүхэн эмнэлэгт хэвтлээ. Намайг үзэх гэж орж ирсэн эмч “Чи өөрөө л биеэ бодох ёстой. Бид мөнгөний төлөө ажиллаж буй улс” гэж байгаа юм. Тэр үнэнээ хэлсэн нь мундаг боловч тэр хэдийнэ эмч хүн биш. Зүгээр л эмнэлгийн бизнесмэн.

- Цөмийн физикчдийн ашигладаг тоног төхөөрөмж, судалгааны арга барил ямар байдаг вэ?

- Ярианы эхэнд би макро, микро ертөнцийг судалдаг гэж хэлсэн. Микро ертөнц гэхээр эгэл бөөмийг судална. Эгэл бөөмийг судлахын тулд том хурдасгуур хэрэгтэй. Манайд одоогоор тийм том багажнууд нь байхгүй. Хурдасгуур гэдэг нь эгэл бөөмийг цахилгаан соронзон оронд оруулж энергийг нь нэмж хурдасгаад их энергитэй болсных нь дараа бай гэдэг өөр эгэл бөөмийг тэр эгэл бөөмөөрөө цохьж, тэр дундаас үүссэн урвалыг судлах зориулалттай багаж юм. Тэр урвал дотор ямар нэг атом задарна. Тэр задралаас шинэ эгэл бөөм үүсч байна уу, тэр эгэл бөөмүүдийн энерги яаж тархаж байна вэ гэдгийг судалснаар микро ертөнцийг таньдаг. Жишээ нь, Дубнад миний хамгийн сүүлд хийсэн ажил дээр бид гелийг судалж байсан. Гелийг судлахын учир нь, анх манай энэ ертөнц яаж үүссэн бэ гэдгийг судлахад хэрэгтэй. Устөрөгч, устөрөгчийн изотопуудаар гелийг бөмбөгдөхөд юу болох вэ, тэндээс ямар урвал, ямар энергийн тархалт үүсэж, аль бөөм хаашаа явж байна, ямар чиглэлээр явж байна гэдгийг судалснаар нар яаж бий болсон гэдгийг судлах боломжтой. Энэ салбарыг бидний өдөр тутмын амьдралд ойртуулж үзье гэвэл их сургуульд миний хийсэн дипломын ажлыг жишээлж болно. Бид багш нарынхаа удирдлагаар “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмал дахь зэс, молибдений хэмжээ, орцыг тодорхойлсон юм. Тэгэхэд зэс, молибденоос гадна алт, бас рений гэдэг ховор металл олдсон. Ийнхүү баяжмал дахь алт, мөнгөний орцыг тодорхойлсноор ЗХУ руу гаргахдаа зөвхөн зэс эсвэл, молибдений үнэ авдаг байсныг болиулав. Баяжмал дахь алтны үнийг мөн авдаг болсон гэсэн үг. Цаашлаад ренийгийнх нь мөнгийг ч мөн авдаг болсон доо. Ийм үр дүн гарсан учраас манай лабораторийнхон, судлаачид 1980 оны ШБОС үзэсгэлэнгээр мөнгөн шагнал авч байсан. Улсын орлогыг жилд таван сая рублиэр нэмэгдүүлсэн гэж байв. Тэр үедээ жигтэйхэн том тоо. Энэ бол физикийн наад захын хэрэглээ юм. Одоо ч гэсэн Эрдэнэтэд зэс, молибдений баяжмалын доторх бусад металлын агуулгыг тодорхойлж байгаа шүү дээ.

- Цөмийн физикийн макро хэрэглээний талаар дэлгэрүүлж яривал?

- Дээр мөн ярьсанчлан нар, дэлхий ертөнцийн үүслийн судалгаа багтана. Мөн практик хэрэглээнд атомын цахилгаан станц болно. Энэ тухай манай улсад маш их ярьж байна. Уг нь УИХ-аас баталсан цөмийн салбарт төрөөс баримтлах бодлогын дагуу манайх 2012 оноос уранаа олборлоод эхэлсэн байх ёстой байсан юм. 2012 оноос атомын цахилгаан станцаа барьж 2020 он гэхэд ашиглалтад оруулчихсан байх байлаа. Гэвч тухайн үед Фүкүшимагийн осол гараад бүх дэлхий цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ зогсоосон л доо. Уул нь бол тэр осол цөмийн салбар аюулгүй гэдгийг баталж өгсөн юм. Гэтэл бүх дэлхий үүнийг аюултай гэж ойлгоод байдаг. Яагаад аюулгүй гэж байна вэ гэхээр тэр атомын станцад маш ойрхон есөн баллын газар хөдлөлт болсон. Тийм хүчтэй газар хөдлөхөд хажууд нь байсан үйлдвэрүүд нурж, нефтийн үйлдвэр хүртэл шатсан. Гэтэл Фүкүшимагийн атомын цахилгаан станц яагаа ч үгүй. Дараа нь дэлхийд урьд өмнө болж байгаагүй том давалгаа ирж цохьсон. Тэгэхэд станц мөн л яагаа ч үгүй. Хавийн байшин, үйлдвэр нураад үгүй болсон шүү дээ. Харин Фүкүшимагийн ослын шалтгаан юу байсан гэхээр хүн. Япон хүний онцлог. Япончууд цахилгааны утсаа агаараар явуулахгүй гээд газраар явуулдаг байжээ. Тэр нь усанд автчихаар цахилгааны тэжээлгүй болчихно биз. Энэ явдлыг оросууд “Ийм явдал болсон бол манай захын нэг жижүүрийн инженер нэмэлт тэжээлээ асаагаад хөргөлтөө ажиллуулчихна” гэж байгаа юм. Япон хүний онцлог нь инженер өөрөө мэдэж нэмэлт тэжээл асаахгүй, урьдаар даргаасаа асууна. Нөгөөх нь дээд даргаасаа асууна. Ингэж явсаар дээшээгээ тулж, дээрээсээ доош “Асаа” гэдэг тушаал ирсээр байтал нөгөөх нь дэлбэрчихэж. Гэхдээ тэр нь цөмийн дэлбэрэлт биш. Дулааны дэлбэрэлт юм. Учир нь, тэр хөдөлгүүрийг усаар хөргөж байгаа шүү дээ. Гэтэл хөргөлтийн систем нь ажиллахгүй болохоор шахуурга нь усаа хөөхгүй болж доторх жаахан ус нь халж уур үүсгэсэн юм. Тэр уур нь маш их даралттай учраас дийлэхээ байгаад дэлбэрчээ. Дэлбэрэхээр дотроос нь цацраг идэвх гарсан. Гэхдээ тэр нь Чернобыль шиг гэсэн үг биш. Японы хамгаалалтын систем нь өөр. АНУ, Японы цөмийн станц хамгаалалт дотор байдаг. Тэгэхээр дотроосоо цацраг идэвх алдах магадлал бага. Чернобылийнх задгай байсан учраас дэлбэрснийх нь дараа үүл үүссэн юм. Мэдээж, Фүкүшимад тийм үүл үүсэх магадлал өндөр байсан. Яг тэр үед нь бид Монголд бэлтгэлээ базааж байв. Баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө дэлбэрэлт болсон юм. Би энэ мэдээллийг дэлбэрэлтээс хоёр цагийн дараа авсан. Тэгээд өглөөний шуурхай хурал зарлаж, манай Цөмийн энергийн агентлаг хуралдсан. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Ийм юм зөвхөн Монголд болоогүй бүх дэлхий даяар болсон шүү. Тэгээд цаг агаарын станцуудыг хоёр цаг тутам хэмжилт хийх тушаал гаргав. Тэндээс цацраг идэвхтэй үүл ирэх эсэхийг тогтмол хянах юм. Тийм үүл ирэхээр бид цацраг идэвхтэй иодоор амьсгалчихдаг. Учир нь, хүний бие иодыг хүлээж авдаг. Гэтэл түүгээр амьсгалбал хүний бие дотор үүсгэвэр бий болоод бие махбодыг алаад байдаг юм. Үүнээс хамгаалдаг юм нь мөн л иод уух. Гэхдээ гадуур зардаг иод биш. Бүр их тунтайг нь уудаг юм. Тэгэхэд манай Онцгой байдлын комисс хуралдсан. Тухайн үед Эрүүл мэндийн сайд С.Ламбаа байв. С.Ламбаа өөрөө гүйгээд иод гадаадаас авхууллаа. Хэрэв цацраг идэвхт үүл ирж байна гэдэг мэдээлэл авах юм бол тэр иодоо тарааж иргэдэд уулгана гэсэн бэлтгэлтэй байв. Иодыг уучихаар хүний бие иодоор дүүрээд дахиж иод хүлээж авахаа больдог. Зүйрлэвэл ангаж яваад цэвэр ус уучхаад байж байтал ахиад бохир ус ороод ирвэл хэдийнэ чиний цангаа тайлагдсан учраас тэрийг уухгүй л гэсэн үг. Азаар манай руу тийм үүл орж ирээгүй.

- Монголд атомын цахилгаан станц байгуулах санаачлага, анхны судалгаа таны аав Н.Содном гуайнх, тийм үү?

- Манай аав тийм санаа дэвшүүлээд их олон жил ярьсан юм. Тэгээд Монголдоо бага оврын станц барих санаатай байлаа. Учир нь, ийм станц аюул багатай, үйлчилгээ багатай. Гар чийдэнгийн зай сольдог шиг цаад үйлдвэрлэгч нь модулийг нь солиод байх бололцоотой. Хоёрдугаарт, модуль станцыг хэчнээн хэрэгтэй байна түүнийхээ хэрээр нэмж болдог. Гагцхүү том станцаасаа илүү үнэтэй, гэхдээ аюул багатай. Тэр үед цахилгаангүй байсан захын аймгууддаа жижиг станц аваачаад тавьчихад тэр хавиа эрчим хүчээр хангах боломжтой байсан. Тийм судалгаанууд манай улс ихийг хийсэн л дээ. Нэгдүгээрт, ямар станц сонгох вэ, хоёрдугаарт сонгосон станцаа хаана тавих вэ гэх мэт. Монголын нутаг дэвсгэр том шүү дээ. Янз бүрийн байгалийн тогтоцтой. Сибирь шиг хойноо битүү модтой, урд талдаа говь, элстэй. Хамгийн гол нь аюулгүй газар байрлуулахад газар хөдлөлтийн бүс биш байх нь их чухал. Газар хөдлөлтийн хамгийн бага эрсдэлтэй бүс бол урагшаа Дарьгангын овооноос цаашаа байгаа юм. Мөн хөргөлтөө хийхийн тулд ус хэрэгтэй. Тэр усыг хаанаас авах вэ, шугамнуудаа хаагуур яаж явуулах вэ, гарсан цахилгаанаа яаж түгээх вэ, цахилгаан илүү гарвал хааш нь хийх вэ гэх мэт судалгаа маш олныг хийсэн.

Академич Н.Содномын 100 жилийн ойд зориулан Цөмийн физикийн судалгааны төвийг Н.Содномын нэрэмжит болголоо. 2023 оны тавдугаар сар.

- Судалгааг нь монгол физикчид хангалттай хийжээ. Харин станц бариагүй шалтгаан нь юу юм бэ?

- Дээр би нэг телевизэд ярилцлага өгсөн чинь намайг шүүмжлээд байна лээ. “Огт юм мэдэхгүй, юм уншаагүй хүний шинжтэй юм ярьж байна” гэж байсан. Яагаад тэгж байна гэхээр Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан зааварчилгаа байдаг. Тэр нь атомын цахилгаан станц барих гэж байгаа, анх нэвтрүүлж байгаа улс ийм ийм шат дамжлагаар заавал дамжих ёстой гэсэн юм. Тэр нь нийтлэг эд. Тэр нийтлэг эд нь ямар учиртай гэхээр цөмийн эрчим хүчийг гартаа авсан цөөхөн хэдэн орон буюу цөмийн зэвсэгтэй хэдэн орон бусад улсыг хазаарлан барих гэж гаргасан журам юм. Тэр журмыг бид дагаж ч болно, дагахгүй байж ч болно. Манайх бие даасан улс шүү дээ. Бие даасан улс зарим шатыг алгасч болно. Мөнгөтэй улс бол “Манайд нэг атомын цахилгаан станц бариатах” гээд тэр журмуудынх нь нэгийг ч биелүүлэхгүйгээр бариулж болно. Намайг энэ салбарт ажиллаж байхад Олон улсын атом энергийн агентлагаас маш их дарамт шахалт ирдэг байсан. Тийм гэрээнд нэгдэх ёстой гэдэг. Гэтэл зарим гэрээ нь манай үйл ажиллагааг хязгаарлачихдаг. Зарим гэрээнд манай улс нэгдээд гарын үсэг зурчихвал уранаа өөрсдөө олборлож чадахаа больчихно. Зөвхөн гаднынхан орж ирнэ. Тэр гэрээнд гарын үсэг зуруулах маш их сонирхол байсан. Бага тунгийн гэрээнд манайх гарын үсэг зурчихсан. Харин би тэр гэрээнд гарын үсэг зурахгүй удаан тэссэн. Яагаад гэхээр манай улс аюулгүй байдалтай холбоотой нарийн мэдээллээ тэр агентлагт нэг бүрчлэн мэдэгдэх ёстой болж байгаа юм. Тэдний тавьдаг шаардлагаар ярьвал, тэд хаана, ямар хэмжээтэй ураны изотоп байгааг илрүүлдэг багажнаас манайд нэгийг ч өгөхгүй гэсэн үг. Танай улсад тийм багаж байх шаардлагагүй гэж байгаа юм. Тухайн үед манайх шаардаж байж хоёрыг авч байсан. Тэгтэл тэд манай хуралд орохгүй гэж байлаа. Тэр үед би “Бүдүүлэг, дипломат ёс мэддэггүй” гэж загнуулж байсан л даа. Гэхдээ тэгснээрээ бид багажтай болж, нөгөөдүүл ч манайханд арай хүндэтгэлтэй ханддаг болсон. Өөрийнхөө байр суурийг тууштай хамгаалсан ураас тэр. Бид энэ мэт шат дамжлагыг зайлшгүй дамжих ёстой. Мэргэжилтнээ бэлдэх ёстой. Гэвч манайх өөрийн технологигүй учраас гаднын технологиор хийх нь үнэн. Тиймээс гадаадын төслүүд “Бид өөрсдөө очьё” гэдэг. Тэд өөрсдөө ажиллуулаад, түүнд зарсан мөнгөө олж авсан хойноо манайд шилжүүлнэ. Шилжүүлж авахдаа манай улс өөрсдөө ажиллуулж болно, гадныхныг ч ажиллуулж болно. Энэ бол манай өмч, гэхдээ та нар ашигла гэсэн заалттай гэрээ хийнэ. Ийм учраас Олон улсын цөмийн энергийн агентлагийн тавьж байгаа 10, 20 мянган мэргэжилтэн байх хэрэгтэй гэдэг шаардлагыг бодууштай. Тэр мянга мянган мэргэжилтэн бүгд цөмийн физикч биш. Тэдний дунд барилгачин, слесариас өгсүүлээд олон мэргэжилтэн багтана. Манайх бол цөөн хүн амтай улс. Тиймээс энэ асуудалд бодлоготой, үндэсний эрх ашгаа хамгаалах үүднээс хандах ёстой юм. Түүнээс биш бүх юмыг гаднынханд өгч, эд нар тэг гэж байна гээд гүйгээд байж болохгүй. Өөрийн гэсэн бодолтой байх юм бол атомын цахилгаан станц барих хэцүү асуудал биш. Би сүүлийн үед манай улсад атомын цахилгаан станц байх хэрэгтэй юу гэдэгт эргэлзэх болсон. Учир нь, манайд олон хулгайч байна. Уг нь атомын цахилгаан станцаас хулгай хийх боломж бага. Яагаад гэвэл, Олон улсын цөмийн энергийн агентлаг, АНУ, цөмийн зэвсэгтэй хоёр хөрш биднийг хянана. Улсдаа атомын цахилгаан станцтай болно гэдэг дотроо цөмийн зэвсэгтэй болчихож байгаагаас ялгаагүй. Тэр станц дэлбэрвэл энүүхэнд байгаа Бээжин баларна биз дээ? Тэгэхээр Хятад, Орос хоёр манайхыг хянаж таарна. Тиймээс хулгай гарах боломж бага гэж бодож байтал сүүлийн үеийн хэргүүдийг хараад байвал ямар ч үед боломж гаргаад хулгайлаад байх юм байна. Тэгэхээр энэ их хулгайчтай, ёс зүйгүй үед цөмийн станц манайд хэрэгтэй гэдэгт их эргэлзэж байна. Бараг хэрэггүй болов уу. Энэ их хулгайчтай үед аргалаа түлсэн нь илүү ашигтай. Харин гаднынханд юмаа өгч болохгүй. Хулгайч нарын үе дуусаад жаахан цэвэршээд иртэл юу ч байхгүй, бүгдийг нь зарчихсан байх магадлал өнөөдөр маш их байна. Би нэг иймэрхүү юм яриад л эсэргүүн болдог хүн дээ.

- Атомын станц Монголд баривал гаднаас эрчим хүч авахаа болино. Тэгэхээр эдийн засгийн үр өгөөж ихтэй биз дээ?

- Эдийн засгийн үр өгөөжөөс гадна аюулгүй байдал талаасаа их өгөөжтэй. Манайх ОХУ-аас цахилгаан, бензинээ авч байна. Нөгөөдүүл бензинээ хаачихаар манайд юу болдог билээ. Цахилгаанаа тасалбал баруун аймгууд бүр хэцүүднэ. Тээр жил зам засаж байна гээд урд хилийг долоо хоног хаахад манай улс өлсгөлөнд орж дууссан шүү дээ. Сая цар тахлын үеэр юу болов. Үндэсний үйлдвэрлэгчид Хятадаас түүхий эд авдаг байгаад, тэр нь тасарснаар нам зогссон доо? Тэгэхээр тэр аюулгүй байдлаа бодоод үзвэл цахилгаан эрчим хүч өөрийнх болно шүү дээ. Үүн дээр нефть-химийн үйлдвэрээ барьчихвал жинхэнэ бие даасан тусгаар улс болно. Өнөөдөр бид улс төрийн хувьд бие даасан улс гэж байгаа боловч эдийн засгийн хувьд огт бие даагаагүй байна. Энэ тогтолцоо тийш улам түрж байна. Үйлдвэр байхгүй. Жил бүр газар тариалан шахагдаж, газар нь багасаж байна. Эндээ төмс тарьснаас Хятадаас авчирсан нь хамаагүй хямд тусаж байна шүү дээ. Үүнийг л төр засаг бодлогоор зохицуулж ажиллах ёстой. Хамгийн түрүүнд үндэсний язгуур эрх ашиг гэдэг юмаа бодож байх учиртай.

- Атомын станц барьж чадвал манай улсын байр суурь олон улсад ихээхэн дээшлэх нь ээ?

- Тэгэлгүй яах вэ. Манайх төрөөс баримтлах бодлого гээд Цөмийн энергийн тухай хууль гаргачихсан байна. Энэ хуулийг баталснаар манайх шал ондоо болоод ирсэн юм. Тэгээд л гадаад орнууд “Танайх одоо тоглоомын дүрэмтэй болчихлоо. Одоо танайд очьё” гээд хөрөнгө оруулагчид маш их ирсэн. Зовлонтой нь нөгөөдүүлээ гаргачихсан байх.

- Энэ жил Францын ерөнхийлөгч Э.Макрон манайд ирээд буцлаа. Шинжлэх ухааны салбарт дориун юм болох байх гэсэн хүлээлт үүссэн?

- Францын дээд хэмжээний айлчлал Казахстанд болж байгаагүй юм. “Арева” компани Казахстанд уран олборлож байхад Н.Назарбаев ерөнхийлөгч бүх үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгээд “Одоо бид яах вэ?” гэхэд нь “Айлчлалаа хий” гэсэн байгаа юм. Ингээд тухайн үеийн Францын ерөнхийлөгч төрийн дээд хэмжээний айлчлал хийж, баахан бэлэг, хөнгөлөлт, урт хугацааны зээл олгоод явж билээ. Ингэж байж “Арева” компанийн үйл ажиллагааг буцаагаад нээсэн. Сая Э.Макрон манайд ирээд юу өгөв. Том юм болохын тулд мөнгөө хэлэх ёстой. 2000 онд Солонгосын Ким Дэ Жун гэдэг ерөнхийлөгч айлчилсан. Тэгэхдээ танай оюуны салбарыг хөгжүүлэхээр гурван сая доллар өглөө гэсэн. Тэр үед гурван сая доллар овоо мөнгө. Явж явж шинжлэх ухааны салбарт нэг сая доллар ирсэн. Юунд хэдийг зарцуулах вэ гэж Солонгосоос ажлын хэсэг ч ирж байв. Тэгэхээр дэмжих гэж байгаа улс тэгдэг байх нь. “Шинжлэх ухааныг чинь дэмжинэ” гэж амаараа хэлээд ачир дээрээ өөр байх юм бол хэрэггүй. Францчууд бол Африкт ажиллаад сурчихсан улс. Шилэн зүүлт өгөөд алтыг нь авч сурсан. Сармагчинтай ажиллаад сурчихсан. Гэтэл бидэнтэй өнөөдөр яг сармагчин шиг харьцаж байна. Энэ буруу. Бид шулуухан харьцах ёстой. Жижиг улс байх нь хамаагүй. Бид Францаас юугаар хамааралтай юм. Тэд бидний төмөр замыг хаах уу? Харин Орос, Хятад хоёр бол өөр. Улс төрийн хувьд Америк өөр. АНУ-тай муудвал манайхыг бөмбөгдөх үү? Үгүй. Орос, Хятад хоёр бол бөмбөгдөнө. Тийм учраас бид нэг их том ах байна, баян хүн байна гэж болохгүй. Бидний монголчуудын асуудал бол мэдлэг, боловсрол муутай нь. Энэнээсээ болж алдаж байна. Аль социализмын үед л орос хэл муутай гэдгээ нуудаг, оростой юм ярихаар ойлгоогүй гэдгээ хэлж чадахгүй тэрийгээ нууж “Хорошо, хорошо” гэсээр шал хэрэггүй юманд орчихдог байсан нь хэвээрээ. Одоо тийм л юм болж байгаа.

- Улс төрийн талаасаа ийм байж. Гэтэл ард түмний дунд уран хортой гэсэн ойлголт бий болчихсон. Хэчнээн зөвийг хэлээд хүлээж авахаа байж?

- Энэ бас л улс төр. Ард нь улс төрийн хүчнүүд байдаг. Намайг Цөмийн болон улсын цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч байхад л “Архангайд төдөн толгойтой ишиг гарлаа. Мал хордож үхэж байна” гэж байв. Тэр бүгд худлаа. Ураныг олборлож гаргаж ирээд баяжуулаад хажууд нь тавьчхаагүй бол байгалийн фоноороо байгаа. Байгалийн фон бол манай Монголд угаасаа их. Манай улс далайн түвшнээс дээш өндөр газарт оршдог, агаар сийрэг учраас сансраас ирж байгаа цацраг ч өндөр, газар дороо ч цацраг их. Манай Монголын хаана ч ухсан уран бий. Хэмжээ нь их үү, бага уу л гэж ярина. Тэгэхээр цацраг идэвхийг хажууд нь овоолчхоогүй л бол яах ч үгүй. Газар ухаад, өрөмдөөд, цооногоос нь асар их цацраг идэвх ялгарч байна гэдэг худлаа. Тэгэхээр энэ улс төрийн хүчнүүдийн, гадныхны тоглолт. Тээр жил Архангайд, Дорнодод баахан юм болов. Францчууд тугалын мах идэх дуртай улс шүү дээ. Тиймээс манай нэг малчин тугалын махаа тэдэнд зардаг байж. Сайхь малчин тугалаа хурдан өсгөх, хэдхэн сарын дотор ахиухан таргалуулж ашиг олох гээд эм өгсөн юм шиг байгаа юм. Гэтэл дутуу мэддэгээсээ болж сургаар юм хийгээд өнөө тугалууд нь бүгд үхсэн. Ингээд баларлаа гэтэл улс төрийн хүчнүүд орж ирээд “Арева” компанийн эсрэг зэвсэг болголоо. Үүнийг тагнуулынхнаас өгсүүлээд манайхан их судалсан шүү дээ. Манай монголчууд нэгдүгээрт, хэтэрхий улс төржөөд, хоёрдугаарт, хурдан баяжих аргаа хайгаад байна. Тэгж айлгаж байгаад юм салгаж авах гэдэг юм уу яадаг юм мэдэхгүй. Ингэхээ болиод өөрийнхөө нэр хүндийг боддог болчихвол манай ард түмэн, Монгол орон минь дороо хөгжинө. Өнөөдөр нэр хүндээ бодохгүй байна. Аль ч дарга худлаа хэлчхээд “Сүртэй юм бэ, тэгээд хэлчихээ л биз” гэж хэлж чаддаг. Нэр нүүрээ боддоггүй. “Миний өвөг эцэг энэ улсын ерөнхий сайд байсан. Миний эцэг сайд хүн байсан. Би тэднийхээ нэр нүүрийг боддог юм” гэхээр “Сүртэй юм. Тэгээд л нэг их өвөө, аавыгаа ярьдаг юм” гэж нэг их том дарга намайг загнаж байлаа. Хүн нэр нүүрээ бодох ёстой. Өөрийнхөө хөдөлмөрөөр бахархах ёстой. Юу ч хийсэн тэр хөдөлмөрөөрөө бахархах учиртай. Шороо ухаж байсан ч шороогоо хурдан, зөв ухаж байна гэдгээрээ бахархах хэрэгтэй. Өөрийнхөө хөдөлмөрөөр бахархдаг болчихвол манай улс дороо хөгжинө.

- Цөмийн химичид, цөмийн физикчид гэж тусдаа байна уу?

- Цөмийн салбарт ажилладаг химичид гэж бий л дээ. Ухаан нь манай салбар өргөн учраас химийнхэн ч багтана. Жишээ нь, өргөн хэрэглээнд байдаг цөмийн шүүлтүүр байна. Тэр нь лавсан гэж бодисыг бай болгоод эгэл бөөмөөр бөмбөгддөг. Эгэл бөөм тэрийг цоолж нүдэнд харагдахгүй жижиг жижиг нүх гаргана. Тэр гарсан нүхийг ямар юм шүүхээсээ хамаараад химийн аргаар идүүлж томруулаад төдөн микроны шүүлтүүр гэж хийнэ. Түүгээр ус ч шүүнэ, судалгааны ажил ч хийнэ. Түүн дээр химичид ажиллана. Цөмийн зэвсэг хийхэд химичидийн оролцоо их байдаг. Тэгэхээр энэ салбарт олон мэргэжил шаардлагатай. Биологичид ч мөн цацраг идэвх амьд эсэд яаж нөлөөлж буйг судална. Наад зах нь хүн сансарт нисэхэд бие рүү нь эгэл бөөм орж буй. Сансрын хөлөг түүнээс нисгэгчдийг бүтэн хамгаалж чадаж байна уу гэдгийг тэд судална.

- Цөмийн физикч мэргэжлээр сургууль төгсвөл Монголд хаана, ямар байгууллагад ажиллах боломжтой вэ?

-  Хамгийн түрүүнд судалгааны лабораториуд байна. Цөмийн судалгааны төвөөс өгсүүлээд, их, дээд сургуулиуд бүгд судалгааны лабораторитой. Мөн эмнэлгүүдэд ажиллаж болно. Тухайлбал, УНТЭ-д Цөмийн оношилгооны төв гэж бий. Тэнд цөмийн багаж цацраг идэвхт үүсгүүр ашигладаг. Цацраг туяаны эмнэлэг гэхэд тэнд физикчид хэрэгтэй. Бараг бүх эмнэлэгт физикч мэргэжилтэн хэрэгтэй байдаг. MRI хийхэд физикчид хэрэгтэй. Гааль дээр ч ажиллаж болно. Тэнд хил, гаалийн мэдрэгч багажууд бий. Фүкүшимагийн дэлбэрэлтийн дараа бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж Япон, Хятадаас ирж буй бүх галт тэрэг, нислэгүүдийг хянаж байсан. Тэндээс цацраг идэвх ихтэй хүмүүс орж ирдэг. Жишээ нь, Токиогоос ирсэн нэг хүүхний хүүхдийнх нь хувцаснаас их цацраг илрээд байв. Тэрийг нь хурааж авч устгасан. Учир нь, ариутгана гэдэг бараг боломжгүй. Яагаад илэрсэн бэ гэхээр Токиод тагтан дээрээ хүүхдийнхээ хувцсыг хатаагаад байсан учраас цацраг идэвхтэй тоос хувцсанд нь наалдсан байж. Мэргэжилтнүүд заавал ураны компани гэлтгүй бүх уул уурхайн компанид ажиллаж болно. Тийм компаниуд өрөмдлөг хийхдээ цацраг идэвхт үүсгүүртэй багаж ашигладаг юм. Замын чанарыг шалгадаг багаж мөн цацраг идэвхтэй байдаг учраас мэргэжилтэн хэрэгтэй. Хэрэг дээрээ энэ мэргэжлийн хүмүүст ажиллах газар их.

- Цөмийн физикчдийн зарчим юу вэ?

- Цөмийн физикч гэхээрээ хүн биш болчихгүй. Хүний ёсыг дагана. Хийж буй ажлынхаа аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөнө. Тэр нь ажиллаж байгаа материалаа гаргаж болохгүй, гараараа барих, хажууд нь юм идэх хориотой гэх мэт. Тэрийг нь зөрчих үе ч байна. Ажил хийж байхад юу эс болох вэ. Дубнад хурдасгуур дээр туршилт тавиад удлаа. Үр дүн ер гардаггүй. Туршилтаас эгэл бөөмийн урвалын үүсгэсэн мөрний зураг харагдах ёстой юм. Урвал явагдахад лазер тусгаад илэрсэн мөрний зургийг авдаг. Гэтэл зургийг нь аваад байдаг, ямар ч урвалын мөр харагддаггүй. Учир юундаа байгааг мэдэхгүй болчихов. Удирдагчтайгаа яриад нүдээрээ харахаар боллоо. Хурдасгуур маш өндөр цацраг идэвхтэй. Тиймээс хаалттай юман дотор ороод хурдасгуур ажиллангуут дээрээс нь дурангаар харав. Хүний нүд гэдэг чинь ямар ч багажнаас мундаг шүү дээ. Лазер цохиход ийм мөр гарч байна гээд харчихна. Холбоогоор холбогдоод “Одоо аппаратаа унтраа” гээд харчихаж байгаа юм. Урвал үүсэх, лазераар тусгаж байгаа, аппаратаар зургийг нь авч байгаа энэ гурван мөч нийлэх ёстой. Тэнд өндөр цахилгаан соронзон орон үүсгэчихсэн тул цахилгаанаар цохихоор эгэл бөөм мөр үлдээгээд тэр мөр нь цахилгаан соронзон оронд харагдаад явчихдаг юм. Тэр мөч нь давхцаж байна уу гэдгийг тэгж нүдээр харж байж л мэдсэн хэрэг. Стриймерт камерын доторхыг гелийгээр дүүргэнэ. Мөн тог дамжуулдаг шилэн хорготой, стерео зураг авахын тулд дор нь толь тавина. Хурдасгасан бөөм гелийг цохиод цохиод явчихна. Тэгэхэд нь тог өгөхөөр нөгөө урвал явагдсан мөрөөр өөр жижиг бөөмүүд тал тал тийшээ явна. Тэгж тарахдаа цахилгаанжуулдаг. Түүн рүү нь лазер тусгахаар мөрийг нь цохиод доошоо очиж толинд ойгоод буцахдаа дахиж мөрийг нь цохино. Энэ мөрний нэг цэгийнх нь зураг хоёр гараад ирнэ. Түүнийг нь плёнк дээрээсээ үздэг. Тэгээд хэмжээд, түүгээрээ энергийг нь тооцоолчихно. Уг нь их амархан. Өөрөөр хэлбэл, зургийг нь авч харах ёстой юмыг дуран хэрэглээд нүдээрээ харчихсан гэсэн үг. Ажил хийж байхад ийм зүйл тохиолддог л юм. 

- Та мэргэжлээ хүнд гэж хэлэх үү, эсвэл үгүй юу?

- Гайгүй шүү дээ. Жишээ нь, хоол зөөгчийн хажууд бол хөнгөхөн. Энэ нь цөмийн физикч биеийн хүчний ажил хийдэггүй гэсэн үг биш. Туршилтын физик бол биеийн л хөдөлмөр. Дубнад байхдаа хүнд ширээ өргөж байгаад гарын булчингаа тасалж байлаа. Хамгийн гол нь ажилдаа дуртай байвал ямар ч ажил хөнгөн. Өөрийнхөө сонгосон мэргэжилдээ дуртай байх хамгийн чухал. Зөөгч ч бас гялалзаад, би сайхан үйлчлээтхэе гэвэл тэрнээсээ таашаал, эрч хүч авна.

- Тэгвэл хэр адал явдалтай мэргэжил вэ?

- Өөрийн ажил тэр чигээрээ адал явдал шүү дээ. Мөр гаргаад энергийг нь хэмжихийн тулд гурван жил амралтгүй ажиллаж, эхнэр салах дээрээ тулж байлаа. Шөнө оройгүй сууна. Дээр нь амралт өгөхгүй. Уг нь амралтаараа эхнэр хүүхэдтэйгээ далай явья гэсэн амралт өгдөггүй. Гэрийнхэндээ “Ямар ч байсан далай явж амарна” гэчихсэн байдаг. Мөр нь гардаггүй. Гарахгүй бол надад амралт өгөхгүй. Бараг өөрөө зурах шахам болж байж ашгүй нэг мөр гарч амралтаа шагналын мөнгөтэй аваад далай руу нисэж байв. Энэ адал явдал мөн биз? Тэр нэг хурдасгуурыг ажиллуулах гэж дээр нь суудаг ч адал явдал мөн үү, биш үү?

- Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудалд таны байр суурь ямар байдаг вэ?

- Монгол хэлэнд цөмийн хаягдал, хог, шаар гэж муухай хэлээд байгаа юм. Англиар бол used fuel гэнэ. Түүнд болохгүй юм байхгүй. Төрөөс баримтлах бодлогод тийм зүйл хийнэ гэсэн заалт байгаа. Гэхдээ тэрийг яаж хийх вэ гэдэг чухал. Цөмийн хэрэглэсэн түлшийг 1960, 1970-аад онд бетонон блоконд цутгаад далайд хаядаг байсан юм. Харин одоо больсон. Энэ чинь дараагийн бүтээгдэхүүний түүхий эд. Орчин үеийн хадгалах байгууламж гэдэг чинь том үйлдвэр. Тэр цацраг идэвхтэй юмыг авчраад хадгална. Түүнээс хэрэгтэй юмаа авна, цацрагтай хэсгийн цацрагийг дуусахыг хүлээнэ. Зарим цацраг дуусахад сая жил хэрэгтэй байх нь ч бий. Бүр болохгүйг нь битүүлээд хаданд гүн өрөмдлөг хийж хадгалдаг. Тэрийгээ боловсруулах технологи олсон цагтаа гаргаж ирээд боловсруулна. Орчин үеийн үйлдвэрүүд чинь байнга тэрнээсээ орлого олдог. Дээрээс нь тэр айл юмаа хадгалуулахдаа тогтмол мөнгө төлнө. Би хориод жилийн өмнөх үнийг мэдэж байна. Япон Орост 20 тэрбум доллар төлдөг байсан. Тэгэхээр боломжтой. Жижиг нутаг дэвсгэртэй хэдий ч Чех улс Европын орнуудын цөмийн хаягдлыг хадгалаад мөнгө олж байна. Тэрийг бизнес болгосон. Хэрэв манайхан өөрсдөө ураны үйлдвэр ажиллуулж түлш үйлдвэрлээд зарвал, хэрэглэсэн түлшийг нь өөрсдөө буцааж авна гэсэн гэрээ хийж байж зардаг учиртай. Гэхдээ авахдаа манайх зарсан юм чинь гээд зүгээр буцаагаад авчихдаггүй юм. Аваад хадгалахдаа мөнгөөр хадгална. Тэрнийхээ хөлсийг жил бүр аваад, мөнгөө өгөхгүй бол “Энийгээ ав” гэх боломжтой. Тийм учраас хэрэглэсэн түлш хадгалах байгууламж барих бодол бий. Харин энэ тухай шуугиан гарсны учир нь манайд хэдэн сүйхээтэй нөхөд гараад ирсэн юм. Нөгөөдүүл чинь олон улсын хяналтгүй зүгээр авчирч булах гээд байхгүй юу. Хүнгүй газар таних тэмдэггүй саарал онгоц нэг чингэлэг буулгаад л нисээд явчихна. Нөгөө чингэлгийг нь газар булчхаад юу ч болоогүй юм шиг яваад өгчих санаатай тийм юм хийх гээд байсан. Тэгэхийн тулд хэлэлцээр хүртэл явуулсан. Асуудал хариуцсан байгууллагаас нь тойруулж тийм хэлэлцээ хийгээд байв. Тэгэхээр нь тэр асуудлыг хариуцсан байгууллага нь “Тийм маягаар хийхгүй” гэсэн. Тойруу аргаар хийх гэж оролдохоор нь түүнийг нь илчилсэн хэрэг.

- Таны эзэмшсэн энэ мэргэжлийг сонирхож буй хүүхдүүдэд юу захиж хэлэх вэ?

- Их сайхан мэргэжил. Номыг нь шамдан сураад мэргэжлээ сайн эзэмших хэрэгтэй. Хоёрын хооронд биш. Эхлээд дипломтой, дараа нь мэргэжлийн болох ёстой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Биби

    Гоё сонирхолтой юм аа. Физикчдийг, инженерүүдийг маш их хүндэлж бахархдаг. Гэхдээ цөмийн станц, уран олборлолт, хаягдал булах зэрэг асуудлыг үхэн үхтэлээ эсэргүүцнэ.

    2023-09-12

    Хариулах (3)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.