Өндөр ууланд авирагчдад Б.Гангаамаа юу гэж зөвлөв?
Мэргэжил бүхэн сонин
2024-05-24
Монгол улсын Гавьяат тамирчин, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Гангаамаа өндөр ууланд авирагчдад зориулж 17 бүлэг бүхий зөвлөгөө бэлтгэснийхээ эхний хэсгийг Фэйсбүүк дэх Gangaamaa Badamgarav хуудсандаа өчигдөр нийтэлсэн юм. Иргэдийн уулын авиралтын боловсролд нэмэр болох зорилготой уг зөвлөгөөг бид энэ салбарыг сонирхогчдод онц тустай юм хэмээн үзэж, зохиогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр энд нийтлэв. Үргэлжлэлийг мөн нийтэлнэ.
Цуврал 1
Хэдийгээр уул гэдэг аугаа том асуудал ч гэсэн маш товч тайлбарлахыг оролдлоо. Гүйцэд уншихыг хичээгээрэй.
1. Авиралтын улирал /Best season or climbing season/
2. Өндөр уулын цаг агаар /Mountain forecast/
3. Өвлийн авиралт /Winter climbing/
4. Хималай хэлбэрийн авиралт /Himalaya style/
5. Альп хэлбэрийн авиралт /Alpine style/
6. Ганцаарчилсан авиралт /Solo climbing/
7. Хөтөчгүй авиралт /Climbing without guide and sherpa/
8. Хүчилтөрөгчгүй авиралт /Climbing without oxygen supplement/
9. Хүчилтөрөгчтэй авиралт /With оxygen supplement/
10. Орон нутгийн хөтөч буюу шерпагийн дэмжлэг /With support sherpa/
11. Өндрийн болон намын ачаа үүрэгч /Low porter and High altitude porter/
12. Хамгаалалтын олс /Fixed ropes/
13. Эхлэх цаг эргэх цаг /Alpine start and turn around /
14. Өндөр авалт, өндөрт дасах /Acclimatization/
15. Нам өндөр, Өндөр, Хэт өндөр /Low high, High, Ultra high/
16. Уулын дүрэм /Mountain rules/
17. Бөмбөгийг яах гэж өшиглөдөг вэ? Торонд оруулах гэж. /Why does one kick the football? To score the goal/
1. Авиралтын улирал /Best season or climbing season/
Өндөр уулын авиралтанд чухал нэг зүйл бол авиралтын сайн улирлыг сонгох юм. Сайн гэдэг нь мэдээж хүйтэн дулааны тогтвортой таатай нөхцөл байдал, зам харилцаа зэргээс гадна цас мөсний бат бэх найдвартай тогтоц, бүтэц бүрэлдэн тогтож аюулгүй байдлын зэрэг дээшилсэн тэр улирал хамгийн гол үзүүлэлт юм. Хималайн ууланд авиралтын хаврын, намрын гэсэн нийтлэг хоёр улирал байдаг ба өвлийн улирлын авиралт бол онцгой тохиолдол. Эверэстийн улирал нь мөн хаврын, намрын гэж байдаг ба намрын улиралд авиралт бараг хийдэггүй бөгөөд амжилт олох боломж ховор. Гэхдээ огт хийж болохгүй гэсэн үг бол биш. Тиймээс сайн улирал нь хаврын 4-5 сар юм. Улирал 6 сарын 1 гээд хаагддаг. Учир нь муссон салхи, борооны улирал нь эхэлж, мөсөн голууд нь хайлж нурж эхэлдэг. Намрын улиралд цас мөс нь бэхжээгүйгээс гадна уул руу дээшлэх тутам цагийн байдал цаашилж байгаа учир хүйтнийг давахад бэрх болно.
2. Өндөр уулын цаг агаар /Mountain forecast/
Ууланд авирахад тухайн уулын цаг агаар номер нэг асуудал. Цаг агаарын мэдээллийг өгдөг сайтууд хэд хэд байдаг бөгөөд тэд хоорондоо тун ижил дөхүү хэлдэг. Ууланд авирахад цаг агаарын мэдээг 7, 10 хоногоор авч ерөнхий тоймоо гаргахаас гадна 5 хоногоор нарийвчилсаар сүүлийн 3 хоногийг үлдээж түүнийгээ гурав гурван цагаар нарийвчилж тооцсоноор онож буудах ба сая итгэлтэй болно.
Уулын авиралтанд цас, хүйтэн хоёроос илүүтэй нөлөөлөх зүйл бол салхи байдаг. Дараа нь цас, хамгийн сүүлд хүйтэн орно. Гэхдээ л өндөр уулын цас бороо нь тогтвортой байсан ч салхины хурд чиглэл үргэлж өөрчлөгддөг. Өндрийн салхи 20 км/цагаас доош боломжийн гэх ба 40 км/цагаас дээшлээд байвал таагүй болж эхлэнэ. 60 км/цаг хүрвэл боломжгүй. Гэхдээ эдгээр салхины үед хэр өндөрт, хаана байхаас шалтгаалж таны ажиллах боломж хэмжигдэнэ.
Уулын цаг агаар завсаргүй нүдээд байдаг ч юм биш. Цонх гарна гэж байдаг. Тэр цонхыг л хүлээх тэвчээртэй байх хэрэгтэй. Хималайн тэр дундаа Эверэстийн авиралтыг орой эхэлж шөнө авираад өглөөгүүр оргилд гарахаар төлөвлөдөг. Учир нь өндөр уул шөнө дундаас хойш тогтворжсоор үүрээр буюу өглөөгүүр хамгийн тогтуун байж байгаад нар хөөрсөний дараа үүл гарсаар үд дундаас хойш салхи гарч аашаа хувирган муудаж эхэлдэг. Тиймээс хамгийн тогтуун үед оргилд гараад, муудахаас өмнө кемп дээрээ буух нь аюулгүй байдлын сүпер төлөвлөгөө юм. Тиймээс эхлэх цаг, эргэх цаг гэдгийг мөрддөг болно.
3. Өвлийн авиралт /Winter climbing/
8000 м өндөртэй ууланд өвлийн авиралт хийдэг ч цөөхөн тохиолдолд мэргэшсэн бүрэлдэхүүнтэй, өндөр бэлтгэл, хувцас хэрэглэлтэйгээр хийдэг. Ууландаа хүрч очих нь том асуудал байдаг. Ер нь өвөл ч бай зун ч бай том уулын том экспедиц уулын хормойд хүрч очиход маш олон хүний хүч хөдөлмөр ордог. Тэрнээс уулчид өөрсдөө ачаагаа үүрээд гүйгээд оччихдог юм байхгүй.
Эверэстийн өвлийн авиралтын оролдлого хамгийн сүүлд 2020 онд санагдаж байна. Норбу шерпа тэргүүтэй шерпа нарын баг хийж байсан. Гэхдээ оргилд гарч чадаагүй. Энэ тусдаа асуудал тул ингээд орхиё.
4. Хималай болон Альп хэлбэрийн авиралт /Himalaya style and Alpine style/
Уулын авиралтанд ерөнхийдөө Хималай ба Альп хэлбэрийн авиралт гэсэн нэршил яваад байдаг. Товчхондоо бол энэ хоёр нь олс ашиглаж авирч байгаа хэлбэрээрээ тодорхойлогдоно.
Хималай хэлбэрийн авиралт:
Урьдчилж бэхэлсэн хамгаалалтын олсонд зориулалтын олс болон багаж ашиглаж өөрийгөө холбож хамгаалаад авирах. Энэ хэлбэрийн авиралтанд үзэгдэх орчны нөлөөлөл бага, бас шөнө авирч болдог. Олсноосоо л гарахгүй зөв шилжээд явах юм бол унах, төөрөх, салхинд шидэгдэж хийсэх мэт бэрхшээлүүд гарах нь маш бага. Мэдээж та өөрөө маш чадалтай, чадвартай, хяналттай байх юм бол шүү дээ. Хэт өндөрт энэ хэлбэрийн авиралтууд болдог. Хэт өндөр бол хүний ажиллах чадварыг нам унагана. Байгалийн ямар нэг давагдашгүй хүчин зүйл болоход аврагдах боломж бараг л байхгүй.
5. Альп хэлбэрийн авиралт
Багаараа дундын олсонд холбогдоод /2,2:1 3:1/ ахлагч, хөтөчтэй, эсвэл хосолж өөрсдөө өөрсдийгөө хамгаалж авирахыг хэлнэ. Энэ авиралтанд үзэгдэх орчин, салхи, хүйтэн бүгд хамааралтай. Мөсөн гол, эгц хад, цас мөсөн налуу дээр аюулгүй байдлыг дээд зэргээр хангах гадас, шрупп, анкер зэргийг өөрсдөө тавих асуудал яригдана. Авиралтын ур чадвар, чадамж нэн чухал. Энэ авиралтууд ихэнхдээ нам өндөрт хийгддэг.
Гэрэл зургийг зохиогчийн Фэйсбүүк хуудаснаас авлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.