Ц.Дашзэвэг: Эм зүйч хүн хэзээ ч тэтгэвэрт гардаггүй
Мэргэжил бүхэн сонин
2023-11-01
Монголын орчин үеийн эм зүй, эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнгөрөгч долоо хоногт тохиосон билээ. Тиймээс бид энэ салбарт 55 жил ажиллаж буй Монголын анхны эмийн технологичдын нэг, “Этүгэн” ангаах ухааны их сургуулийн багш Ц.Дашзэвэгийг “Мэргэжил бүхэн сонин” буландаа урьж ярилцлаа.
- Эм зүйч мэргэжлийг хэрхэн сонгосон талаар нь яриагаа эхэлье?
- Би Анагаах ухааны дунд сургуулийг эм найруулагчийн мэргэжлээр гурван жил онц дүнтэй суралцаж төгссөн хүн. 1967 онд юм. Дундаа төгсөөд дээд сургуульд орох гэж очтол эмийн анги нь таван жил хүүхэд элсүүлэхгүй гээд завсарласан байлаа. Тэгээд “Гурван жилийн дараа танай анги нээгдэнэ. Ганцхан орос хэлний шалгалт өгөөд элсэж болно” гэж байна. Ингээд Налайхын эмийн санд ажилд орсон юм. Тэнд ажилладаг эгч дээрээ очоод амьдарч байтал ханьтайгаа учирч хоёр хүүхдийн ээж болов. Гурван жил болоод дээд сургуульд орно гэсэн хүн тэгж явсаар долоон жилийн дараа сургуульдаа орохоор хотод ирлээ. Элсэхдээ юун орос хэлний шалгалт өгөх, бүтэн мэргэжлийн шалгалт өгч байж эмчийн ангид оров. Эхний жилээ саваагүйтээд хүүхдийн эмчийн анги сонирхоод яваад байлаа. Тэгтэл нэг өдөр сургууль дээрээ Улсын эм хангамжийн газрын дарга Содномдаржаа гэдэг хүнтэй тааралдлаа. Мэндэлтэл өөдөөс “За сургуульдаа орчихсон уу. Эмийнхээ ангид орсон биз? Мэргэжлээрээ ажиллана шүү нөхөр минь!” гээд л таньж байна. Би ч эмчийн ангид орсноо хэлж чадахгүй байсаар өнгөрсөн ч дараа нь тэр үг нь миний бодлыг өөрчилсөн юм. Ерөөсөө салбарын дарга нь намайг таньж байхад эмийнхээ ангид орно оо гээд л шилжчихсэн. Тэгээд 1979 онд дээд сургуулиа эмийн технологич мэргэжлээр дүүргэсэн дээ. Төгсмөгц намайг Эм хангамжийн газраас Сүхбаатар аймгийн эмийн сангийн конторын даргаар явуулна гэв. Тухайн үед төгсөгчдийг шууд л хөдөө томилчих гээд байдаг байлаа. Гэвч би хоёр хүүхэдтэй, хотод гэр орноо төвхнүүлсэн хүн юу гэж хөдөө явах вэ, учир байдлаа хэлээд л үлдсэн. Тэгээд улсын ганц эмийн үйлдвэрийн нөхөн сэлбэх шингэний цехэд эмийн технологичоор ажилд орлоо. Надаас гадна манай ангийн хоёр ч хүүхэд тэнд хуваарилагдсан юм. Ингээд бодоход анх 22 настайгаасаа эм хангамжийн салбарт ажиллажээ.
- Тэгэхээр таны залуу нас эмийн үйлдвэрт өнгөрчээ?
- Эмийн үйлдвэр, эмийн сан, эмчийн сургууль гээд бүгдэд нь ажилласан байна. Улсын эмийн үйлдвэрийн бүх цехэд орж ерөнхий инженер-технологич хүртлээ ажилласан. Одоо үйлдвэрт ажиллаж байсан үеэ дурсаж ярихад сайхан байна. Үйлдвэрийн хашаагаар хөл гишгэх зайгүй 10, 20 литрийн баллон дүүрэн. Хашаан дотор шахмал эм, үрлэн эм, тун шилтэй тарилга, хандалсан уусмал, хөвөн, бинт, хэвлэлийн цех байснаас гадна хяналт шалгалт болон зохион бүтээх лабораторитай байв. Бүх юм нэг дор цогцолсон тэр том газрын нэг хэсэг болж, маш их зүйл сурч мэдсэн дээ. Шахмал эмийн цехэд гэхэд л нэг бэлтгэлийн машин, тэгээд л дан эмэгтэйчүүд ажилладаг байлаа. Ажлыг нь шалгаад ороход ярайсан цагаан халаад, масктай хүүхнүүд нэг их урт ширээний хоёр талд суугаад эмээ боож, тоолж, савлана. Арав, зургаан ширхэгээр нь чихэр шиг тусгай цаасанд боогоод нэг өдрийн нормоо гүйцэтгэж байгаа нь тэр. Ам нь ч хөдөлнө, гар нь ч хөдөлнө. Ажил тэгж л явагддаг даа гэмээр бахдалтай сайхан харагддаг байв. Тэр ч бүү хэл, бид нар өөрсдөө шилээ үйлдвэрлэж, хайрцаг саваа хийдэг байсан. Амбек гэдэг машинаар шилээ зүсэж, гурав, тав, арван граммын тунгийн шил хийгээд ариутгаж цэвэрлэнэ. Дараа нь савлаад хэвлэх үйлдвэртээ стандартын тусгай номер, хаяг хийлгээд гаргадаг. Савлах, хаяглах ажлын ихэнх нь гар ажиллагаатай, нэр бичихдээ хүртэл тусгай бултай машинаар бичдэг байсан. Хэрэв эмний нэр, тун, дооз хэмжээ нь хагас дутуу байвал эхнээс нь ахиад хийнэ. Уусмал хандмалын цехэд долоон том зэс тогоотой байлаа. Анх үйлдвэр байгуулагдаж байхад үүдээр багтахгүй болохоор нь дээврээр оруулж байсан гэж сонсож байсан. Тэр тогоондоо уламжлалт аргаар долоогоно, алтан гагнуур, нохойн хошуу зэрэг эмийн ургамлыг хандалж уусмал бэлтгэнэ. Харин ороох, боох цехэд хөвөн, бинтээ хийнэ. Зөвлөлтөөс авчирсан том том боодолтой хөвөнг задлаад 50 граммын хэмжээтэй болгож жижиглэнэ. Бинтийг харин 7.5 см-ээр таслаад боож ариутгана. Хэвлэлийн цехдээ бол эмийн нэр, сери дугаар, он сар, хэмжээ тунг нь бичиж хэвлээд, боох цаасыг нь бэлтгэнэ. Судсаар хийдэг халуун тариа, том том дуслуудаа хүртэл манай эм найруулагч, эм зүйчид өөрсдөө хийнэ. Хэрэглэсэн шилээ хэдэн удаа чанаж ариутгаад дахин ашиглана. Заримдаа шилээ ариутгахын тулд өдөржингөө тогоонд чанадаг байв. Улсын ганц эмийн үйлдвэр байсан учир ямар ч өвчлөл гарсан эмээ тасралтгүй хийж нийлүүлнэ. Энгийн үед эм хангамжийн зааврын дагуу эмнэлгийн хэрэгцээнд зориулж үйлдвэрлээд эмнэлгүүддээ нийлүүлнэ. Аймаг, орон нутагт бол тухайн газар байгаа мэргэжилтнүүд өөрсдөө эмээ үйлдвэрлэнэ. Импортоор эм оруулж ирэх нь ховор. Харин зарим тоног төхөөрөмж, түүхий эдээ Зөвлөлтөөс авчирна. Сайхан том үйлдвэр байлаа даа.
Ц.Дашзэвэг оюутан нөхдийн хамт.
- Үйлдвэр хэчнээн ажилчидтай, цалин хөлс хэдийг авдаг байв?
- Намайг ажиллаж байхад Эмийн үйлдвэрт 300 гаруй хүн ажилладаг байсан. Шахмал эмийн цех 150, тун тарилгын цех 20, хандмалын цех 20, ороох боох цех 10, хэвлэлийн цех 10 гаруй ажилчидтай. Дээрээс нь захиргаа, борлуулалтын хэсэг байна. Дэргэдээ бас механик цехтэй. Тоног төхөөрөмж эвдэрвэл цаг алдалгүй засаж өгдөг. Цехүүдийг нэг технологич удирдана. Түүнийг мастер гэж дууддаг. Цехийн өдөр тутмын үйл явц, ажилчид гээд бүгдийг нь зохион байгуулна. Дээр нь хяналтын лабораторийн ерөнхий инженер, технологич нар дамжлага бүр дээр өдөр тутам шалгана. Ийм л өргөн бүрэн бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан. Ажилчид хийснийхээ хэрээр цалин авна. Тийм болохоор ажлыг урамтай хийнэ. Заримдаа ажилчид маань “За мастер аа, өнөө орой хоёр цаг сунгаад ажиллая. Энэ сард мөнгөний хэрэг их байна” гэдэг байлаа. Тэгээд цехийн мастераасаа зөвшөөрөл авч гарын үсэг зуруулан баталгаажуулаад илүү цагийн нормоо гүйцэтгээд л цалингаа нэмээд авна.
- Хамт ажиллаж байсан сайчуулаасаа нэр дурдвал?
- Манай үйлдвэрт байнга л судалгаа хийж, шинэ соргог юм сэдэж байдаг Цэрэндэндэв гэдэг хүн байсан юм. Тэр хүн манайдаа эм зүйч мэргэжлийг эзэмшсэн анхдагчдын нэг, лабораторид судалснаа үйлдвэрт туршиж явдаг. Сүүлд Цэрэндэндэв гуай ажилдаа ирэхээ болиод, бие нь муудсан сураг гарахаар нь эргэж очсон чинь овоо дээрдчихсэн сууж байна. Та яав ийв гэтэл “Өвдөөд их ядарлаа. Хүн өвдөөд ирэхээр эхлээд хурдхан үхэхийг л боддог юм байна. Гэхдээ би янз бүрийн ургамал, бүх л ашигтай гэсэн юмнаас судалж байгаад өөрийгөө эмчиллээ” гэж ярьж байсан. Түүгээр нь бид маш их бахархаж байлаа. Бас анх намайг Эмийн үйлдвэрт очиход Лувсаннамжил гэдэг хүн дарга хийж байлаа. Тэр хүн Зөвлөлтөд сургууль төгсөж ирсэн Цэрэндэндэв гуайтай хамтарч, зохион бүтээх лабораторид их юм хийдэг байж л дээ. Ажлаа өгөөд явсан хойноо Ганданд суудаг болсон. Хамт ажиллаж байхдаа анзаараагүйгээс биш тэр хүн мундаг лам байсан юм билээ. Гандангийн төвд эм танг нь хариуцдаг болсон гэдэг. Сүүлдээ бид даргадаа очиж мөргөдөг байсан шүү.
- Та үйлдвэрт ажиллаж байхдаа эм шинээр бүтээж байв уу?
- Үйлдвэрийн лабораторид манайхан Ардчилсан Германы“Травидин” гэж хүүхдийн тэжээлийн витаминтай төстэй “Соёолжин” нэртэй эмийг хийдэг байлаа. Өөр ч олон эм гаргаж байсан. Миний санаж байгаа нь энэ. Би бол цоо шинэ эм хийж байгаагүй ээ. Гэхдээ гадаадад хийдэг эмийг Монголын хөрсөнд нэвтрүүлэх тал дээр судалгаа хийдэг байлаа. Жишээ нь, эмэгтэйчүүдийн “Витамин В-6” шахмал, “Седуксин” хэмээх нойрны эмийн технологийг шинэчилсэн. Нийтдээ 60 гаруй нэр төрлийн эмийн технологийн зааврыг шинэчилсэн дээ. Харин “Монос”-д ажиллаж байхдаа би нэг зүрхний витамины стандарт технологийг шинээр бичиж батлуулж байсан. Тухайн үед байгууллагын тоног төхөөрөмж дээр хийсэн болохоор зохиогчийн эрх нь байгууллагад хамаардаг юм билээ. Түүний дараа 2000-аад оны үед үе мөчний ревматизм өвчинд хэрэглэдэг тос хийж байлаа. Гаа, вазелин, салицилын хүчил орцонд нь ордог юм. Мөн ханиаднаас урдьчилан сэргийлдэг “Окситоцин” гэдэг эмийг хийх гэж оролдож байлаа. Тэрийг хийхдээ “Бороментол” гэж нэрлэж байсан. Хамартаа түрхэхэд сайхан ч үнэртэй, ханиаднаас урьдчилан сэргийлдэг шидтэй. Тэд бүгд эрэлт хэрэгцээ ихтэй байсан ч сүүлдээ материал нь олдохоо болиод үйлдвэрлэхээ больчихсон. Сүүлд “Монос” үйлдвэрт цэр ховхлох “Читамон” эмийг хийхэд оролцож байлаа.
- Улсын эмийн үйлдвэр 2005 онд хаагдсан. Тэр үеийн ажилчид нь хэрхсэн бол?
- Улсын эмийн үйлдвэр тарсны дараа ажилчдыг нь шинээр нээгдсэн “Монос”, “Тавин-Ус” зэрэг эмийн үйлдвэрүүд булаацалдаад л авсан байдаг. Эм үйлдвэрлэхийг олон жилийн турш өдөр бүр харж, хийж дадсан хүмүүс ажилгүй болно гэж байхгүй. Харин би “Монос” эм зүйн сургуулийг анх нээхэд нь цагаар багшилж эхэлсэн. Үүнийхээ дараа “Этүгэн” анагаах ухааны сургуульд үндсэн багшаар ороод одоог хүртэл ажиллаж байна.
Эмийн үйлдвэрийн хамт олон.
- Эм зүйч гэдэг ойлголтыг хүмүүс явцуу хүрээнд ойлгоод байдаг. Та ямар мэргэжил вэ гэдгийг тайлбарлаад өгөөч?
- Эм зүйч хүн тэтгэвэрт гардаггүй. Хөдөө хот хаана ч учраа олоод ажиллачихдаг. Хөдөлмөрийн чадвараа алдатлаа ажиллана гэхээр өөрийгөө хойш тавьж боломгүй. Орчин үеийн залууст ч “Та нар маш сайхан мэргэжил эзэмшиж байгаа шүү” гэдгийг тогтмол хэлдэг. Хүмүүс ихэвчлэн лангууны хойно зогсож байгаад эм өгдөг хүн гэж ойлгодог. Гэвч эмч зүйч хүн эмийг яаж хэрэглэх, ямар өвчинд үйлчилдэг гэдгийг нэгд нэгэнгүй мэдэж байх ёстой. Ер нь бол клиникийн чиглэлд ч ажиллаж болдог. Тогтмол судалгаа хийнэ, эмч нар оношоо зөв тавьж байна уу гэдэгт хяналт тавина, эм нь тухайн хүнд таарах уу гэдгийг эмчтэйгээ ярилцаж зөв эмийг олгоход тусална. Тийм болохоор эмийн санд худалдаалж буй бүх эмийг мэддэг байх учиртай. Цаашлаад лабораторид эмийн судалгаа хийж болно. Судалгааны үндсэн дээр эм зохион бүтээж ч болно. Манайд “Монос” эмийн үйлдвэрийн захирал Л.Хүрэлбаатараас эхлээд шинэ эм зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа хүн олон. Шалгагч, шинжлэгч, эм зүйч, эм найруулагч тус тусдаа үүрэгтэй л дээ.
- Оюутнууд энэ мэргэжлийг сонирхох нь хэр байна вэ?
- Намайг суралцаж байх үед Анагаахын дээд сургууль жилдээ 20 гаруй хүүхэд төгсгөдөг байсан. Одоо бол сургуулиуд нийлээд жилд мянгаад хүүхэд төгсгөдөг болсон байх. “Этүгэн” их сургууль гэхэд л жилд энэ мэргэжлээр 200 хүүхэд төгсгөж байгаа. Би “Монос” дээд сургуулийн анхны 24 эм зүйчийг төгсгөж байсан. Тэднээс дөрөв нь багш болж, гурав нь доктор хамгаалсан байна. Дараа нь “Этүгэн” их сургуульд ирээд энэ сургуулийн анхны эм зүйчдийг төгсгөж байлаа.
- Шавь нартаа та юуг эн тэргүүнд чухалчлан захидаг вэ?
- Манай мэргэжил зүгээр суухын аргагүй мэргэжил. Одоогийн оюутнууд эмийн салбарт дандаа шинэ сэдвээр эрэл хайгуул хийж эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэдэг болсон. Тэр болгонд л “Та нарт бүрэн бололцоо байна. Энэ чиглэлээр улам илүү ихийг судлаарай, мэргэжил дээшлүүлээрэй” гэж хэлдэг. Учир нь манай улс маш баялаг эмийн нөөцтэй. Байгаль дээр ургаж байгаа шимт чанар сайтай эмийн ургамлаар ямар ч өвчнийг анагаадаг гэхэд хилсдэхгүй. Эмийн ургамлыг байгалиас нь шууд түүж хэрэглэдэг манай Монгол шиг улс ховор байх аа. Дандаа л тарималжуулсан байдаг. Би өөрөө ч эмийн үйлдвэрлэлийн хичээл орохоод сэргээд явчихдаг. Өөрийн мэдсэн багахан эрдмээ хүүхдүүддээ сайхан хэлээд өгчих юмсан гэж боддог. Тэгээд л гэрийн нөхцөлд цэр ховхлох, уушгины цай, чацарганы тос, бөөрний зэхмэл, долоогоно, алтан гагнуурын ханд гаргаж авах аргаасаа хэлж өгнө. Оюутнууд ч зохих журмын дагуу туршина, судална.
- Эмийн ургамал түүх ажилд оюутнууд өөрсдөө явдаг уу?
- Оюутнуудаа дадлагаар хөдөө их авч явна. Нэг удаа Төв аймгийн Дэлгэрхангай сум руу явахаар болов. Тэр үедээ ургамал судалдаг нэг хөгшинтэй хамт явсан юм. Очсоны маргааш нь бүгд эмийн ургамлын эрэлд гарч, зарим нь ходоод, гэдсэнд сайн гэгддэг мэхээр цуглуулах болов. Тэгээд л оюутнууд маань хулганы үүрний эрэлд гарч, дайралдсан нүх болгоноосоо уут уутаар нь мэхээр түүгээд байж. Тэгсэн өнөө хөгшин давхиж очоод “Хүүе, та нар хулганы цуглуулсан идэх хоолыг бүгдийг нь авчихлаа. Жаахан юм үлдээ, хулгана чинь боож үхдэг юм” гэж байна. Оюутнууддаа тухайн үед сайн хэлж өгөөгүй болохоор зарим нь хөеөг нь буцааж хийгээд, авахыг нь аваад л явсан. Бид тэндээс нэг тонн мэхээр түүж байсан шүү. Хөдөө дадлагаар явахдаа тарваган шийр, тэхийн шээг, сөд өвс гээд л ашиг тустай эмийн ургамал бүгдийг түүж, юунд ашиглаж болохыг нь судалдаг даа.
- Мэргэжил нэгтнүүддээ хандаж таны хэлэх үг юу байна вэ?
- Эм хангамжийн салбарын мэргэжилтнүүдийг байгальд ургадаг эмийн ургамлуудаа хайрлаж гамнаасай гэж хүсдэг. Ялангуяа мэдэхгүй нэгэндээ эмийн ургамлын талаар болох, болохгүйг хэлдэг, зөвлөдөг байх учиртай. Жишээ нь, Монголд хамгийн эрэлт хэрэгцээтэй ургамал ганга өвс байна. Гэдэс, ходоод, ариутгал, утлага, цэр ховхлох, уушги цэвэрлэх гээд олон талын ашиг тустай. Ядаж л энийг үндэстэй нь авчирч ирээд зардаг баймааргүй байна. Харин нийт олондоо хандаж, эмийг тунгаар нь хэрэглэвэл эм, хэтрүүлбэл хор болдог гэдгийг сануулан хэлье дээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.