Хатанбаатар Магсаржавын нэгэн захидал
Муугийн ёс биш
2023-04-11
Ардын Хатанбаатар Магсаржаваас Дилав хутагт Б.Жамсранжавт илгээсэн нэгэн захидлыг толилуулж байна. АНУ-ын Конгрессийн номын сангийн ажилтан М.Саруул-Эрдэнэ өнөөдөр Фэйсбүүк хуудсандаа энэ захидлын эхний буюу нэгээхэн хэсгийн гэрэл зургийг нийтэлсэн бөгөөд үзсэн хүмүүс Хатанбаатар жанжны бичгийн хэвийн гоёмсог, хэл найруулгын уран сайхныг бахдан хэлэлцэх тул улам улмаар түгээн уншигч олноо толилуулах нь зүйтэй хэмээн манай редакци үзэж нэгдүгээрт, тэрхүү гэрэл зургийг, хоёрдугаарт, уул бичгийг унших олонд амар дөхмийг бодож кирилл бичигт буулган энд нийтлэв. Уг эхэд Богд эзэн, авралт багш, ачит багш хэмээн гурван газар мөр тэтгэснийг энд кирилл үсгээрх эх бичгийн ёсонд нийцүүлэн тэгшитгэлээ.
Тэнэг шавь Магсаржав наманчлан,
Авралт багш сайд хутагт таны түмэн амгаланг эрж өргөх ялдараа дэвшүүлэхүй ину, сая шагнасан захиа хадгийг хүлээн хүртэж учрыг мэдэвэй. Шигүрбэйгийн харьяат хасагийн амь хуучин нутаг газрыг мөрөөдөн хүсэж дагаж орон ирэхүйг Шигүрбэй лугаа хэлэлцэж, басхүү санаа дагуу хасагууд дор зөвлөлдөж, хэрвээ олноор эс дагавч амь бие цөөхэн эрүгэ хасагийг дагуулан авч танай Монголын төрд дагаж ирмүй хэмээн бичиг олгохуйг гуйсан дор танай хасагууд Богд эзний соёл дор хандаж эрэн орон ирвээс таны эцэг өвгөдийн хүүр яс оршуулсан сүмийн ойр идээшсэн хуучин нутагт нутаглуулж үүрд сайнаар хамгаалан аж төрүүлж болмуй хэмээн түүний гарт бичиг шийтгэн өгснөөс гадна, нэгэнтэйгүүр мөн энэ учрыг гаргаж Шигүрбэйд захиа өгчилгөв. Урвасан хасагийн хэрэгт нөгөө төмөр утас цохиулсны хариу эдүгээ болтол ирээгүй дэмий хүлээн сууж буй. Жич авралт багш таны лагшин хараахан тэгш амгалан болоогүй хэмээхүйг сонсож олон бид бүхний үйл нүгэл хүндийн хараагаар ачит багшийн лагшин чилээрхсэн дүрийг үзүүлж буй болов уу хэмээн тэсгэлгүй сандууран зовниж биеэр бараалхан мөргөж чилээг тайтгаруулан шавдныг бататгахын хутгийг гуйхуйг цаг үгүй хүсэн залбирах боловч энэхүү уршигт хасгийн хэрэгт...
Гэрэл зургийг Facebook дэх Мягмар Саруул-Эрдэнэ хуудаснаас авав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.