Филиппин: Эрчим хүч, шатахууны хямралаас гарахад Япон улс 440 сая доллароор тусална
Такаичи Санаэ АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр. © Nhac Nguyen - Pool AFP

Филиппин: Эрчим хүч, шатахууны хямралаас гарахад Япон улс 440 сая доллароор тусална


   Япон улс Филиппиний эрчим хүчний хямрал, шатахууны үнийн өсөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй UPLIFT хөтөлбөрт 70 тэрбум иен буюу ойролцоогоор 440 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ нь Филиппиний мөнгөн тэмдэгтээр 28 тэрбум песо бөгөөд өнгөрөгч долоо хоногт Манила хотод болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Такаичи Санаэгийн амласан тусламж юм. UPLIFT буюу амьжиргаа, үйлдвэрлэл, хүнс, тээврийн нэгдсэн дэмжлэгийн хөтөлбөр нь түлш, цахилгааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, нийтийн болон арилжааны тээврийн зардлыг бууруулах, үнийн өсөлтөд өртсөн өрхүүдийг хамгаалахад чиглэдэг. Хөтөлбөрийн хүрээнд 7.5 сая өрх буюу 37.5 сая орчим иргэнд мөнгөн тусламж үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийтийн тээврийн жолооч нарт түлшний татаас олгоно.  

   Филиппинд инфляц аравдугаар сард 7.8 хувьд хүрч, 2023 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд очсон нь Ойрх Дорнодын мөргөлдөөн, газрын тосны үнийн өсөлттэй холбоотой юм. Тус улс хэрэгцээт нефтиэ Ормузын хоолойгоор дамжуулан авдаг тул бүс нутгийн мөргөлдөөн эрчим хүчний хангамжид шууд нөлөөлж байна. Японы санхүүжилт нь POWERR Asia хэмээх Азийн эрчим хүч, нөөцийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх 10 тэрбум ам.долларын санаачилгын хүрээнд олгогдох юм. Уг санаачилга нь улс орнуудыг газрын тос худалдан авах, стратегийн нөөц бүрдүүлэх, эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Японы талын мэдээллээр тус улсын 1800 гаруй компани Филиппинд үйл ажиллагаа явуулдаг тул тус улсын эдийн засгийн тогтвортой байдал Японы үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлтийн сүлжээнд ч чухал нөлөөтэй ажээ.  

   70 тэрбум иений санхүүжилт нь буцалтгүй тусламж бус, хөнгөлөлттэй нөхцөл бүхий яаралтай дэмжлэгийн зээл бөгөөд жилийн 2.7 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.