Америкийн алдартай тулаанч Монголд аялсан тухайгаа юу гэж ярив?
Х.Масвидал Монголд. © Mongolia Live

Америкийн алдартай тулаанч Монголд аялсан тухайгаа юу гэж ярив?


   АНУ-ын холимог тулааны тамирчин асан, промоутер Хорхе Масвидал (Jorge Masvidal) холимог тулааны сэдвээр дагнасан “Pound 4 Pound” подкастад ярилцлага өгөхдөө 2025 онд Монголд зочилсон тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Австралийн “Lifecykel” брэндийн зохион байгуулсан тусгай хөтөлбөрт оролцохоор өнгөрсөн оны долоодугаар сард Монголд ирсэн байна. Улмаар “Lifecykel” брэндийн багтай хамт Монголоор 10 хоног аялсан бөгөөд тэднийг UFC-ийн монгол тамирчин Д.Батгэрэл угтан авч, хөтөч хийсэн гэнэ. Х.Масвидал долоодугаар сарын дундуур ирсэн тул улсын болон орон нутгийн хэд хэдэн наадмыг үзжээ. Аяллынхаа талаар тэрбээр уг подкастад ярихдаа “Бид хөдөө болсон морины уралдаан үзсэн юм. 30 километр уралддаг энэ уралдаанд зургаа, долоон настай жаахан хүүхдүүд морь унаж байв. Монгол хүүхдүүд морин уралдаанд хоёр, гурван настайгаасаа бэлтгэгддэг юм байна. Уралдаанд түрүүлбэл шагналд нь их мөнгө авна. Бараг хэдэн зуун мянган доллар. Авснаа уяачид болон хамт бэлтгэл хийсэн хүмүүстээ хувааж, хүн үлдээлгүй хувь хүртээнэ. Унаач хүүхдүүд 11, 12 нас хүрээд моринд хүнддэж эхэлдэг. Багаасаа ийм хатуужил дунд өссөн хүүхдүүд мундаг тулаанч болох бүрэн боломжтой" хэмээжээ. Монголд аялсан аяллаа дүгнэхдээ тэрбээр "Би Ази, Европ, Өмнөд Африкийн маш олон оронд очсон. Энэ олон орноос надад хамгийн ер бусын санагдсан нь Монгол улс байлаа" хэмээн хэлсэн байна.

   1984 онд АНУ-ын Майами хотод төрсөн Х.Масвидал куба аав, перу ээжтэй бөгөөд Майамигийн гудамжны нударган зодооны тэмцээнүүдэд оролцон нэрд гарч, улмаар холимог тулааны MMA холбоонд элсэн спортын замналаа эхлүүлжээ. Тэрбээр 2019 оны долоодугаар сард болсон тэмцээний үеэр тулаанч Бен Аскренийг эхний үеийн тав дахь секундэд өвдөгний цохилтоор нокаутад оруулсан нь UFC-ийн түүхэн дэх хамгийн хурдан ялалт болж бичигдсэн юм. Х.Масвидал 20 жил үргэлжилсэн тулааны замналаа (35 ялалт, 17 ялагдал) 2023 онд өндөрлүүлсэн бөгөөд өдгөө өөрийн үүсгэн байгуулсан “Gamebred Fighting Championship” зэрэг тулааны холбоодыг удирдан ажилладаг байна. “Pound 4 Pound” подкастын хөтлөгч Камару Усман, Хэнри Сехудо нар нь UFC-ийн дэлхийн аварга, алдартай холимог тулаанчид юм. 

Холимог тулааны тамирчин Д.Батгэрэл, Х.Масвидал, Реппэр Big Gee нар. © Big Gee  

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.