images

Найм дахь үеийн цуурч Б.Наранбат: Цуур тоглохоор хүмүүс шоолдог байсан үе бий

Н.Ариунсайхан

Муугийн ёс биш

2023-01-31


Өнгөрсөн зуунд Монголын биет бус соёлын өвийн нэгээхэн хэсэг цуур тоглох, тууль хайлах ёсыг тээн түгээж, энэ нандин соёлын уламжлалыг цагийн бэрхэд тасалдуулалгүй хойч үедээ өвлүүлсэн гавьяат хүмүүн, урианхайн алдарт цуурч Паарайн Наранцогтын ач хүү Б.Наранбат манай “Муугийн ёс биш” буланд уригдлаа.

- Цуур хөгжмийг хийхэд юу юу ордог вэ, ямар дарааллаар хийдэг, арга технологийнх нь талаар та манай уншигчдад ярьж өгөөч.

- Цуурын урт богиныг, тоглох хүнд нь тааруулж хийдэг юм. Дээл хийхдээ хүний биеийн өндөр намыг харгалздагтай яг адил. Эхлээд цуур хийх модныхоо доод үзүүрээс дөрвөн хуруу аваад нэг дэх нүхийг долоон мм орчим цоолно. Тэндээсээ гурван хуруу дарж хэмжээд хоёр дахь нүхийг нь гаргана. Харин дараагийн нүхийг дөрвөн хуруу дарж байж цоолно. Тэр нүхнээсээ дээшээ хоёр сөөм зай авахад урт нь тухайн хүний гарын хэмжээсэнд таарсан урт цуур болно. Хэрвээ хүндээ томдсон цуур болчихвол тоглох хүний амьсгаа нь дутаж ядарна. Амьсгаа нь ихэдвэл цуурын торгон аялгууг гаргаж чадахгүй. Тийм учраас цуурын хэмжээ харьцангуй байдаг юм. Материалын хувьд гэвэл цуурыг залаат гэдэг ургамлын ишээр хийдэг байсан. Яваандаа гишүүнэ, балчиргана зэрэг ургамлаар хийдэг болжээ. Эд нар бол байгальдаа бэлэн ургадаг ургамал. Залаат нь үе багатай, шулуун. Одоо миний барьж буй цуурыг хар модоор хийсэн. Цуур хийдэг бүх арга технологийг шингээж, гаднах модыг нь лакдаж утсаар ороосон доо.

- Балчиргана, залаат, гишүүнээр цуур хийхэд хоорондын ялгаа нь юу байна вэ?

- Хоорондоо ерөнхийдөө бол төстэй. Балчиргана үе нь хол, урт мөртлөө хөндий, сайхан баргил дуу гардаг. Доод өнгө сайн гаргах магадлалтай. Харин залаатын үеүд нь хоорондоо ойрхон мөртлөө тууш нарийн, исгэрээ, дээд өнгө өндөртэй. Гишүүнэ нь хатуувтар аялгуу гаргана. Хар мод болохоор балчирганатай төстэй аялгуу гаргадаг юм. Балчиргана уулархаг, асгатай газраар их байна. Баруун Алтайн өндөр уулсын зоо нуруугаар ургадаг. 

- Өвөөгийнхөө цуур хийж байсан уламжлалт аргаас яриач?

- Цуур хийх модыг сонгохдоо олон жил болж хатсан харгана буюу хар модны далангаар хийнэ. Хар модыг эхлээд гаднаас нь тоншиж үзнэ. Ингэхэд “бүл бүл” гэсэн сул дуутай байх юм бол дуу муутай цуур болно, “ян ян” гэсэн дуутай байх аваас чанга дуутай цуур болно. Тэгээд хар модоо дундуур нь цуулаад  хутгаар зөөлөн ухаж хөндийлснөө эргээд зус цавуугаар наадаг. Зус цавуу гэж малын арьсыг боловсруулж гаргаж авдаг цавуу бий. Тэгээд үхрийн шөрмөсөөр модоо орооно. Дараа нь гадуур нь бог малын улаан хоолой гүйлгэнэ. Ингэхдээ улаан хоолойн махтай хэсгийг нь салгаж авна. Улаан хоолойнд ингэж хийчихээд хатаана, гэхдээ огцом хатааж болохгүй, сүүдэр газар тавьж хатаана. Хоёроос гурван хоног байлгаж хатаах ёстой, яараад хурдан хатаах гэвэл маш чанаргүй, эгшиг авиагүй юм болдог юм. Нүхлэх ажлаа бол зуст цавуугаар наасны дараа гүйцэтгэнэ. Манай өвөө 1956 онд яг ийм дарааллаар нэг цуур хийсэн юм билээ. Баян-Өлгий аймгийн Алтай сумын сургуулийг барихаар мод бэлтгэж байхдаа цуурынхаа модыг олж авсан гэдэг. Тэр үед хийсэн цуурыг харахад одоогийн технологиор хийдэг лакадсан цууртай яг адилхан гялтганаж харагддаг. Цуур хийхэд “усална” гэж нэг юм болно оо. “Хүн үгээр ханадаггүй, цуур усаар ханадаггүй” гэж үгтэй. Цуурыг эгшгийг хөглөж, хөг тогтоож өгөх зорилготой. Цуур услахдаа гурван нүхээ дараад доод амгай үзүүрийг нь багахан аягатай усанд хийгээд соруулна. Тэгж байж цуур ая сайтай, зөөлөн дуутай болгодог юм. Бас нэг юм нь цуур усалсан усаа хамаагүй асгаж, цацаж болдоггүй. Хэрвээ тэгж цацчих юм бол тэр газар зун нь бороо ороход үер бууж сүйдэлнэ гэж үздэг. Тийм болохоор газарт зөөлөн шингээж асгана, ингэхэд борооны хэм тогтож, бүх төрлийн ургамал цэцэг дэлгэрдэг гэдэг юм. 

- Зус цавууг яаж хийдэг юм бол?

- Хавар цагт унага, дааганы арьсаар хийдэг эд. Сарлагийн арьсаар ч хийж болно. Сонгосон арьсныхаа үсийг аваад өдөржин чанаж болгоно. Хорин литрийн тогоо дүүрэн усанд чанахад ширгэсээр ширгэсээр тогооны ёроолд жаахан юм үлддэг юм. Тэрийг гаргаж тавиад хөрөхөөр нь шоо хэлбэртэй хэрчээд хатаачихна. Хатсаны дараа тэрэн шиг хатуу эд гэж үгүй дээ. Үүнийгээ бага шиг буцалгасан усанд хийж гаргаж аваад бага багаар хэрэглээд байна гэсэн үг. Бүр үгүйдээ хутгаар зорж таарсан цавуугаа найруулаад хэрэглэчихнэ. Тэгэхээр маш уддаг. Ийм цавуу маш сайн барьцалддаг, тарган цавууг дагуулахгүй. Цуурын гадуур ороосон шөрмөс ч туйлын бат бөх эд байдаг. Нум суманд ч хэрэглэж болно.

- Ийш тийш явахдаа цуурыг авч агуулж явах нь их нарийн дэг жаягтай гэдэг?

- Нүүдэл суудлаар явахдаа цуурыг морины сүүлэнд уяж авч явна. Сүүлнийхээ гол дунд хэсэг рүү оруулаад, толгой хэсэгт нь бэхлээд уячихна. Монгол адуу яаж ч унасан, хэвтсэн бай сүүлээ дардаггүй, тэгэхээр цуур маань эвдэрч гэмтэнэ гэж байхгүй. Ийм учраас холын аянд аюулгүй, найдвартай. Манай монголчууд эрэмгий болохоор морин дээрээсээ хойшоо ганцхан тонгойгоод л цуураа сэпхийтэл нь шүүрээд авчихна. Тэгээд морины нуруун дээр цуураа тоглоно. Тэр ч бүү хэл Б.Наминчимэд гуайн бичсэн нийтлэлд, хүннү хүн мориныхоо жолоо цулбуурыг сул тавьчихаад, гунигтай ч юм шиг аялгуу тоглоод явж буйтай нэгэн арш таарсан тухай бий. Эрдэмтэй гэж алс холоос залагдаж ирсэн тэр арш “Энэ надаас илүү эрдэмтэй хүн явж байна” гээд түүнд ёсолж байсан тухай гардаг. Цаана нэг улсын хаан аршийг хүлээж аваад хөлд нь мөргөж байхад наана нь тэр арш эсрэгээрээ буюу морь унаад цуур үлээж яваа хүннү хүнийг хүндэтгэж байсан хэрэг. 

- Цуур хөгжмөөр мэргэлж болдог гэв үү?

- Цуур бол зүгээр нэг хөгжим төдий зүйл биш. Энэ хөгжмийг дагалдсан бүхэл бүтэн цогц соёл, ёс байна. Тэдгээрийн нэг нь мэргэ юм. Адгийн наад зах нь цуураар ямар газар, яаж буух вэ гэдгээ мэргэлнэ. Монголд хөгжмөөр мэргэлдэг лав хоёр хүн байжээ. Тэр хоёр хүний нэг нь морин хуурч Жамьян. Богд хааны үед морин хуураараа мэргэлж байсан тухай ном сударт тодорхой баримт байдаг. Нөгөөх нь миний өвөө юм. Цуур тоглож хүний хувь тавиланг мэргэлдэг, засдаг байсан хүн. Энэ тухай С.Дулам, Ж.Энэбиш, Ш.Ганболд нарын судлаачдын бүтээлд баримттай бий. Мэргэлэхэд тохирсон тодорхой аялгуугаар хэд хэдэн төрлийн зан үйл хийдэг. Хурим найр хийж байгаа айлд “Эрэгтэй, эмэгтэй хүний явдал” гэдэг аялгуу тоглоно. Тэр аялгууг тоглож, хуримаа хийж байгаа хосуудын эмгэн өвгөн болтолх амьдралын зам мөрийг засаж өгдөг байсан гэдэг. Олон жил үр хүүхэдгүй явсан айлыг цуур тоглож засдаг, домнодог байсан нь бодитой. Ингэж домнуулж үрийн заяа тэгширсэн айл Ховд аймгийн Дуут суманд цөөнгүй бий. Арваад жил хүүхэд заяагаагүй айл арав шахам хүүхэдтэй болсон нь ч байна. Ийм гэдгийг амьдралаараа нотолж ярих хүмүүс өнөөдөр тэнд захаас аван байна даа. 

  - Нүүдэл суудал хийж, нутаг бэлчээр сонгоход цууртай холбоотой зан үйл байна уу?

- Хаваржаанаасаа зусланд гарч байгаа үед нүүж буух газартаа очоод цуурын бүтэн аялгууг тоглож үзэхэд дундаа доголдож байх юм бол тэр газар таарахгүй байна гэж үзнэ. Тэгэхээр дахин давтан тоглоно. Алтайн магтаал тоглож уул усаа аргадна. Бүр болохгүй бол өөр аялгуу ч тоглох нь бий. Тоглоод байхад аялгуу нь засагдахгүй доголдсоор байх юм бол хонь мал руу чоно дайрахаас өгсүүлээд барцад, саад байна гэж үзэж тэр газар буудаггүй.   

- Цуур хөгжим бусад үлээвэр хөгжмөөс яг юугаараа ялгаатай вэ?

- Бүх үлээвэр хөгжмийн үлээлтийн техник нь их хүчтэй байдаг бол цуур эсрэгээрээ зөөлхөн. Бүр хэтэрхий зөөлөн. Хүний амнаас гарч буй авиа нь мэдрэгдэхгүй шахам. Эгшиг нь цуурын амгай дээрээ зөв тавигдах юм бол исгэрээ үүсдэг юм. Дээр нь “уу” урт эгшиг нэмээд өгчихөөр хөөмийтэй төстэй хүчирхэг цангинасан аялгуу шууд гардаг. Мөн исгэрээний эгшиг дээр хүнгэнэсэн баргил авиа зэрэгцэж явахаар давхар эгшиг үүсгэнэ. Үүгээрээ онцлог.

- Та найм дахь үеийн цуурч уу?

- Тийм ээ, миний өвөө Паарайн Наранцогт гэж хүн байлаа. Зургаа дахь үеийн цуурч. Цуур хөгжмийг хойч үедээ уламжлуулан үлдээхийн төлөө бүх насаараа явсан хүн. Хуучин нийгмийн үед Монголын соёлын энэ чухал өв тасалдахад хүрч байсан нь баримт юм. Ийм хүнд үед цуур хөгжмийг өөрөө дээд үеэсээ өвлөн авч тээгээд дараагийн үедээ үлдээхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн гэдэг. Уул нь бол цуур хөгжмийг айл бүр хоймортоо залдаг, хүн бүр тоглодог гэх боловч яг түгээж, өвлүүлж байсан нь ховор юм. Өвөө маань энгийн л нэг хөдөөний малчин хэрнээ энэ үйлсийн төлөө насаараа зүтгэсэн хүн. 40 гаруй ая  аялгууг өөрөө зохиосон. 41 жил цуур тоглохоос гадна энэ хөгжмөөр засал дом, мэргэ төлөг хийдэг, айл болгон гэртээ урьж залдаг байжээ. Өвөөг эрдэмтэд багагүй судалсан. Японы эрдэмтэн Акира Камимүра гэхэд л өвөөгийн бүх аялгууг домогтой нь эмхэтгээд ном болгож гаргасан бий.

- Өвөөгийнх нь зохиосон ая аялгуудаас сэтгэлд тань хамгийн ихээр хоногшсон нь аль вэ?

- Олон аялгуу бий, бүгдийг нь л сайхан гэж нутгийн хүмүүс хэлэлцдэг. Таныг ингэж асуухаар юуны түрүүнд, төрсөн нутаг Сагсайн голынхоо тухай зохиосон аялгуу нь, “Хөх орог нуур” гэж нутаг орондоо гайхагдсан хүлэг морины тухай аялгуу энэ хоёр нь санаанд бууж байна.

- Танай өвөө олон цууртай байв уу?

- Өөрт байлгахаас илүүтэй хүмүүст л их хийж өгдөг байж дээ. Нутагт маань урлаг соёл сонирхсон хэн л байна, тэр бүгдэд цуур хийж бэлэглэсэн. Дуут, Мөнххайрхан сумдаар зориуд хийж тараадаг байлаа. Цуур хөгжмийг дэлгэрүүлэх гэж, хойч үедээ үлдээх гэж аль байдгаараа зүтгэсэн хүн шүү дээ. “Дуут нуур” гэж цуур, туулийн дугуйлан ч хичээллүүлсэн байна.

- Өнгөрсөн зуунд буюу хуучин нийгмийн үед цуур хөгжмийг хориглож байсан нь ямар учиртай юм бол?

- Дан ганц цуур биш Монголын соёлын олон өв, шашин шүтлэг хавчигдсан явдал 1956 он, Соёлын довтолгооноос хойш өрнөсөн. Өвөө үүнээс холтгож цуур хөгжмөө хад чулуунд нуудаг байсан гэдэг. Цагаан сар хагас хориотой болохоор шинийн гурванд тогтмол тоглодог уламжлалаа таслахгүй гэж тухайн тэр өдрөөрөө хээр ууланд очдог байсан юм гэнэ лээ. Хуучин цагт цуур айл бүрийн хойморт байсан бол тав аравхан жилийн дотор үгүй болчихсон, цуур дуугаргадаг хүн байдаггүй. Ганц нэгхэн хүн нууцаар авч үлдээд, энэ уламжлалыг таслуулчихгүй гал залгуулж явсны нэг нь миний өвөө юм. 90-ээд онд 15 настай хүүхэд цуур тоглоод үеийнхэндээ шоолуулж явлаа. Маний үеийнхэн уламжлалт соёлыг хүлээж авах чадваргүй, өөрсдийнх нь өв соёл үнэгүй мэт харагддаг болчихсон байсан нь үнэн юм.  

- Та цуур хөгжимд хэдийнээс суралцав?

- Манцуйтай байхаасаа л цуурын аялгуу сонсож өссөн хүүхэд. Уйлахаар өвөө, аавын минь хамгийн амархан аргаддаг арга нь цуур тоглож өгөх байв. Тэгээд бага багаар оролдсоор зургаан настайгаас аялгуу гаргаж эхэлсэн. Манай өвөөгийн ач зээ уул нь олуулаа, даанч тэднээс дөрөв тав нь л цуур тоглодог. Энэ хэдээсээ хоёр нь л арай дөмөг суралцсан.  Ер нь цуур хөгжмийг сурах нь цаг хугацаа, хөдөлмөр, хүсэл зоригийн асуудал болж таарч байгаа юм. Цуурыг гэрээрээ сурахад бас жаахан удна аа. Гэрийн ажил, мал хуйгаа оройдоо хурааж хотлуулчихаад юм уу эсвэл завтай болсон үедээ бариад сууна.  Ингэж сурахад тав зургаан жил болдог. Эхнээс нь хөгжмийн барилт, үлээх аргыг ганц нэгээр нь хэлж өгчхөөд тэгээд аясаар нь үлдээнэ. Анхны аяа би 11 настайдаа сурч байлаа. “Ээвийн голын урсгал” гэж, дөнгөж сурч байгаа хүмүүст тохиромжтой ая байдаг юм. Цуур хөгжмийн зах зухаас сурсан хүн чинь тэгж явсаар сургуульд орлоо. Сурсан эрдмийнхээ хэргийг гаргаж, Ховд аймгийн хэмжээнд болдог “Яргуй” наадамд оролцохоор болов. Очоод “Ээвийн голын урсгал”-ыг тоглосон чинь  мөнгөн медаль хүртлээ. Тэгээд болоогүй, 100 төгрөгөөр шагнуулав.  Дэвтэр нэг төгрөгний үнэтэй байсан болохоор их л том мөнгө санагдаж байсан даа. Миний дүү Загджав бид хоёр жилийн жилд “Яргуй” наадамд ээлжилж явдаг байсан юм. Би арван жилд байхдаа дүүгээсээ арай муу тоглоно, гэхдээ нэг анги илүү учраас заримдаа уралдаан тэмцээнд шат ахиад орчихно. Ер нь муу байна гэдэг өөрөө нэг давуу тал мэт санагддаг. Муугаа мэдээд авчихаар сайжирна. Хожил нь хожмоо л ирэх учиртай. Илүү л бэлдэж, давтах хэрэгтэй гэж явсаар оюутан болдог жилдээ сайжирсан даа. Их сургуульд ортлоо хаяхгүй яваад л байсан.

- Оюутан болоод, оролцдог уралдаан тэмцээний шат ахисан байлгүй?

- 2003 онд Улаанбаатарт оюутан болж ирсэн юм. ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургуульд соёл судлаач мэргэжлээр. Эхэндээ багш нар маань намайг шоолдог байв. “Наранбат аа, чи энэ олон оюутныг хурууг нь хөхүүлээд сургачихлаа” гэж. Цуур сурахын өмнө заавал хийдэг дасгал байдаг юм, хуруугаа амандаа хийгээд хөхөө шиг дуугаргадаг. Тэрийг л хүүхдүүдэд заадаг байсан учраас багш нар тэгсэн хэрэг. 1980 оноос хойш хуруугаа амандаа хийж байгаад хөхөө шиг дуу гаргаж үлээж чаддаг ганцхан хүн нь манай өвөө байлаа. Ховд аймгийн Дуут суманд үүнийг  “чухаа татах” гэж нэрлэдэг. Ингэж дуугаргаж чадвал цуур сурах эхлэл болж байна гэсэн үг. Гэвч “чухаа татах” нь тийм ч амар сурдаг ажил биш. Манай нутагт өвөө шиг минь чухаа татдаг хүн үгүй. Ямар сайндаа Наранцогт ч гэдэггүй, Чухаа л гэнэ.

Нутгаас гадна миний явсан газар цуурын талаар ойлголттой хүн маш ховор байлаа. Тэгэх тусам нь би хаа явсан газраа, яваандаа соёл урлагийн гэсэн хаягтай бүх байгууллагаар орж цуурын тухай ярьж явдаг болсон юм. Яагаад ч юм энийг л нэг хөгжүүлчихмээр санагдаад шөнө нойр хүрэхгүй, янз бүрээр л бодож сэтгэнэ, дэлгэрүүлэх, түгээх арга зам хайна. Яриад, тайлбарлаад явахаар тоодог нь ховор. Гэвч шантрахгүй яриад л, тоглоод л, энд тэнд тоглолт болбол ороод л яваад байлаа. Тэгж явсаар 2006 онд Хүннү цуурчдын холбоо гэдэг байгууллага байгуулж байв.  

- Та цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх ажилд оролцож явсан гэдэг. Холбогдох хүмүүсийг нь урьж аваачаад өөрөө цуур хийж үзүүлж байсан гэж сонссон?

- 2008 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос 4-5 хүнтэй баг Ховдыг зориход би багтаж явсан юм. Соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгэхдээ, хадгалж хамгаалж байгаа голомтон дээр нь очоод бодитоор харж, баримт цуглуулах ёстой юм билээ. Тэр багт ЮНЕСКО-гийн нэг төлөөлөгч, манайхаас бий биелгээч, туульч, Үндэсний телевизийн зураглаач явлаа. Би бол цуур хөгжмөө Мээрэнгийн толгой дээр ургасан балчирганаар шууд газар дээр нь хийгээд харуулчихна гэсэн бодолтой явж байгаа юм. Тэгээд очтол уулын орой дээр азаар балчиргана байж байна. Нөгөө хүмүүстээ харуулах юмаа бэлдээд аргалаар гал асааж, өөрөө гараараа цуур хийж үзүүлсэн. Тэрийг өнөө зураглаач дүрсжүүлнэ. Тэр ууланд балчиргана ургаагүй үе таарсан бол балрахгүй юу. Нөгөө талаар энэ биет бус өвийг өвлөн уламжилж байгаа хүмүүс дээр очиж яриа авна, тэр нь ганц манай гэр бүлийнхэн байсан. Цуур хөгжмийг хэн зааж өгөв, яаж сурсан, гэр бүлийнх нь хэдэн хүн тоглодог гэх мэтийг ярина. Ингэж нутгаасаа баримт цуглуулан авч Улаанбаатарт ирээд 40 гаруй хуудас танилцуулга бэлтгэх шаардлагатай болсон. Тэр бүгдийг соёл судлаач С.Юндэнбат багш маань маш хариуцлагатай гүйцэтгэсэн дээ. 10 минутын урт кино, 40-50 хуудас бичиж бөглөх материал, өвлөн уламжлагчдын зөвшөөрлийн бичиг гэх зүйлс нийлж байж шаардлагатай материал бүрдэж байгаа юм. Энийгээ одоогийн Биет бус соёлын өвийн хэлтэст төвлөрүүлээд ЮНЕСКО-гийн Үндэсний комисст гардуулна. Гэх мэт олон шат дамжлагаар явсаар манай улс цуур хөгжмийг 2009 оны 11 дүгээр сард  ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлж байлаа. Гэхдээ энэ ингээд дуусчихдаг ажил биш л дээ. ЮНЕСКО өвөө бүртгэж авсны дараа дөрвөн жил тутамд тайлан авдаг журамтай. Ингэхдээ бас дараагийн дөрвөн жилийн хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөөг давхар авна. Тэгээд яаралтай хамгаалах өвөө 20 жилийн дотор хамгаалж чадахгүй бол хасна гэнэ. Энэ хамгаална аа гэдэг нь төлөөллийн жагсаалт руу оруулах ёстой гэсэн үг. Энэ жагсаалтад оруулах ажил хүлээгдэж байна.

- Цуурыг гадаадынхан сонирхож байх юм уу?

- Сонирхоно оо. Хөх хотод нэг удаа ажлаар явж байсан чинь их сургуулийн хэдэн нөхдүүд надтай зургаа даруулаад “Монголоос цуурын багш ирлээ” гээд Wechat дээрээ тавьчихсан байсан. Тэрийг нэг хятад оюутан үзээд надтай уулзахаар Бээжингээс онгоцоор шууд нисээд ирдэг байгаа. Цуур сурах гэж ирж байгаа нь тэр. Тэр маань монголоор баярлалаа ч гэж хэлж чадахгүй, Би хятадаар нэг ч үг мэдэхгүй. Хэл нэвтрэлцэхгүй ч хөгжмийн барилтаас авахуулаад үлээх, амьсгаагаа яаж тааруулахыг зүгээр үйл хөдлөлөөрөө харуулахад дагаад дор нь сурчихаж билээ. Ердөө долоо хоногийн дотор цуур хөгжмийн авиа гаргаж, 14 хоногийн дотор мэдэж болох юу байна, бүгдийг сураад, сарын дотор аялгуу тоглодог болсон. Хэл нэвтрэлцэхгүй хоёр ингэж багш шавь бололцсон юм.  Урлагийн сургуулийн оюутан байсан учраас одоо хаа нэгтээ эрдмээ гаргаад явж байгаа байх.

- Таны урын санд одоо хэчнээн аялгуу байна?

- Өвөөгийнхөө заасан 40 гаруй аялгууг бүгдийг нь сурч авсан. Энэ дотроос харьцангуй илүү сурсан, боловсорсон гэвэл нэг хэд байна. Өөрөө бас аялгуу зохионо. 2015 онд би “Монгол цуур” гэж цомог гаргасан юм. Шинээр суралцах хүмүүст ур дүй суухад нь туслах үүднээс, өөрийн зохиосон 13 аялгуугаа өвөөгөөс сурсан дээрээ нэмж гаргасан.

- Одоо та хэчнээн шавьтай болсон байна вэ?

- Хүннү цуурчдын холбооныхоо шугамаар Баян-Өлгий, Ховд, Улаанбаатар, Эрдэнэт зэрэг олон газар цуурын сургалт явуулж байлаа. Тэндээс суралцсан хүний тоо 100 давсан болов уу. Сүүлд корона, хөл хорионы дэглэмээс шалтгаалсан болов уу, цуур сонирхогчдын тоо нэмэгдэж байна. ЮНЕСКО-д бүртгүүлэх тэр үед цуур тоглох хүн гарын таван хуруунд багтахаар байсан бол өнөөдөр чанарын хувьд өөр өөр ч гэсэн, ая аялгуу тоглочихдог хүн 200 гаруй болжээ. Тэднээс тод томруун нь гэвэл “Хү” хамтлагийн гишүүн Нямжанцан байна. Бид нар хамтарч, бие биенээсээ суралцаж явсан улс. Ховдын дуучин, хөтлөгч Баянмөнхийн шавь юм. Ер нь хоёр гуравхан жилийн дотор цуурын талаарх бүх нийтийн мэдлэг, ойлголт сайжирсан. Энэ гайхамшигт өвөө хамгаалахын тулд одоо улам бүр судлах, аль болох олон хүнд сургах хэрэгтэй байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.