images

“Хотын ам” гэж юу вэ?

Д.Бизьяа

Муугийн ёс биш

2023-06-08


    Ойрд мах үнэтэй байна. Мах худалдаж авснаас хонь аваад гаргаж идсэн нь арай хямд байна ч гэлцэнэ. Хонь гаргах гэснээс саяхан хөдөөнөөс ирсэн дүүтэй хамт айлд очиж хонины гэдэс хүртэв. Дүү хүү гэдэс огтолж үзсэнээ “Эндхийн мал хотын амтай болсон байна” гэлээ. Айлын хүн сүрхий том харж байгаа нь “хотын ам” гэдэг үгийг ойлгосонгүй бололтой. “Хотын ам” гэж юу гэсэн үг вэ? Манай баруун аймагт мал дөнгөж ногоо идэж буй үеийн тарга хүчийг “хотын амтай”, “хотын амгүй” гэж ярьдаг. Хот гэж байгаа нь Улаанбаатар хотын тухай ярьж буй хэрэг биш, баруун аймагт малын ходоодыг ингэж нэрлэдэг. Зөвхөн баруун аймгийн үг ч биш язгуурын монгол үг л дээ. Монгол хэлний тайлбар тольд ч бий. Мал гаргаад гэдэс янзалж чанахдаа ходоодонд нь цус цутгадгийг бид бүгд мэднэ. Ингэхдээ цусаа давс, сонгино зэргээр амталж “хот” буюу ходоодондоо цутгаад, амсрыг нь модоор шорлож бэхлээд, дээр нь элэг нимгэн зүсэж хулдаад, дээрээс нь сэмжээр хучиж ороогоод, нарийн гэдсээр ороож, боож бэхэлдэг. Яг энэ хэсгийг “хотын ам” гэж байгаа юм. Хонь мал тарга хүч авч эхэлж байгаагийн эхэн шинж тэмдэг нь сэмж. Тэгэхээр хотын ам ороох сэмжтэй болсон байна гэдэг нь тарга хүч боломжийн болсон гэсэн санаа. “Хотын амтай болсон байна” гэж дүүгийн дуугарсан нь үүнийг хэлээд байгаа юм. Энэ хавар цас зуд ихтэй, нэлээд туйлдуу хавар болж байна. Хөдөө тийш хүмүүстэй утсаар ярихад “Зургаан сар гараад байхад зун болж өгөхгүй байна. Идэш дууссан, мал гаргаж идэх гэхээр ногоо цагаа муутай учраас арай хотын амтай болоогүй байх гээд худалдааны мах идэж байна” гэх мэтээр ярина. Одоо нэг долоо хоног нар гарчихад хаа сайгүй зуншлага ирж мал “хотын ам”-тай болох биз ээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.