Хятад улс дотооддоо бүтээсэн цахилгаан нисэх онгоцыг туршив
CE-25A онгоц. © Global Times

Хятад улс дотооддоо бүтээсэн цахилгаан нисэх онгоцыг туршив


   БНХАУ-ын төрийн өмчит COMAC компанид үйлдвэрлэсэн CE-25A загварын цахилгаан нисэх онгоц арваннэгдүгээр сарын 14-нд Шаньдун мужийн Биньжөү хотод туршилтын нислэг үйлдсэн байна. Нислэгт хоёр нисгэгч, мөн нэг туршилтын инженер оролцжээ. Онгоц агаарт 16 минут 38 секунд байж, нийт 60 орчим километр зам туулсан бөгөөд нислэгийн явцад бүх систем хэвийн ажилласан талаар үйлдвэрлэгч компани мэдээлсэн байна. 10 тонн гаруй жинтэй уг онгоц уламжлалт сэнсэн хөдөлгүүрээс ялгаатай, далавч тус бүрдээ таван ширхэг буюу нийт арван цахилгаан сувагт сэнсэн хөдөлгүүрээр тоноглогджээ. CE-25A онгоц цагт 300 километрийн хурдтай нисэх, нэг удаагийн цэнэглэлтээр 400 километр хүртэлх зай туулах техникийн үзүүлэлттэй аж. Үүнээс өмнө уг онгоц хүнгүйгээр нийт 19 удаагийн, богино зайн туршилтын нислэг амжилттай гүйцэтгэсэн байна.

  Батарейгаар ажилладаг нисэх онгоцны технологи өнөөг хүртэл гол төлөв сургалтын болон туршилтын жижиг оврын загварын хүрээнд хөгжиж ирсэн юм. Харин 19 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай CE-25A онгоц нь цахилгаан нисэх онгоцыг бүс нутгийн богино зайн зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд гарсан томоохон ахиц гэж үзэж байна. Хятадын Иргэний нисэхийн удирдах байгууллага CE-25A онгоцонд гэрчилгээ олгох хүсэлтийг хянан шалгаж эхэлжээ. Энэхүү үйл явц амжилттай үргэлжилбэл онгоцыг цаашид ашиглалтад нэвтрүүлэх, арилжааны нислэгт ашиглах боломж бүрдэх юм.

   Цахилгаан нисэх онгоц бүтээх өрсөлдөөн сүүлийн үед олон улсын хэмжээнд эрчимжиж байна. Тухайлбал, Шведийн “Heart Aerospace” компани X1 туршилтын онгоцоо өнгөрсөн наймдугаар сард Нью-Йорк хотод анх удаа хөөргөсөн бол Израилын “Eviation” компани 2022 онд есөн зорчигчийн суудалтай “Alice” загварын цахилгаан онгоцоо амжилттай туршиж байв. Гэвч тус компани өнгөрсөн онд ажилтнуудынхаа дийлэнхийг цомхотгосон юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.