Өдөрт олж буй цэвэр ашгаараа дэлхийд тэргүүлэгч 10 компани
Технологи болон санхүүгийн салбарт тэргүүлэгч аварга компаниуд өдөртөө хэдэн зуун сая долларын цэвэр ашиг олж байна. “FinanceCharts” болон “MoneyMind Hub”-аас гаргасан судалгааны тоо баримтаас харахад технологи, санах ой болон хиймэл оюуны салбарын компаниуд өдөр тутмын ашгаараа дэлхийд тэргүүлж байгаа аж. Доорх үзүүлэлтийг тэдгээрийн сүүлийн 12 сарын цэвэр ашгийн нийт хэмжээг 365 хоногт хуваан дунджаар тооцож гаргажээ. Өдрийн цэвэр ашгаараа тэргүүлэгч ТОП 10 компани:
1. “Alphabet” - 669 сая доллар. Технологийн салбарын “Alphabet” компани ийм үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлж байна. Тус компани "Google”-ийн толгой компани болон 2015 онд байгуулагдсан.
2. NVIDIA - 528 сая. Хиймэл оюун, чип үйлдвэрлэлийн тэсрэлттэй холбоотойгоор өнөөдөр NVIDIA компани ийм өндөр ашигтай ажиллаж байна. 1993 онд байгуулагдсан бөгөөд жагсаалтад буй 10 компаниас хамгийн “залуу” нь.
3. “Amazon” - 371 сая. Цахим худалдаа болон үүлэн тооцооллын (cloud computing) салбарт тэргүүлэгч энэ компани 1994 онд онлайн худалдааны чиглэлээр байгуулагджээ.
4. “Microsoft”- 366 сая. Жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн мэдээллийн технологийн домогт аварга 1975 онд байгуулагдсан.
5. “Apple”- 353 сая. “Iphone” утас болон экосистемээрээ алдартай “Apple” компанийг Стив Жобс, Стив Возняк, Рональд Уэйн нар 1976 онд байгуулсан билээ.
6. “SK Hynix” - 331 сая. Жагсаалтын эхний тав бүгд АНУ-ынх бол Өмнөд Солонгосын “SK Hynix” компани ийнхүү зургаадугаарт орж байна. Хагас дамжуулагч, санах ойн чип үйлдвэрлэгч энэ компани анх 1983 онд “Hyundai Electronics” нэртэйгээр байгуулагдаж байжээ.
7. “Samsung” - 307 сая. Өмнөд Солонгосын цахилгаан бараа болон чип үйлдвэрлэлийн аварга корпораци энэ жагсаалтад буй 10 компаниас хамгийн “ахмад” нь буюу 1938 онд байгуулагдсан.
8. “Berkshire Hathaway” - 235 сая. Дэлхийн тэргүүн баячуудын эгэнээг олон арван жил тэргүүлж буй Уоррен Баффетын удирддаг хөрөнгө оруулалтын аварга компани “Berkshire Hathaway” 1955 онд байгуулагдсан. Жагасаалтад буй компаниудаас өөр салбарын цорын ганц компани.
9. “Micron Technology” - 233 сая. Санах ойн чип үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том гурван компанийн нэг “Micron”-ы анхны хөрөнгө оруулагч нь хөлдөөсөн төмсний бизнесээр хөлжсөн Жон Симпло гэдэг хүн байсан нь сонин. Компани 1978 онд байгуулагдсан.
10. TSMC - 214 сая. Санах ойн чип үйлдвэрлэгч TSMC дээрх компаниудаас ялгаатай нь 1986 онд Тайванийн төрийн шууд санаачилга, оролцоотойгоор байгуулагдсан түүхтэй.
Эх сурвалж: FinanceCharts / MoneyMind Hub
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







