Ухаалаг эрин үеийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах вэ?
Хятадын “Синьхуа” агентлаг, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний долоодугаар уулзалтыг Бээжин хотноо 11 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг арга хэмжээ “Ухаалаг эрин үеийн хэвлэл мэдээлэл: Зөвшилцлөөс үйлдэлд” (Media in the Intelligent Age: From Consensus to Action) хэмээх ерөнхий сэдвийн дор болов. Улмаар хиймэл оюун ухааны нөлөөгөөр дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад гарч буй шилжилт хөдөлгөөн, соёл иргэншил хоорондын солилцоог өргөжүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглах, Бээжингийн туршлага, ухаалаг хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг дэмжих, хиймэл оюун ухааныг зохистой ашиглахад дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ирээдүйн хамтын ажиллагаа ямар байхыг хөндсөн нэгдсэн хуралдаанууд хийв. Уулзалтад дэлхийн 112 орны тэргүүлэх 330 хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах түвшний 500 гаруй төлөөлөл оролцлоо. Мөн НҮБ болон бусад олон улсын байгууллага, гадаад улсуудын сайд нарын төлөөлөл хүрэлцэн ирж уулзалтын нээлт болоод нэгдсэн хуралдаануудад оролцсон билээ. Монгол улсаас “МОНЦАМЭ” агентлагийн дарга Х.Энх-Орших тэргүүтэй телевиз, өдөр тутмын сонин, мэдээллийн вэбсайт бүхий таван байгууллагын долоон сэтгүүлч оролцов. Улмаар duuren.life мэдээллийн вэбсайт нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлөн уг дээд хэмжээний уулзалтад оролцсоны хувьд уулзалтын үндсэн сэдэв, шалтгаан, нэгдсэн хэлэлцүүлэг болоод гарсан үр дүн буюу хиймэл оюун ухааныг хэрхэн үр нөлөөтэйгөөр сэтгүүл зүйд ашиглангаа мэргэжлийн сэтгүүл зүйг хамгаалах тухай дараах нийтлэлийг уншигч танд хүргэж байна.
Хиймэл оюун ухааны нөлөө хэвлэл мэдээллийн салбарт
Хүмүүс хиймэл оюун ухааныг өдөр тутамдаа өргөн дэлгэр ашигладаг болохын хэрээр технологийн энэ дэвшил эдийн засаг, нийгмийн хөгжил төдийгүй сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны салбарыг үндсээр нь өөрчилж эхэлсэн юм. Ингэхдээ саар болоод сайн талаар нөлөөлж байгаа билээ. Тухайлбал, хиймэл оюун ухааныг хэрэглэснээр сэтгүүлч их өгөгдлийг хялбар ашиглах, эх сурвалжийг олох, зураг, бичлэгийг богино хугацаанд янзлах, олон хэл рүү орчуулга хийх, ярилцлагыг богино хугацаанд буулгах зэргээр ажлын бүтээмжээ нэмэгдүүлж байгаа ч нөгөө талдаа хуурамч мэдээлэл, алгоритмын өрөөсгөл байдал, технологийн тэгш бус хүртээмж зэрэг сорилттой тулгарч байгаа юм. Энд дурдсан алгоритмын өрөөсгөл байдал гэдэг нь хиймэл оюун ухаан болон компьютерын алгоритм тодорхой бүлэг хүмүүс, үзэл бодол, мэдээлэл, нөхцөл байдлын талаар нэг талыг барьсан, шударга бус үр дүн гаргах үзэгдэл юм. Учир нь, тухайн хиймэл оюун ухааныг сургахад ашигласан буруу, дутуу, нэг талыг барьсан өгөгдлийн улмаас энэ асуудал үүсдэг. Түүнчлэн хиймэл оюун ухааны сэтгүүл зүйд үзүүлж буй өөр нэг сөрөг нөлөө нь буруу (misinformation) болон худал мэдээлэл (disinformation) бүтээх, өргөн хүрээнд түгээх юм. Учир нь, технологийн энэ дэвшлийг сэтгүүл зүйн үйл ажиллагааны бүхий л үе шатанд буюу сэдэв олох, мэдээлэл цуглуулах, нэгтгэн дүгнэх, боловсруулах, түгээхэд ашиглаж байгаа билээ. Гэвч нөгөө талдаа хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа үр дүнтэйгээр ашиглах, хэрэглэх хязгаарыг нь тогтоох бодлогыг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдийнэ хэрэгжүүлж эхэлсэн бол жижиг редакцууд тэдний хэмжээнд ашиглаж чадахгүй хэвээр байгаа билээ. Энэ нь технологийн тэгш бус хүртээмжийн асуудал юм. Иймд уг уулзалтын нэг зорилго нь дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд харилцан туршлагаа хуваалцаж, жижиг болон дунд хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагын ухаалаг технологийн хөгжлийг дэмжих, дэлхийн хэмжээнд нэгдсэн ойлголтод хүрч, хамтран ажиллах билээ.
Тиймээс Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний долоо дахь удаагийн уулзалтын үндсэн сэдэв нь “Ухаалаг эрин үеийн хэвлэл мэдээлэл: Зөвшилцлөөс үйлдэлд” байв. Улмаар технологийн боломж буюу хиймэл оюун ухааны давуу талыг хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд ашиглаж, энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу мэргэжлийн сэтгүүл зүйн үнэ цэн, мэдээллийн үнэн бодит байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцлээ.

"МОНЦАМЭ" агентлагийн дарга Х.Энх-Орших.
“Хүн юуг өөрөө хийх ёстой вэ?”
“Хэвлэл мэдээллийн Олимп” гэж нэрлэгддэг Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтын нээлт, нэгдсэн хуралдаанууд Хятадын Ардын их хурлын танхимд 11 дүгээр сарын 7-ны өдөр буюу “Синьхуа” агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойн өдөр болсон юм. Уулзалтыг нээж “Синьхуа” агентлагийн ерөнхийлөгч Фү Хуа, НҮБ-ын Женев дэх оффисын ерөнхий захирал Татьяна Валовая болоод AP, AFP, TASS, CNN, “Reuters”, “Kyodo” зэрэг дэлхийд тэргүүлэгч мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч нар үг хэлэв. Энэ үеэр “Reuters” агентлагийн ерөнхийлөгч Пол Баскоберт “Хүн юуг өөрөө хийх ёстой вэ” хэмээгээд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлож чадахгүйг онцолсон юм. Тэрбээр сэтгүүлч л ярилцагчийнхаа дуу хоолойны өнгөний өөрчлөлт, харц, нүүрний хувирлыг мэдэрч чаддаг хэмээгээд “Хиймэл оюун ухаан бидний стандарт, хэм хэмжээг орлох ёсгүй” гэв. Мөн AP агентлагийн ерөнхийлөгч Дэйси Вийрасингхам “Үнэн бодит мэдээлэл хамгийн үнэ цэнтэй. Сэтгүүл зүйн үнэ цэн бол зөвхөн мэдээлэл түгээх биш. Бид баримтыг түгээдэг, бид шүүн тунгаадаг. Хиймэл оюун ухааныг дагасан оюуны өмчийн болон бүс нутгийн олон асуудал байна. Итгэлийг шаардаж, эсвэл зохиомлоор бий болгож болдоггүй. Тиймээс энэ бол бидний хамтын үүрэг хариуцлага юм. Бид зөвхөн үнэн бодит мэдээлэл дээр л санал нэгдэнэ” гэсэн юм. Харин CNN агентлагийн ахлах дэд ерөнхийлөгч Костас Оикономоу хиймэл оюун ухаанаар бүтээсэн арилжааны шинжтэй контент болоод сэтгүүлчийн жинхэнэ бүтээлийн зааг ялгааг яриад “Бид зөвшилцөлд хүрэх нь чухал” гэв. Түүнчлэн AFP агентлагийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Фабрис Фрис мэдээллийн сүлжээний бүхий л үе шатанд хиймэл оюун ухаан оролцож эхэлснээр энэхүү технологийн хувьслын үр дүнд дэлхийн хэвлэл мэдээллийн илүү олон талт орчин үүсч байгааг онцлов. Гэхдээ хиймэл оюун ухааны хөгжлийн ашиг тус, эрсдэл хоёр нэгэн зэрэг оршиж байгааг тэр дурдаад үүнийг шийдвэрлэхэд хүний хяналт тун чухал гэсэн юм. Ийнхүү олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд үг хэлэхдээ хиймэл оюун ухааны давуу болон сул талтай санал нэгдэж, технологийн дэвшлийг ашиглахын хамт мэргэжлийн сэтгүүл зүйг хамгаалах, түүний төлөө хамтарч ажиллах, хариуцлагатай байхыг санал болгож сэтгүүлчийн ажлын үнэ цэнийг тодотгов.
Нээлтийн арга хэмжээний хойно “Соёл иргэншил хоорондын солилцоог өргөжүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглах”, “Хиймэл оюун ухаан ба дэлхийн хэвлэл мэдээллийн өөрчлөлт”, “Дэлхийн харилцаа холбооны засаглалын ирээдүй” сэдэвт нэгдсэн хуралдаанууд ээлж дараалан болсон юм. Эхний хуралдааны үеэр хиймэл оюун ухаан нь олон хэлний орчуулга хийдэг тул соёлыг түгээхэд чухал үүрэгтэй байгааг хэлэлцүүлгийн зочид онцолж байв. Ялангуяа устаж үгүй болж буй хэлийг сэргээх, түгээх, тухайн хэл рүү мэдээллийг орчуулах зэрэг эерэг нөлөө үзүүлж байгааг Африк тивийн төлөөллүүд дурдаж байв. Энэхүү нэгдсэн хуралдааны гол зорилго нь хиймэл оюун ухаан болон олон хэлний контент бүтээх технологийг ашиглан улс орнуудын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг олон нийтэд өргөн хүрээнд таниулах боломж нээгдэж байгааг тодруулж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх юм. Учир нь, хэвлэл мэдээлэл нь дэлхий нийтийн нийтлэг итгэл үнэмшил, соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Дараагийн чухал сэдэв нь “Хиймэл оюун ухаан ба дэлхийн хэвлэл мэдээллийн өөрчлөлт” юм. Энэ хуралдаанаар хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюун ухааныг мэдээ цуглуулах, контент бүтээх, түгээх болон байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжийг хэлэлцсэн юм. Мөн хөгжиж буй орнууд болон жижиг, дунд хэвлэл мэдээллийн байгууллагуудад технологийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүний хяналт, мэдээллийн аюулгүй байдал, алгоритмын ил тод байдлыг хэрхэн хангах асуудлыг хөндөж ярилцав. Харин хаалтын хуралдааны сэдэв нь “Дэлхийн харилцаа холбооны засаглалын ирээдүй” байлаа. Энэ хэлэлцүүлгээр хиймэл оюун ухааны хэрэглээнд ёс зүй, хариуцлага, мэдээллийн аюулгүй байдал, алгоритмын ил тод байдлыг хангах нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, олон улсын дүрэм, стандарт боловсруулах үйл явцад оролцоог нь нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө.

Францын AFP агентлагийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Фабрис Фрис.
“Автоматаар бүтээсэн контент бол редакторын амиа хорлолт юм”
Уг дээд хэмжээний уулзалтын эхний хоёр нэгдсэн хуралдаан 11 дүгээр сарын 05-ны өдөр “Бээжин” зочид буудлын “Алтан танхим”-д болсон юм. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид “Аюулгүй дэлхийн төлөөх хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд оролцсон юм. Уг хуралдааныг “Синьхуа” агентлаг болон “Хуадиан” эрчим хүчний корпорац хамтран зохион байгуулав. Тус корпорац нь Өвөр Монгол, Шинжаан-Уйгурын өөртөө засах орон болон Чунчин хотод сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, дэлхийн болон Хятадын тэргүүлэгч байгууллага юм. Уг арга хэмжээнд “Хуадиан” корпорац оролцсноор хиймэл оюун ухааныг хэвлэл мэдээллийн байгууллага ашиглахад эрчим хүч хэрэглэнэ, нөгөө талаас ногоон эрчим хүч, тогтвортой хөгжлийн талаар үнэн бодитой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгэмд өгч чадна гэсэн эргэх холбоог харуулж байв. Мөн ногоон эрчим хүч, хиймэл оюун ухааны хослол нь хамтын үр шим, нийтлэг итгэл үнэмшлийг бүтээнэ гэдгийг онцолсон юм. Учир нь, хиймэл оюун ухааныг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага бус эрчим хүчний салбарт ч мөн үр дүнтэйгээр ашиглаж байгаа билээ. Тухайлбал, “Хуадиан” корпорац ухаалаг удирдлагын систем, үүлэн технологийг эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашигладаг байна. Улмаар уг хуралдаанаар эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаар улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл солилцож, хамтарсан сурвалжилга хийх шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн баримт шалгах, мэдээллийн эх сурвалжийг мөрдөх, хямралын үеийн харилцаа холбоог сайжруулах замаар хуурамч мэдээлэлтэй тэмцэх боломжийг ярилцлаа. Ялангуяа нэгдсэн хуралдааны илтгэгч болох олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд энэ асуудлыг хөндөв. Тэд хуурамч мэдээлэл, хиймлээр бүтээсэн зураг нь уншигчдад “Аль нь үнэн бэ” гэсэн эргэлзээг төрүүлж байгааг онцолж баримт шалгах ажил тун чухал болж байгааг ярьж байна. Мөн өгөгдлийн аюулгүй байдал, цахим халдлагын асуудлыг хөндөхийн зэрэгцээ хиймэл оюун ухаан нь редактор, сэтгүүлч, мультимедиа контент бүтээгчдийн ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлж байгааг үгүйсгээгүй юм. Харин Алжирийн “The Youth Independent” сонины редактор Камел Мансари “Автоматаар бүтээсэн контент бол редакторын амиа хорлолт юм. Тодорхой бөгөөд бодитой байх нь өөдрөг үзлээс ялгаатай ойлголт” гэж хэлсэн нь сонирхол татав.
Өөр нэг нэгдсэн хуралдаан “Бээжингийн туршлага: Хятадын шинэчлэлийг танин мэдэх нь” сэдвээр болсонд дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын төлөөлөл оролцов. Энэ хуралдаанаар Бээжин хотын хот байгуулалт, түүхэн өвийн хамгаалалт, ногоон хөгжил болон хотын удирдлагын туршлагаар дамжуулан Хятадын шинэчлэлийн онцлогийг танилцуулснаас гадна баримтад тулгуурласан, олон талт, үзэгчдэд чиглэсэн сурвалжилгаар улс орнуудын хөгжлийн замналыг бодитой ойлгуулах асуудлыг хэлэлцжээ. Мөн дэлхийн анхны хиймэл оюун ухаанд суурилсан хүн дүрст робот мэдээний хөтлөгчийг танилцуулсан юм. Эрэгтэй, эмэгтэй хүн дүрст робот мэдээний хөтлөгчийг UBTECH компанитай хамтран хөгжүүлжээ.
Ямар үр дүн гарсан бэ?
Уг уулзалтын гол үр дүн нь “Хиймэл оюун ухаан ба хэвлэл мэдээлэл” сэдэвт 2026 оны тайланг албан ёсоор танилцуулж, “Хиймэл оюун ухааны хэрэглээний стандартыг хамтран боловсруулах дэлхийн хэвлэл мэдээллийн санаачилга” болон “Дэлхийн хэвлэл мэдээллийн долоодугаар дээд хэмжээний уулзалтын Бээжингийн зөвшилцөл” баримт бичгийг баталсан явдал байв. Мөн дэлхийн анхны хиймэл оюунд суурилсан хүн дүрст робот мэдээний хөтлөгч болон “Синьхуа Юудиан” хиймэл оюун ухааны агентыг танилцууллаа. “Синьхуа” агентлагын хөгжүүлсэн энэ агент нь хиймэл оюун ухааны чат, мэдэгдэл хүлээн авах болон сувгийг дагах функцтэй, хиймэл оюун ухааны туслахтай юм. Агентыг мэдээллийг баталгаажуулах, мэдээний талаар асуултад хариулах, мэдээ санал болгох, эх сурвалжийг хайх, онолыг судлах, алдаанд дүн шинжилгээ хийх, нийтлэлийн эх бэлтгэх гэсэн долоон төрлийн үйлдлээр ашиглаж болно.
“Бээжингийн зөвшилцил”-өөр хиймэл оюун ухаан нь технологийн хувьслын шинэ үеийг чиглүүлж, хүмүүсийн ажил, амьдралыг сууриар нь өөрчилж, аж үйлдвэрийг өөрчлөн шинэчилж, дэлхийн хөгжлийн өнөөгийн дүр зургийг залж байгааг хүлээн зөвшөөрөв. Мөн хиймэл оюун ухааны эрин үед дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын хөгжил, хувьслыг дээшлүүлж, хамтын ажиллагаа, нэгдсэн зөвшилцлөөр дамжуулан бодитой үр дүнд хүрэх нэгдсэн байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбар дахь хиймэл оюун ухааны хүртээмжтэй, хариуцлагатай хэрэглээг дээшлүүлэхээ амлацгааж, технологийн ашиг тусыг бүх улсын хэвлэл мэдээллийн салбарт хүртээх хүсэл эрмэлзэлтэй буйгаа зарласан юм. Улмаар хэвлэл мэдээллийн байгууллага нь өөр өөр соёлыг холбох гүүр, дэлхий нийтийн нийтлэг ойлголт, итгэл үнэмшлийг үүсгэгч мөн болохыг онцлоод объектив, хараат бус байр суурийг тууштай баримтлан, худал, ташаа мэдээлэлтэй тэмцэн, дэлхий нийтийн сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн ухаалаг, эрүүл саруул яриа хэлэлцээний сувгийг бүтээхэд хамтран ажиллахыг оролцогч талууд дэмжлээ.
Харин “Хиймэл оюун ухааны хэрэглээний стандартыг хамтран боловсруулах дэлхийн хэвлэл мэдээллийн санаачилга”-ын суурь зөвшилцөл нь сэтгүүл зүйд хиймэл оюун ухааныг туслах хэрэглэгдэхүүн болгон ашиглах бөгөөд сэтгүүлч эцсийн бүтээлийн хариуцлагыг өөрөө үүрэх юм. Мөн цаашид мэргэжлийн сэтгүүл зүйн найдвартай, үнэн бодит байдлыг хамгаалж, хуурамч мэдээлэлтэй тэмцэн, хиймэл оюун ухааны загварыг хөгжүүлэх, үнэлэх асуудалд анхаарч харилцан туршлагаа солилцож байхыг уг санаачилгад тусгажээ. Гэхдээ уг санаачилгыг улс орон бүр заавал дагаж мөрдөх албагүй бөгөөд хэрэв дагаж мөрдөж бол дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн чөлөөтэй хэрэглэнэ.
Бидэнд шийдэл бий юу?
“Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн Үүр” төвөөс энэ оны есдүгээр сард “Редакцад хиймэл оюун ухаан ашиглах, зохицуулах бодлого”-ын загварыг боловсруулан, хэвлэл мэдээллийн байгууллагууд чөлөөтэй авч ашиглах боломжтой байхаар олон нийтэд нээлттэй байршуулсан билээ. Уг бодлогод хиймэл оюун ухааныг өгөгдөлд тулгуурлан дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, шийдвэр боловсруулах технологи хэмээн тодорхойлсон юм. Гэвч энэ технологи алдаа гаргаж, хэвшмэл ойлголт агуулж болох тул болгоомжтой ашиглах шаардлагатайг онцолжээ. Тиймээс хиймэл оюун ухааны хөгжил нь сэтгүүл зүйд шинэ боломж бий болгож байгаа ч замбараагүй хэрэглээ нь олон нийтийн итгэлийг алдах эрсдэлтэй тул алдаа гаргах, ташаа мэдээлэл тараах, хэвшмэл ойлголтоос сэргийлэх зорилгоор уг бодлогын бичиг баримтыг боловсруулсан байна. Журам нь хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой ерөнхий зохицуулалтаас гадна текст, судалгаа; видео, аудио, зураг; байгууллагын бүтээмж, үйл ажиллагааг оновчлох гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Мөн гол зохицуулалт болоод үндсэн санаа нь “Хиймэл оюун ухааны хэрэглээний стандартыг хамтран боловсруулах дэлхийн хэвлэл мэдээллийн санаачилга”-тай ижил буюу хиймэл оюун ухаан нь хүнийг орлохгүй бөгөөд баримт шалгах, эцсийн шийдвэр гаргах, хариуцлага хүлээх үүрэг нь редакцын ажилтнуудад хэвээр үлдэх юм.
Монгол ба Хятадын сэтгүүл зүйд хиймэл оюун ухааныг ашиглах туршлага
Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтыг “Синьхуа” агентлагийн ерөнхийлөгч Фү Хуа албан ёсоор нээхдээ хиймэл оюун ухааныг байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн ашигладгаа танилцуулсан юм. Тус агентлаг нь зурган мэдээлэл буюу постер бэлтгэх, бичлэг засварлах, баримт шалгах, эх сурвалжийг нягтлах, олон хэл рүү орчуулах, мэдээг дүгнэх, интерактив мэдээ бэлдэх, мэдээллийг зургаар хайж хятад, англи хэл дээр бичвэр бэлтгэх ажлыг дотооддоо хөгжүүлсэн хиймэл оюун ухааны платформын тусламжтайгаар хийж байна.
Харин Монгол улсын хувьд хиймэл оюун ухааныг мэргэжлийн хүрээнд ашиглахаар сонирхож байна. “Thomson Media” байгууллагын 2026 онд хийсэн судалгаанд Монголын хэвлэл мэдээллийн хараат бус 20 редакц хамрагдсан байна. Улаанбаатар хотод байрладаг, 10-аас цөөн ажилтантай эдгээр жижиг редакц бүгд хиймэл оюун ухааныг мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэд дуу болон дүрст бичлэгийг бичвэр болгох, гадаад хэл дээрх мэдээллийг монгол хэл рүү хөрвүүлэх, урт нийтлэл, судалгаа, баримт бичгийн гол агуулгыг товчлох, нийтлэлийн эх бэлтгэх, зураг, видео болон бусад төрлийн контент бүтээх, давтагддаг ажлыг хялбарчилж, сэтгүүлчдийн ажлын ачааллыг бууруулах зэрэгт хиймэл оюун ухааныг ашиглах хүсэлтэй байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




