Саддам Хусейний онгоцыг дуудлагаар худалдана
“Boeing 747SP” онгоц. © Tommy Mogren

Саддам Хусейний онгоцыг дуудлагаар худалдана


   Иракийн төрийн өмчит “Iraqi Airways” компани тус улсын удирдагч агсан Саддам Хусейний ашиглаж байсан “Boeing 747SP” онгоцыг 900 мянган ам.доллароос эхлэн дуудлагаар худалдахаар зар нийтлүүлжээ. Уг онгоцыг 1990 онд Персийн булангийн дайн эхлэхийн өмнөхөн, аюулгүй байдлын үүднээс Тунис улсад шилжүүлсэн бөгөөд 35 жилийн турш тус улсын нисэх буудалд зогсож байгаа юм. 1982 онд үйлдвэрлэсэн, YI-ALM бүртгэлийн дугаартай “Boeing 747SP” онгоц нь Иракийн Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын хэрэгцээнд зориулан тоноглогдсон байжээ. Хөрш Кувейтэд халдан довтолсныхоо дараа Ирак улс АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилтоос хамгаалах зорилгоор хэд хэдэн нисэх онгоцоо гадаад улсад байршуулсан бөгөөд уг онгоцыг 1991 оны нэгдүгээр сарын 1-нд Тунисын "Тозер-Нефта" олон улсын нисэх буудалд аваачсан юм.

   Дуудлага худалдаанд уг онгоцноос гадна, 1982 онд үйлдвэрлэсэн “Boeing 747-200” онгоц багтжээ. Хоёр онгоцыг тус бүр 900 мянган ам.доллар, нийт 1.8 сая ам.доллароор үнэлсэн байна. Худалдан авагчид онгоц тус бүрийн үнийн 20 хувь буюу 180 мянган ам.долларын дэнчин байршуулах шаардлагатай бөгөөд худалдан авалтын үнийн хоёр хувьтай тэнцэх үйлчилгээний хураамж төлнө. Онгоцуудыг одоогийн байгаа байршил, техникийн нөхцлийн тухайд ямар нэгэн баталгаагүйгээр худалдах тул тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт болон бусад зардлыг худалдан авагч тал хариуцах юм. Дуудлага худалдааны материалыг 2026 оны арванхоёрдугаар сарын 21-нээс 2027 оны нэгдүгээр сарын 5-ны хооронд хүлээн авахаар төлөвлөжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.