images

Ё.Алтангэрэл: Шагайн харвааны гоо сайхан нь уухайндаа байна

Н.Ариунсайхан

Муугийн ёс биш

2023-10-13


Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, хөтлөгч  Ё.Алтангэрэл хүүхэд байхаасаа аавыгаа даган шагайн харваанд хорхойтой болжээ. Өнгөрсөн онд тэрбээр “Най уухай” хэмээх цэнгээнт нэвтрүүлэг хийж, шагайн харваа, түүний соёл, ач холбогдлыг олонд танилцуулж байв. Тэгвэл энэ удаа Улс тунхагласны баярыг угтан ”Шилдэг уухайч” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулах гэж байна.

- Та шагайн харваатай хэзээ, хэрхэн танилцаж байв?

- Шагайн харвааг би 1970, 80-аад оны үеэс мэддэг болсон юм. Манай аав Шувуун фабрикийн ерөнхий инженер Ёндон гэж шагайнд дуртай хүн байсан. Аав маань танил шагайчидтайгаа нийлээд ойр ойрхон их цуглана. Тэр болгондоо намайг дагуулж явдаг. Би сум тавьсан хасаануудыг нь зөөж, цуглуулах үүрэгтэй явдаг байлаа. Дөрвөн хүн зэрэг харвана, тэр бүгдийнх нь сумыг зөөнө гэхээр уйтгартай. Заримдаа гарч гүймээр, өөр зүйл хиймээр санагддаг байлаа. Тэгж л шагайн харваатай танилцаж байлаа. Аавтай хамт тоглодог байсан хүмүүс байнга л уухайлна. Дуулаад ч байгаа юм шиг тэрийг нь би сайн хэлж мэдэхгүй. Одоо бол надад их л сонин санагддаг, дуртай болчихсон байна. 

- Яг харваандаа бол хэр вэ?

- Ааваас минь надад үлдсэн хашлага, сум бий. Сүүлд бодоод байх нь ээ, учиртай л үлдсэн юм шиг байгаа юм. Би 1989 онд сургуулиа төгсөөд Архангайн театрт байхдаа шагайн харваа оролдож, аавынхаа хашлага сумыг ганц хоёр удаа тавьдаг болсон юм. Гар хуруу ч зүгширч, байгаа онодог болж байлаа. Гэхдээ амьдрал хөөгөөд, өөр юманд анхаарал хандуулж ирээд дундаас нь хаячихсан л даа. Одоо бол судалж сураглаад, харваж байгаа хүмүүстэй ярьж хөөрөөд явахад энийг спорт гэхээсээ илүү уламжлалт наадгай талаас нь хүлээж авдаг болж байна.

- Шагайн харвааны үүсэл хөгжлийн талаар та юу мэдэх вэ?

- Шагайн харваа бол монголчуудын үндсэн язгуур өв соёлын нэг. Эрт дээр үед хүн сүрэглэн амьдардаг байхдаа мал амьтны махыг хоол хүнсэндээ хэрэглээд нэг цул яс үлддэг байсан нь шагай. Тэрийг нь засаж янзлаад, газар орхиход олон янзаар буудаг байсан нь хүний анхаарлыг илүү татаж эхэлсэн болов уу. Ялангуяа галаа сахиж үлдсэн үр хүүхдүүдээрээ наадуулдаг байсан нь яваандаа харваж, орхиж тоглодог болсон. Зарим судлаач бүр Хүннүгийн үеэс аравт, зуут, нэг гэр бүл, отгоос ахан дүүс, найз нөхдүүд цэрэгт явахдаа, майхан савтайгаа хээр хонох үедээ цаг өнгөрөөх юм нь шагайн наадгай байж гэдэг. Хор шар, элдэв орилоон хашгираан байхгүй цэц мэргэнээ үзэж, дараагийн дайн тулаан, гэнэтийн үйл явдалд хэр бэлтгэлтэй, анхааралтай байгаагаа шалгадаг байсан байж мэднэ. Үндсэндээ илүү төвлөрөх, өөрийгөө удирдах, орон зайгаа мэдрэх арга ухаанд суралцдаг эд. Одоо цагт спорт чигтээ илүү хөгжөөд байгаа ч уламжлалт наадгайн хэв маягаа барих хэрэгтэй гэж би боддог юм. Ганцхан шагай харваж, сум уралдуулах биш хажуугаар нь уухайн түрлэгээр өнгө сүр нэмж байж энэ зүйл амьтай, ид шидтэй болдог, энэ маш чухал юм.

- Юу нь ид шидтэй гэж?

- Шагай харваачдын хөдөө хээр талд нааддаг тэмцээн, цугларалтыг тойром гэдэг юм. Тойрч цуглаад ээлжилж харвахыг хэлнэ. Бие биентэйгээ өрсөлдөж тэмцээн зохионо л гэсэн үг. Хүний тоо заахгүй. Ирж байгаа багуудыг нь оролцуулаад л явчихна. Дээр үед хүмүүс тойрмоор бүтэн сарын турш харвадаг байсан гэдэг. Хавар нь цоо шинэ дээлтэй гараад өвөл нь гандчихсан ирдэг байсан гэхээр удаан явдаг байж. Майхнаа хүртэл гандаагаад ирдэг. Тэгж л дурладаг байж дээ. Хээр тойром болоод харваж байхад ширгээд олон жил болчихсон горхи нүдэн дээр оргилоод гараад ирсэн гэж ахмад харваачид ярьдаг. Халхын алдарт гурван тойрмын нэг 413 жилийн түүхтэй Бадын бѳѳрийн шагайн тойром Төв аймгийн Эрдэнэсант суманд бий. Тэр тойрмын олон эрчүүд хөдөө хээр талд цугларч шагай харвахад уухайн түрлэгээр ган болж нутагт нь бороо орж байсан гэдэг. Одоо ч гэсэн тойрмын эрчүүд гантай газраа очиж шагай харвахаар тэнгэр хураа хайрлаж байдаг юм билээ. Би хоёр гурван удаа тойром дээр очиж байхад дандаа л бороотой байсан. Уухай бол домын шинжтэй. Өөрөөр хэлбэр олон эрсийн сүрлэг уухайн дуунд хангай дэлхий баясдаг байж. Бас хүүхэд тогтдоггүй айл шагайн харваачдыг урьж гэр хотолдоо наадуулдаг. Тэр уухайн дунд хүүхэдгүй айлын муу юмыг үлдэн хөөнө. Мал хотонд нь гарз их тохиогоод байх юм бол мөн л шагайчдыг аваачиж харвуулж, уухайлуулдаг. Ганданд суудаг нэг лам хэдэн жилийн өмнө жилийнхээ засал төөргийг шагайчдын уухайгаар хийлгэж болдог гэж ярьж байлаа. Дөрвөлжин байшинд муу юм хоргодох нигуур ихтэй байдаг гэнэ. Монголчууд дандаа дугуй юманд амьдардгийн учир ч тэр байх. Муу энерги уухайн дуунд үгүй болдог. Гудамжинд гарсан архаг архичин шагайнд ороод хорт зуршлаасаа гарчихсан явдал бий. Цуг харваж байсан нөхдөөс олон сайхан жишээ сонссоны нэг нь энэ. Хүнийг өөрөөр нь хүмүүжүүлэх онцлогтой наадгай шүү.   

- Өнгөрсөн ниймгмийн үед шагайн харвааг хориглож байсан гэдэг. Одоо харин судалгаа, хөгжлийнхөө хувьд саадгүй, хурдацтай байх шиг байна аа даа?

- Социализмын үед шагайн тойрмууд нууцаар цугладаг байж. Хориглоод дийлдэхгүй ч байсан үе. Хэнтий нутгийн Хөдөлмөрийн баатар Г.Сампил гэж шагай судлаач хүн бий. Тэр хүн өөрөө тойромд уухайлаад тоглож явсан, гарал үүслийг нь судлаад зүүн зүгээс үүссэн байх гэж үзсэн. Гэхдээ энэ дэлгэр уудам нутагт хаанаас ч эхтэй байж болно. Миний анзаарч байгаагаар одоогийн ихэнх уухайчид, харваачид Говийн нутгаас төрөөд байгаа. Илүү цэлгэр тал нутгаас үүссэн ч байх магадлалтай. 1990-ээд онд нийгэм чөлөөтэй болохтой зэрэгцээд шагайн холбоо байгуулагдсан. Шагайн алдартай зүтгэлтнүүд ч хөөцөлдөж явсаар 2014 онд шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн байдаг. Энэ бол аргагүй хүн төрөлхтнийг төлөөлөх биет бус өв гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн. Одоо тэгвэл бид шагайн харвааны гоо сайхан нь уухайндаа байна гэдгийг нухацтай анхаармаар байгаа юм. Гоо сайханлаг, хөгжимлөг байдлаар бие биенийгээ аргадаж, сэтгэл зүрхээрээ ойлголцож байж л сайхан наадгай болно. Шагай харваачдын үерхэл шиг үнэнч зүйл үгүй. Нэгнийхээ төлөө уур бухимдал, хатуу ширүүн үггүй ч наадаж өрсөлдөнө гэдэг гайхалтай. Шагайчид “Монгол орны хаана ч явсан идэх хоолтойгоо явдаг юм даа” гэж ярьдаг юм. Хаана ч очсон өөр нутгийнх нь шагайчид таарна, хүлээж авна, бие биенийгээ хонуулж, хоол цайгаар дайлна. Шагайн харваан дээр тулгуурлаад эрийн сайхан нөхөрлөл бий болчихсон харагддаг юм.

- Монголд шагай харвадаг хүмүүс хэр их байдаг юм бол? Албан ёсны бүртгэл данс байна уу? Аль нэг салбарынхан байгууллагаараа ч юм уу, илүүтэй сонирхдог тал байдаг уу?

- Багцаагаар 20-30 мянга байгаа гэсэн тоо хэдэн жилийн өмнө гарч байсан юм билээ. Гэхдээ энэ чинь маш том холбоо. Аймаг сум болгонд салбар хороодтой. Хэр өргөжихийг тааж мэдэшгүй. Хучин бол лам нар их нааддаг байсан юм шиг билээ. Дондогдулам хатан өөрийн гэсэн эмэгтэй шагайчдын багтай байсан түүхтэй. Эмэгтэйчүүд илүү чамбай, цэвэрхэн онодог байж магадгүй. Театр, дуурийнхан шагайтай их ойрхон байдаг юм. Эрчүүд, эмэгтэйчүүд аль аль нь. Урлагийнхан өөрсдийгөө онон барих дотоод бясалгал талдаа илүү ойрхон байдаг. Авьяас нь тэртээ тэргүй дотоодоосоо хөглөгддөг улсууд шагайтай ойрхон. Цагаан Цэгмидийн Төмөрхуяг улсын хошой мэргэн хүн. Социализмын үед Халхын алдарт “Таван халуун” багийн харваач байсан. Тэгж байхдаа улсад нэг, хоёр удаа түрүүлж байсан юм билээ. Улсын хошой мэргэн цолоо дөнгөж ноднин наадмын үеэр шагайн төв асар дээр гарч авч байлаа. Цаашлаад Ардын жүжигчин Г.Мягмарнаран, хошин урлагийн С.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва гээд л урлагийнхан ихэнх нь шагай харвадаг.

“Най Уухай” нэвтрүүлгийн үеэр.

- Тэгвэл гол төлөв аль зүгийн харваачид сайн байна?

- Социализмын үед Өмнөговь, Дундговийн театруудад эмэгтэй харваачдын баг байсан гэдэг. Одоо бол Төв аймгийн театрын эмэгтэйчүүд их харвадаг юм билээ. Дорноговь, Дундговь, Өмнөговь тал руугаа сайн хөгжиж байгаа харагдаж байна. Өнгөрсөн наадмын тэргүүн байрыг Өмнөговийнхон авсан. Тэрний өмнөх тэргүүн байрыг Дорноговийн харваачид авсан юм. Гэхдээ Увс аймагт ч хөгжиж л байна. Хойшоо бол Хөвсгөл, Хэнтий гээд аймаг болгонд л асар хурдтай хөгжиж байна даа.

- Социализмын үеийн нэрд гарсан шагайн харваачид гэвэл хэн байна вэ?

- Халхын Хар Бархас гэхчлэн шагайн түүхэнд нэр сүрээ тод үлдээсэн хүмүүс бий. Би өөрөө барааг нь үзэж хараагүй ч домог, ярианаас олон сонссон. Эрт дээр үеийн харваачид шар будаа андахгүй байсан л гэдэг юм билээ. Алдартай мэргэн лам харвахад шар будааг илээд, шүргээд өнгөрсөн гэдэг яриа бий.

- Шагайг хэр холоос харвадаг вэ?

-  Есөн тохой буюу 4.072 метрээс харвана. Ийм зайд бол хурууны бяд биш эвээр л үзнэ. Бөхчүүд заримдаа харваж чаддаггүй байх нь ч бий.

- Шагайтай холбоотой сонирхолтой үг хэллэг байвал сонирхуулаач?

- Шагайнд эртний “Най хадгалах” гэдэг үг байдаг. Цаашлаад “Багийн найгэж бий. Най гэдэг нь орчин цагийн монгол хэлний найдвар, найз нөхөрлөл, найрамдал гэдэг үгийн үндэс юм. Үүнээс үүдээд “Най уухай” буюу найз нөхөд болцгооё гэсэн утга гарч ирдэг. Хоёр баг анх уулзаад шагай харвахынхаа өмнө “За эхлээд найны уухай явья” гэнэ. Ийм  л эртний язгуур өв соёлоосоо, өвгөдийн үлдээсэн гүн ухааныг бид нар хайж олох хэрэгтэй. Мөн шагайнд “шимнэ”, “татна” гэсэн хоёр ойлголт байдаг. Тоглоом уухайгаар эхэлж хоёр багийн дөрвөн харваач тус бүр дөрвөн сум тавьж онооны дагуу хасаагаа шимдэг. Ингээд гурван үе тоглоход хасаагаа шимж барах учиртай. Харин хасаагаа гүйцэд шимж чадаагүй нөхцөлд мэргэ үе үргэлжилнэ. Тэгээд нөгөө багаас таван хасаа татсан тохиолдолд адаг өрөг гарна.   Тоглоом нягтарч дундаа орж ирэхийн цагт онох бүрт багууд өөрийн талын хасаагаа авахыг шимнэ гэж байгаа юм. Тэгвэл хасаа татна гэдэг нь өөрийн талын хасааг шимж дуусаад айлын хасаанаас оноогоор авахыг хэлж байгаа юм. Уухайны тухайд, амьдарч байгаа газар орноосоо шалтгаалаад янз бүр байдаг. “Баян бараат уухай”, “Боржигон уухай” гэх мэтээр гурав дөрвөн янзын өргөлт, дээд доод хоолойны өнгөөрөө ялгарна. Цаашлаад хэр эвлэг, донжтой, аялгуулаг байна гэдгээс нь ялгаж болно. Мөн “Оноо мэргэн байх болтугай”, “Хараа хурц байх болтугай”, “Суудал тэгш байх болтугай”, “Сум мэргэн байх болтугай” гэх мэт ерөөл, магтаалын үг бий.

- Гадаад дахь монголчууд үндэсний тэмдэглэлт баяраараа шагай харвадаг болжээ. Шагайн холбооны салбарууд олон улсад байна уу?

- Орон зай нөхцөл хамаарахгүй, ямар ч цаг хугацаанд харваж болох наадгай бол шагай. Африкаас бусдад бүгд байна. Америк, Франц, Европ, Австралид байна. Тус бүртээ оршин суугаа монголчууд маань уухайгаа хадуулаад, хашлага, сумаа нийлүүлээд явж байна. Шагайчдын дунд “Хашлага, сумны ахан дүүс минь” гэж үг бий. Монголчууд минь, хөх толботнууд минь гэж сүржигнэхгүй ч, хаана ч очсон анд найз болоод л явж байна даа.

- Тэгвэл манай улс шагайн харвааг дотооддоо хэр хөгжүүлж байна вэ?

- Шагайн спортод цол олгодог болсон. Ерөнхийлөгчийн ивээлд орж, наадмын дөрөв дэх төрөл ч боллоо. Улсын их баяр наадмаар бүх аймаг, сум шагайн харваагаар наадаж байна.  Угаасаа ч сумын наадмаар заавал морь уралддагтай адил зүйл юм. Монгол дархлаа гэдэг ийм л байх ёстой аж. Би багаасаа шагайтай холбогдсон хүний хувьд 2022 оны нэгдүгээр сараас эхлээд “Най уухай” нэртэй цэнгээнт нэвтрүүлэг 10 дугаар хийсэн юм.Хүмүүс намайг эхэндээ шагайн харвааны цэнгээнт нэвтрүүлэг хийх гэж байгааг сонсоод гайхсан.  Морь, бөх, сур гээд өөр олон сэдэв байхад гээд л. Харин шагайн харваа, холбоод алга ташиж хүлээж авсан. Нэвтрүүлгээрээ дамжуулж олон хүнийг энэ наадамд уруу татна гэж зорьсон юм. Ямар ч байсан шагайчдад их хүрсэн. 2020 оны гуравдугаар сарын 8-нд эмэгтэй харваачид нэвтрүүлэгтээ оролцуулж байлаа. Тэгэхэд Төв аймгийн Баянжаргалан сумын цэцэрлэгийн эрхлэгч 30 жил шагай харвасан эмэгтэй ирж оролцсон. Эмэгтэй хүн харваж болж байгаа юм уу гэх нь олон байсан ч болохгүй гэсэн хууль байхгүй ээ.  Лам нар амгалан бодь, номонд нэвчсэн улсууд. Тэд нар наадаад байна гэхээр увдист чанарын үзүүрээс нь тэмтэрч мэдсэн байгаа л хэрэг. Өнгөрсөн жил “Най уухай” нэвтрүүлэгт маань Завханаас лам нарын баг ирж оролцоод түрүүлж л байлаа.

- Увдис нь юундаа гэж?

- Уухайндаа гэж би боддог. Янз бүрийн том тэмцээнүүд дээр очоод шагайн харваачдын уухайг сонсож л явлаа. Мянган эрчүүд нэг дор цуглачихсан байхад нэг ч хэрэлдэж байгаа хүн үгүй. Увдис гэх үү, утга учир гэх үү, шагай харвахын амин сүнс нь хоолой нийлүүлэн уухайлдагтаа байна гэж би үздэг. Шагай харваа бол заавал хожихын төлөө биш байх ёстой. Сүүлийн үед л тэмцээн өрсөлдөөний шинжтэй болоод байна. Найман наснаас наян нас хүртлээ сонирхдог энэ наадгайгаар мундаг залуус гарч ирж байна. Гэхдээ харваандаа сайн байхаас биш уухайгаа орхигдуулчихсан тал харагддаг. Хүнийг анагаах, амгалан байлгах онцлогийг нь л хадгалах хэрэгтэй. Уур хилэнтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй үедээ хүн шагай харваж чаддаггүй. Хэчнээн сайн, алдартай харваач байгаад нэмэргүй. Асар том сэтгэл зүйн тоглоом байгаа юм. Би ингэж хөгжих явцдаа уухайгаа хаячих вий дээ гэж болгоомжилж байна. Шагай харвааны хоёр үндсэн шинж бий. Нэгдүгээрт онох, дараа нь уухайлах. Уухай гэдэг чинь үггүй соёлтой тоглоомын нэг хэлбэр. “Чи буруу харвачихлаа”, “Чи доогуур нь ингэж харва” гэх мэтээр ярилцдаггүй. Уухайгаараа л тухайн хүнд алдаа дутагдлыг нь засаж, анхааруулж хэлнэ. Ингэх явцдаа л сэтгэл зүрхээ ойлголцож байна гэсэн үг.

- Одоо уухай тэгвэл ямар болчихоод байгаа юм бэ?

- Байхгүй юмыг гаргаж ирж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Алдуулдаг уухай гэж. Хоёр баг өрсөлдөхөд нэгийгээ алдуулах гэж хашгирч, цочоож барьц алдуулахыг хэлж байгаа юм. Харваач маш жижиг орон зайд том шийдвэрийг ч атгаад сууж байдаг. Энэ үед сэтгэл зүйн хувьд дайралтад өртөх ёсгүй. Багахан нөлөөлөхөд л багийн үр дүн, бүтэн жилийн хөдөлмөрийг үгүйсгэхэд хүрдэг юм. Өнгөрсөн жил би улсын наадмын шагайн харваан дээр очиж хөтлөгч хийсэн юм. Анзаарсан юм нь аанай л их хашхираан болоод байна. Ингэж хашхиралдмааргүй, хүнгэнэтэл сайхан уухайлаад л өөр  баймаар санагдаад байгаа юм. Ахмадууд бол бүгд хэлж байна. Мэдэж байгаа мөртлөө өөрөө яагаад хүсэхгүй байна гэхээр амжилт, спорт болгох гэж л яараад байна. Хүүхдүүд их харвадаг болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ зүйлийг нь битгий дуурайгаасай.

- Одоо зохиох гэж байгаа тэмцээнийхээ талаар яриач?

- “Най уухай” нэвтрүүлгийнхээ нэрэмжит Шилдэг уухайчдын улсын анхдугаар уралдаан хийхээр бэлтгэж байгаа юм. Уухайн тэмцээн болох өдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит шагайн харвааны тэмцээн давхцаж байгаа юм билээ. Гэхдээ манай тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн баг дотор жин дардаг аль сайхан уухайчнаа л оролцуулахад болно. Уралдаан насанд хүрэгчид, хүүхэд, ахмад гэсэн гурван насны ангиллаар явагдана. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай. 11 дүгээр сарын 17, 18-нд Буянт-Ухаагийн спортын ордонд мянга гаруй харваач цугларна. Тэнд биен лүүгээ хялайсан, өндөр дуугарсан хүн олж харахгүй. Бүгдээрээ үндэсний дээл хувцастайгаа уухайлна. Тийм учраас хурмаст дэлхий баясахаас аргагүй болж, бие сэтгэл амгалан болно. Хүн төрөлхтний гайхамшигт өв соёлын нэг гэж үзэж л байгаа бол уухай нь цугтаа хөгжих ёстой. Өнгөрдөг жил би зээ охиноо харваан дээр аваачсан юм. Тэгтэл тэр олон эрчүүдийн дунд айж цочиж, ер уйлаагүй. Олон эрсийн уухай гэдэгтээ сүр хүч, гоо үзэсгэлэн нь байгаад байх шиг. Хэдэн зуун дамжиж ирсэн тэр уухай нь л өөрөө авшиг буянтай байдаг болов уу. Бид өөрсдийнхөө юмыг арай тоохгүй байгаа юм биш биз дээ гэж бодогддог болж байна. Гаднынхан бол үүнийг асар их сонирхоно. Жил болгоны наадмаар харж байхад жуулчид шагайн асарт их цугларсан байдаг. Хүн харахад онц сонирхолтой юм биш шүү дээ. Гэхдээ анхаарлыг нь татаад байгаа юм уухайндаа байж ч болох юм.   

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.