images

Т.Эрдэнэ-Уул: Монгол хэлтэйгээ ямагт хамт байхын тулд унших төдийгүй бичихийг эрхэмлэж байна

Duuren.Life

Муугийн ёс биш

2023-07-11


   Монгол улсад сүүлийн 20 гаруй жил ажиллаж, амьдарч буй өвөр монгол залуу эх хэлнийхээ талаарх өөрийн үзэл санааг илтгэсэн “Дандаа хамт” хэмээх шүлэг бичсэнийг бид тухайлан баяр наадмын энэ өдөр нийтэлж байна. Эх хэлээ хайрлах хайр, эрхэмлэх сэтгэлд нь талархах, хүндэтгэх үүднээс бид түүний шүлгийг нийтлээд зогсохгүй товчхон ярилцлага авснаа уншигчдадаа толилуулъя.    

- Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Төмөрийн Эрдэнэ-Уул гэдэг. Би Өвөр Монголын Жирэм аймгийн Найман хошууны хүн. Өвөр Монголын их сургуулийг монгол хэл-уран зохиолын мэргэжлээр 1999 онд элсэн суралцаж дүүргээд 2000 оноос одоо хүртэл Монгол улсад ажиллаж, амьдарч байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

- Ямар ажил эрхэлдэг вэ, мэргэжлээрээ  ажилладаг уу?

- 2000 оноос хойш их төлөв бизнес эрхэлж ирлээ. Орчуулгын товчоо ажиллуулж байлаа, гутлын дэлгүүр ажиллуулж байлаа, одоо бол худалдаа, тээврийн салбарт л ажиллаж байна даа. Мэргэжлээрээ ер ажиллаж байгаагүй юм байна.

- Та уран зохиол хэдийнээс сонирхох болов?

- Би багаасаа л уран зохиолын хүн болно гэж мөрөөддөг байсан. Тавдугаар анги төгсөх жил аав минь надад Ц.Дамдинсүрэнгийн “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой” гэдэг ном авч өгсөн юм. Тэр ном л уран зохиолч болох мөрөөдлийн минь эхлэлийг тавьж өгсөн гэж боддог. Хүн их тэнэг амьтан. Өөрт байгаа зүйл, өөрт байгаа боломжийн үнэ цэнийг мэдэрч ойлгодоггүй юм билээ. Надад сайхан мөрөөдөл байсан, тэр сайхан сургуульд онц сурах боломж байсан, тэгэхэд би өнгө мөнгө хөөж, мөрөөдлийн мэргэжлээ хаясан. Монгол үндэсний бичиг соёлын ирээдүйн тухай их яригдах болсон ойрын хоёр жилээс л уншиж бичиж эхэлсэн дээ. Бидний хэл соёлоо ямар хэмжээнд авч явах нь аль нэг төрийн бодлого, ямар нэгэн цаг үеэс тэр бүр хамаарахгүй, монгол хүн бүрийн өөрийн хичээл зүтгэлээс л бүрэн шалтгаалах зүйл гэж би өөрт байсан боломжоо үрэн таран хийсэн хүний хувьд боддог.  

- Монголын зохиолч, яруу найрагчдаас та хэнийг илүүтэй уншиж байна вэ?

- Монгол яруу найрагчдаас би Дэндэвийн Пүрэвдорж гуайн бүтээлд маш их дуртай. Хамгийн сүүлд “Улаан гэрийн хоригдол”, “Бор гэрийн богд” гэж хоёр номыг хэд хэд уншлаа. Одоо Ж.Лхагвын “Толгодын цаана ингэ буйлна” гэдэг номыг уншиж байна. Би энэ хүнийг огт мэддэггүй байж байгаад ФМ радиогоор явсан богино өгүүллэгийг нь санамсаргүй олж сонссон юм. Тэр өгүүллэгүүд үнэхээр онцгой байсан. Ийм хосгүй зохиолчийн бүтээлийг олж уншилгүй хаагуур явав даа гэсэн бодол төрөөд шууд номын дэлгүүрүүдээр хайж яваад ололгүй Багшийн дээдийн хуучин номын худалдаагаар очиж байж олж авсан. Нэг удаа би хүүтэйгээ номын дэлгүүрээр явж байтал Бөхийн Бааст гуай азаар тааралдав. Тэгээд би түүнээс хүүхдэдээ ямар ном уншуулбал зүгээр тухай асуулаа. Тэгтэл өвгөн зохиолч надад “Орчин үеийн Монголын уран зохиолын суурийг Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн хоёр тавьсан. Тэр хоёрыг уншуулах нь зүйтэй” гэсэн. Олон жилийн өмнө аав минь надад Ц.Дамдинсүрэнгийн зохиол авч өгч номын амтанд оруулж байсан бол олон жилийн дараа алдартай өвгөн зохиолч хүүд минь бас Ц.Дамдинсүрэнг санал болгож байгаа нь үнэнхүү сонин тохиол байгаа биз?

- Монгол хэл соёлын талаар таны бодол?

- Одоо би уншихаас гадна бас янз бүрээр бичих гэж оролдож байна. Миний энэ “Дандаа хамт” шүлгийн дахилтад “Уншиж бас бичиж хамт байна” гэсэн мөрүүд бий. Эдгээр мөрүүдийн үзэл санааг л амьдралдаа хэрэгжүүлж байгаа нь энэ гэх үү дээ. Намайг хэдэн юм эрээчсэнийг хараад дунд сургуульд суралцдаг хүү минь бас “Хөдөө нутаг” гэж  шүлэг бичсэн юм. Тэр шүлгийн  

“Өндөр сайхан ууланд нь өнгийн цэцэгс дэлгэсэн

Өргөн уудам нутгийн минь өөдөсхөн хэсгийг хараач” гэж эхэлсэн мөрүүд намайг их баярлуулсан. За тэгээд үр хүүхэд маань ч гэсэн монгол хэлээрээ уншиж бас бичиж, сэтгэн бодож байвал болно доо.

Дандаа хамт

Хүний заяанаас шилж

Хөх толботой төрөхөд чинь

Дээд тэнгэрээс харваж

Дэлгэр нутгаа оноход чинь

Нэр чинь болж хамт байна

Би чамтай дандаа хамт байна

Бичиж бас уншиж хамт байна

Бишрүүлж бас гайхуулж хамт байна

 

Бөх унтах нойронд чинь

Бүүвэйн дуу аялахад

Бүгдээрээ цугласан найранд чинь

Ерөөл магтаал хайлахад

Чих чинь болж хамт байна

Би чамтай дандаа хамт байна

Бичиж  бас уншиж хамт байна

Бишрүүлж бас гайхуулж хамт байна

 

Яахын аргагүй дурлачихаад

Янагийн шүлэг хэлэхэд

Хаашаа ч явахгүй дасчихаад

Ханийн жаргал эдлэхэд

Зүрх чинь болж хамт байна

Би чамтай дандаа хамт байна

Бичиж бас уншиж хамт байна

Бишрүүлж бас гайхуулж хамт байна

 

Аавын оронд аав болчихоод

Эцгийн удам залгахад

Эхийн оронд эх болчихоод

Ээжийн урыг өвлөхөд

Ухаан чинь болж хамт байна

Би чамтай дандаа хамт байна

Бичиж бас уншиж хамт байна

Бишрүүлж бас гайхуулж хамт байна

 

Эрээн алаг ертөнцийг

Эргүүлэн урвуулан шинжихэд

Үнэн худал нөхрийг

Үдэн угтан ялгахад

Нүд чинь болж хамт байна

Би чамтай дандаа хамт байна

Бичиж бас уншиж хамт байна

Бишрүүлж бас гайхуулж хамт байна

 

Ганц үрдээ үгээ үлдээж

Гантиг чулуунаас босгоход чинь

Төрсөн хүүгээрээ дутсанаа

Түмнээс нууж сийлээд

Хөшөө чинь болж хамт байна

Би чамтай дандаа хамт байна

Бичиж бас уншиж хамт байна

Бишрүүлж бас гайхуулж хамт байна

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.