Ёкозүнагийн зөвлөл Оносато, Хоошорюү нарыг сайшааж, үзэгчдийн зохисгүй хандлагад санаа зовниж байгаагаа илэрхийлэв
Японы Сүмо бөхийн холбооны (JSA) дэргэдэх Ёкозүнагийн зөвлөлдөх зөвлөл өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Уламжлал ёсоор башё дууссаны маргааш болдог энэ хурлаар зөвлөлийн дарга Тадамори Оошима Ооносато, Хошорюү хоёр ёкозүнагийн амжилтыг сайшаахын зэрэгцээ тэмцээний үеэр үзэгчдийн зүгээс гарч буй зохисгүй үйлдэл, бөхчүүдийг хашхирч өдөөн шуугиан гаргах асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Өмнөх Кюүшюү башёд бэртэл авсан ч нэг жилийн дараа хоёр башёд завсаргүй түрүүлж, эзэн хааны цомыг долоо дахь удаагаа хүртсэн ёкозүна Ооносатогийн амжилтыг Зөвлөлийн гишүүд өндрөөр үнэлэв. “Тэрбээр ёкозүнагийн үүргийг нэр төртэй биелүүллээ” хэмээн Оошима үнэлээд, улам сайжирч, сүмогийн хөгжилд хувь нэмрээ оруулан, үзэгчдийг баясгахын төлөө зүтгэхийг Ооносатод ерөөсөн байна. Мөн тэрбээр домогт ёкозүна Фүтабаямагийн 69 дараалсан ялалтын цуврал тасарсны дараа хэлсэн “Би хараахан модон азарган тахиа болоогүй байна” хэмээх алдарт үгийг эш татжээ. Японы уламжлалд энэ нь хүн сэтгэлээ бүрэн барьж удирдах хэмжээнд хүрээгүй хэмээн үзэж, цаашид улам хичээж сайжрах ёстой гэсэн даруу бөгөөд гүн утгатай үг юм. Ооносатог ч мөн сэтгэл хөдлөлөөс ангид, аливаад бат тогтуун байж чаддаг ёкозүна болохын төлөө хичээх хэрэгтэй хэмээн Ошима хэлжээ.
Харин ёкозүна Хошорюүгийн тухайд, дараалан гурван башё өнжсөний дараа эргэн барилдаж, ес давсан амжилтыг нь Зөвлөлийн гишүүд дуу нэгтэй сайшаасан байна. “Бэрхшээлийг даван туулж, 15 өдрийн турш бүх хүчээ дайчлан барилдаж, 9 даваа, 6 унаатайгаар тэмцээнийг дуусгасныг нь талархан сайшааж байна” хэмээн Оошима хэлжээ. Ирэх жилийн барилдаануудад Хоошорюү биеийн бэлтгэл, эрүүл мэндийн байдлаа бүрэн сэргээж, хоёр ёкозүна хоёулаа башёгийн сүүлийн өдөр аваргын төлөө шууд өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхийг зөвлөлийн гишүүд уриалсан байна.
Үзэгчдийн ёс зүй, хандлагын талаар ярихдаа Оошима өнгөрсөн жилийн Кюүшюү башёгийн дараа ч хөндөж байсан асуудлаа дахин сөхжээ. Энэ нь бөхчүүдийн тачи-ай хийх буюу золгохын өмнөх нам гүм агшинд үзэгчид өндөр дуугаар хашхирч, бөхчүүдийн сэтгэл санааг үймүүлж байгаа явдал юм. “Бөхчүүд бүх хүчээ дайчлан халз тулахаас өмнөх тэр үе бол онцгой мөч. Үгээр илэрхийлэхийн аргагүй тэр нам гүм мөчийг зүй бус хандлагаас хамгаалах хэрэгтэй” хэмээн Ошима хэлээд, ийм зөрчлийг таслан зогсоох, дахин гаргуулахгүй байх арга замыг Сүмогийн холбооны удирдлага болон дарга нар хамтран хэлэлцэж, шийдвэр гаргах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




