Монгол улсын иргэн Э.Батзориг олон улсын комиссын гишүүнээр сонгогдов
Хүмүүнлэгийн хэргийн үйл баримтыг цуглуулах олон улсын комиссын 2027-2032 оны гишүүнээр Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Э.Батзориг сонгогджээ. Байгууллагын ээлжит сонгууль өнгөрөгч 20-ны өдөр Швейцарын Берн хотноо болсон байна. Комиссын 15 гишүүнийг сонгох уг сонгуульд Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Польш, Чили, Швед, Швейцар, Португал, Бельги зэрэг 23 улсын төлөөлөгч өрсөлджээ. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчлийн талаарх мэдээллийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий тус комисс нь (International Humanitarian Fact-Finding Commission) Женевийн конвенцийн хүрээнд байгуулагдсан, олон улсын бие даасан байгууллага юм. Монгол улсын нэр дэвшигч тус байгууллагын гишүүнээр 2021-2026 онд сонгогдон ажиллаж байв. Энэ удаа 2027-2032 оны гишүүнээр сонгогдсоноор манай улс олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэх үүрэг амлалтаа биелүүлэхэд чухал алхам болох юм. Мөн зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдүүлэхэд улс орнуудыг дэмжих, олон талт хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна. Тус комиссын сонгуульд манай улс хоёр дахь удаагаа амжилттай оролцсон нь Монгол улс олон улсын эрх зүй, тэр дундаа олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх идэвхтэй бодлого баримтлан ажиллаж буйн бодит илрэл болж байна хэмээн Гадаад харилцааны яамны албан мэдээнд дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





