images

Хурга хөнгөлөх, засаа идэхийн учир

Д.Бизьяа

Муугийн ёс биш

2023-06-13


     Нийслэлийн ойрхон мал малладаг найз маань дуудмагц нь очиж хурганы засаа идэхийг дуртган сануулсаар нэг мэдэхэд улирал нь өнгөрчээ. Тавдугаар сарын сүүлээр нэгэнтээ утас цохиж, хэзээ очвол зохилтой болохыг асуувал, ногоо оройтож гарсан тул мал цадаагүй, хурга хөнгөлөхийг хойшлуулсаар буйгаа учирласан, тэгж ярьсан нь лавтайяа хагас сарын өмнө тул энэ жилийн засаа идэх явдлын бүтэмж одоо хэдийнэ өнгөрсөн болов уу.  

     Мал хөнгөлөх, засаа идэх гэдэг монголчуудын өвөрмөц сонин соёл, заншил билээ. Энэ тухай монгол хүн бүр мэддэг, үгүй ядаж л харж, сонсож байсан байдаг. Гэхдээ энэ нь зүгээр нэг хурганы засаа идмээр санагдсан үедээ хургаа хөнгөлөөд, засааг нь чанаад зооглочихдог зүйл биш юм. Цаг улирал, өдөр судар маш чухал. Мэдээж бэлгэ дэмбэрэлтэй сайн өдөр, сайн цагийг сонгоно. Мөн төл малын бие гүйцэж, шинэ ногоонд цадсан байх ёстой. Хурга хөнгөлөхөд зуны эхэн сарын шинийн гурван хамгийн ээлтэй өдөр гэж үзэж энэ өдөр ихэвчлэн хурга, ишгийг хөнгөлдөг. Гэхдээ газар орон, цаг агаарын байдлаас хамаарч нутаг нутагт энэ хугацаа өөр өөр байна. Төв нутаг буюу зөөлөн дулаан уур амьсгалтай хангай газарт аргын тооллын тавдугаар сарын эхээр хурга, ишгээ хөнгөлнө. Үүнээс оройтвол ялаа батгана ихээр гарч зассан ором нь өтнө. Гэтэл өндөрлөг, сэрүүн баруун Алтай нутагт аргын тооллын зургаадугаар сар гарсан хойно хургаа хөнгөлдөг.

     Хурга хөнгөлөхдөө хургаа эхээс нь ялган авч хоцроод малын хотны эхэн хавьцаа цэвэр газар цагаан эсгий дэвсэн идээ будаа засаж арц хүж, аргал хомоол уугиулж хот малаа ариусгана. Улмаар хурга хөнгөлөх хүнд хадаг барин сүү амсуулж хүндэтгэл үзүүлнэ. Бие хүч сайтай, халзан цагаан зүстэй хургыг анхлан хөнгөлөх бөгөөд хөнгөлөхийн өмнө эвэрт нь цагаан даавуу, залам уяж орой дээр нь шар тос түрхэж сүү дусаан мялаагаад хөнгөлнө. Хөнгөлсний хойно “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан”, “Цус нь цагтаа хатаж, өвчин нь өдөртөө эдгэр” гэх мэтээр ерөөл хэлнэ. Ингэхдээ мал сүрэг арвидан үржихийг бэлгэдэн тариа будаа цацаж өргөнө. Хуц тавих хургаа хөнгөлөхгүй үлдээхдээ магнайд нь шар тос юм уу тараг зэрэг цагаан идээ түрхэн мялаагаад эрүүн дор нь тавагтай цагаан идээгээ хүргэж ёслоод арцны утаанд гурвантаа эргүүлэн ариутгаад,

Үр төл олонтой

Үржил шим сайтай

Сүрэг нь дэлгэр болог

Сүмбэр уулсын өвс ид

Сүн далайн ус уу

Түмэн хонины түрүү

Түнтгэр халзан хуц бол

Мянган хонины түрүү

Мантгар халзан хуц бол гэж ерөөнө.

     Мал хөнгөлсөн өдрөөс гурав хоног гадагшаа хүнд юм өгөхгүй, мал гаргахгүй, сүү тараг, ааруул цагаан идээ өгдөггүй. Хэрэв ингэвэл адуу малын гарзтай, малд муу, төл алдаж, сүү сааль татарна гэж үздэг. Зайлшгүй сүү сааль гэрээс гаргах, хүнд өгөх болбол гэрийн эзэгтэй сүүгээ гэрээс зайдуухан, малын хотноос хол аваачиж тавина. Ингэсний хойно сүү авах ёстой хүн нь өөрөө очиж саваа дүүртэл хийж авсан хойноо “дээж хариулаад” авч явна. Дээж хариулна гэдэг нь саваа дүүртэл хийж авсан хойноо буцаагаад сав руу нь жаахныг дусааж үлдээхийг хэлнэ.

     “Мал хөнгөлсөн өдөр тун аргагүй болоод хүнд жаахан ааруул, сүү өгчихсөн юм. Гэтэл маргаашнаас нь мал хорогдоод, хотонд чоно ороод” хэмээн ярьж суугаа малчин хүнтэй олон таарч байлаа. Үнэхээр ч тийм зүйл болоод байдаг. Үүнд ямар нэгэн учир холбогдол байдаг болоод тэр биз.

     Хургаа хөнгөлж дууссан хойно засааг сайтар угааж цэвэрлээд хөшиглөсөн махтай хамт чанана. Улмаар дээрээс нь будаа хийж буцалгаад засаатай, будаатай шөл болно доо. Амт гэж үнэхээр салахын аргагүй. Хурганы засаа бол тэр чигээрээ уураг. Тэгэхээр хүний биед сайн, муугийн тухайд бол тайлбар илүүц биз. Засаанд учиргүй дуртай хүмүүс байдаг. Тийм нэгэн гудиггүй эр хонь хариулж явахдаа тэсэлгүй ганц нэг хурга хөнгөлөөд хээр засаа чанаж идэж байсан тохиолдол байдаг. Үүнтэй төстэй явдал. Тэр жил бага дүү маань долоо, найм орчин настай байхдаа юу болсныг бүү мэд, нэг өдөр засаа идмээр байна гэж биднийг шалж гарав. Хурга хөнгөлөөд дууссан тул энэ талаар яриа байхгүй гэдгээ хэлээд өнгөрлөө. Нөгөөх чинь шалж гуйсан хэвээрээ. Сүүлдээ бүр уйлж гарлаа шүү, үнэнээсээ. Төдийд бид сандарч, аргадаж гуйгаад тусыг эс олов. Аргагүйдээд гадаа хотонд байсан үхэр дотроосоо нэг бяруу барьж хөнгөлөөд засааг нь чанаж өгч билээ. Бярууны засаа, хурганы засаа хоёр овор хэмжээ, амт үнэрийн хувьд бараг адилхан байдаг юм.

Гэрэл зургийг Фэйсбүүк дэх Bayaraa Enkhbayar хуудаснаас.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.