Солонгос профессорт сумын наадам үзүүлсэн минь
Муугийн ёс биш
2023-07-11
Наадмын тухай сайхан дурсамж хүн бүхэнд бий болов уу. Надад тохиосон тэр жилийн наадам олон дурсамж дундаас онцгой сэтгэгдэл үлдээжээ.
1997 оны зун, оюутан ахуй цаг. Шалгалт шүүлгээ өгч дуусаад долдугаар сар гартал хотод дэмий сэлгүүцэж явтал нэг өдөр солонгос багш минь утасдаж дуудав. Явж очвол юу хийж байгааг минь асуугаад, Солонгосоос нэг хүн ирэх тул түүнийг дагуулж хөдөөгийн уул талаар явж монгол наадам үзүүлж, монгол ахуйтай танилцуул гэдэг үүрэг өгөв. Ямар учиртай хүн болохыг асуувал их сургуулийн багш гэнэ. Багшийн тушаал хойно би ч “За” байлгүй яахав. Хаагуур явж юу үзүүлэхийг асуувал намайг шууд нутагтаа дагуулж очоод сумын наадам үзүүлээд ир гэнэ. Хэд хоногийн дараа холын зочноо угтахаар нисэх буудал гараад том цаасан дээр нэрийг нь бичин барьж зогслоо. Дотроос гарч ирсэн хүн болгон руу царайчлан зогссоор сүүлдээ бүр залхах тийшээ хандаад эвшээж зогстол дунд эргэм насны, цайвар цагаан царайтай, сайхан инээмсэглэсэн нэгэн эр намайг чиглэж ирсэн нь холын зочин минь мөн байж. Зочинтойгоо нэр усаа мэдэлцэн танилцаад унаанд суун хотын төв орж ирэх хооронд яриа хөөрөө дэлгэж давгүй дотносоод авлаа. Оройн хоолон дээр хөдөө аялах аяллынхаа тухай, юу үзэж сонирхож, юу идэж уух тухай асуувал тэрбээр шуудхан хэлэх нь “Надад жуулчин шиг өндөр тансаг буудалд тухалж, үнэтэй хоол зооглож, тусгай унаа тэрэг хөлсөлж, тусгай хөтөлбөрөөр явах ямар ч сонирхол алга. Чи зуны амралтаар нутагтаа яаж очдог, яаж амардаг, юу хийдэг, тэрийгээ л хийгээд яв. Би зөвхөн чамайг дагана. Замын унаанд дайгдаж, замын гуанзнаас хооллоно. Явган нүцгэн явсан ч хамаагүй. Замд тааралдсан бүхнийг үзэж сонирхоод явна. Ирсэн зорилго маань ердөө тэр” гэж миний нүдийг орой дээр гаргав. Гэтэл би шал өөр юм бодож, төлөвлөж байсан. За яахав, түүний хэлснээр л явъя гэж шийдлээ.
Алтайн уулсын зүгт
Хоёр хоногийн дараа хоёул МИАТ-ын онгоц хөлөглөн Ховд нутгийн зүг гарч одов. Гурван цаг гаруй нисээд Ховдын нисэх дээр буухад манай Цогтоо ах тосож аваад шууд гэртээ дагуулж ирлээ. Тэднийд энгийн сайхан хооллож ундалж амраад маргааш өглөө нь Мөнххайрхан сумыг чиглэн гарч өгөв өө.
“УАЗ 469” машин дотор нэлээд олуулаа чихээд суучихсан, мань хүн нэг захад нь хавчуулаастай. Хэсэг яваад “Дажгүй явна уу?” гэхэд “Асуудалгүй” гэдэг хариу өгч байна. Шар хадын дөрөлж, Манханы талыг туулж бараад Хуурай цэнхэрийн ам өгсөх үед бороо шивэрч эхэлсэн бөгөөд Хуурай цэнхэрийн хавцал дунд хэсэг зогсож саатахад оргил нь үл харагдах их уулсын орой тийш ширтэн алмайрч зогсох ажээ. Тэгээд “Үлгэрийн юм шиг орон” гэсэн ганц үг надад хэлэв. Хуурайн хавцлыг туулж бараад дээш өгсөн Улаанговийн хөтөл дээр гарч ирвэл урдаас цасан шамарга тавьж байх агаад овоон дээр түр зогсоод идээ будааны дээж өргөж байхад мань хүн нэлээд даарч байгаа бололтой хүрмэн дотроосоо толгой нь дөнгөж цухуйн бөн бөн чичирч зогсоно. “Үгүй энэ чинь долоодугаар сар биз дээ? Яасан хүйтэн байна аа? Гэхдээ л үлгэр домгийн гэмээр ер бусын нутаг юм” гэнэ. Мөнххайрхан сумын төв орж ирж хамаатны ахындаа тухлаад авлаа. Мань хүн замд жаахан алжаасан бололтой царай нь ядрангуй, нөгөө толигор цагаан нүүр нь Алтайн салхинд хагас өдөр илбүүлээд хөөрхөн борлоод ирж. Сумын төвд гадаад хүн ирсэн сураг чимээ дорхноо тарсан бололтой, удалгүй ахынхаар хүмүүс цувж эхэллээ. Бэргэн эгч маань мань солонгосын хоол ундыг тааруулах гэж хэрдээ л их хичээнэ. Сумын төвд нэг хоноод хөдөө ууланд суугаа ээжийнхээ бор гэрт хүндэт зочноо дагуулж очлоо. Энэ өдрөөс эхлэн мань хүн жинхэнэ дэгэнд оров. Шууд монгол дээл өмсүүлээд моринд мордуулан морины бариан дээр дагуулж очлоо. Очоод хүмүүстэй мэнд ус болоод суутал сумын заан У.Батсуурь ах том гэгчийн хөөрөг гаргаж ирээд надтай тамхилснаа солонгос багш руу хөөргөө сунган “За хө, сүрэг тарган сайхан зусаж байна уу? Сайн явж байна уу?” гээд л мэндлэх нь эгээ л олон жил уулзаагүй багын найзтайгаа уулзаж буй мэт. Багш маань хөөргийг тун эв хавгүй хоёр гардан авснаа над руу хандан “Энэ юу вэ, надад бэлэглэж байна уу? Би яах ёстой билээ?” гэж сандрав. Тэгээд миний хэлсний дагуу хөөргийг үнэрлээд буцаан барихдаа чанга гэгч нь найтаахад, тойроод зогсож байсан морины хүүхдүүд нирхийтэл инээлдэж, мань хүн нус нулимс болсон амьтан эвгүй байдалд орсондоо хэдэнтээ тонголзон уучлал гуйлаа.
Тэр өдрийн үсэргээ дуусч гэртээ эргэж ирэхэд морь бариан дээр байсан хүмүүс бараг бүгд солонгос андыгаа даган манай ээжийн бор гэрт хүрээд иржээ. Нутгийн ах нар түүнээс элдэв янзын юм асууж байснаас одоо санаанд үлдсэн нь хэн нь ч билээ, нэг ах “Танай нутагт одоо бас наадам болж байгаа юу? Хэр олон морь уралддаг вэ?” гэж асуун бөөн инээдэм болж билээ. Долоон сар гараад наадам дөхөж байгаа хэр нь шөнөдөө жигтэйхэн сэрүүн хононо. Нэлээд сайн хучиж дулаалж унтуулсан хэр нь өглөө ихэд даарсан бололтой босож ирэхэд ээж санаа зовоод, шөнө даарсан эсэхийг нь асуухад нэрэлхсэндээ огт даараагүй, маш сайхан унтсан тухай ярьж байхад царайд нь ихэд даарсны ул мөр тодхон.
Солонгос профессорыг монгол эмгэн загнав
Өдрийн цагаар мал ахуй, хүүхдүүдийн чулуун тоглоом, цагаан идээ хийж буй байдал гээд юм бүхнийг сонирхож, зураг дарж, тэмдэглэл хөтөлж хөгжилтэй сайхан өнгөрөөнө. Би тэр бүхнийг тайлбарлаж хэлж өгөх тусам улам ихийг шалгаана. Хүүхдүүдийн чулуун тоглоомыг ихэд сонирхон өөрөө энгийн тариачин айлын хүүхэд байсан тухайгаа, яг л иймэрхүү орчинд уул усан дунд бага нас нь өнгөрсөн тухайгаа ярьж, тэртээ холд одсон балчир ахуйдаа эргэж очсон мэт санагдаж байгаагаа ихэд таатай хүүрнэнэ. Илүү гэрт цагаан идээ хийж, тогоо нэрж байсан эмээгийн хийж буй үйлдэл бүхнийг сонирхон хажуунаас нь салахгүй дагаад байсанд эмээ гэнэт ихээр уцаарлан “Чи яах гэж хүний өмнүүр бүртэлзэж тээр болоод байна аа? Тогоо нэрэхийг харж байгаагүй юм уу, чи. Гарч аргал түлээ түү. Яасан ажлаа барсан амьтан бэ?” гэхэд нь дүү бид нар элгээ хөштөл инээлээ. Учир нь эмээ минь нас өндөр болсон болохоор орсон гарсан хүмүүсийг сайн ялгаж таньдаггүй байсан юм. Тэгээд би эмээдээ учирлан “Энэ чинь гадаад хүн юм аа. Таны хийж байгааг сонирхоод байна” гэвэл “Ээ халаг гэж, тийм байсан юм уу? Би та нарын нэг л гэж бодоод” хэмээн ихэд санаа зовнин өгүүлснээ солонгос багш руу хандан уучлал хүсч найр тавин инээнэ. Бид тэр хоёрыг шоолж баахан инээж авлаа.
Мянган жилийн өмнөх ахуйд очсон нь
Оройхон тийш дүү бид хоёр сойсон морьд аргамжихаар хөдлөх гэж байтал надаас хааш явах гэж буйг асуув. Явах учраа хэлбэл “Би хамт явж болох уу? Намайг аваад яваач” гээд жаахан хүүхэд шиг уйлах нь холгүй гуйж байна. Номхон моринд унуулан дагуулаад явлаа. Ямаатын хэрэвийн сэрмүүн өвстэй налгар энгэрт аваачиж морьдоо аргамжаад эргэтэл хажууханд хадтай толгойн энгэрт холоос ирсэн наадамчдын жижиг майхан харагдаж, майхны үүдэнд түлсэн хээрийн галын утаа суунаглан, жаргаж буй нарны хөлд униар татан байх дүр зургийг нөгөөх чинь хараад яг л уран зураг, эсвэл киноны дүрс шиг харагдаж байна гэв. “Очиж үзэх үү?” гэхэд минь тэрбээр тун дуртай зөвшөөрч бид аянчдыг зорьж очвол манай нутгийн Басдорлиг ах уяж сойсон морьдоо авч наадам үзэхээр холоос зорьж ирсэн байлаа. Ах хүү холын зочныг аяны майхны хоймортоо уриад хээрийн бор цайгаар дайлж өмнө нь түмпэн дүүрэн тарваганы мах тавив. Надтай бараг уралдаж ирээд тун ч амтархан идэж байна. Юуны мах болохыг нь асууж байна. Би тайлбарлаж хэллээ. Гарч ирсэн хойноо “Алтайн уулсын дунд, хээрийн аянчны майханд урд өмнө сонсож дуулж байгаагүй ийм амттай ангийн мах зооглоно гэж төсөөлж байсангүй” гэж тун сэтгэл дүүрэн өгүүлнэ. Тэгээд цааш ярих нь “Монгол нүүдэлчдийн амьдрал юу нь үнэ цэнтэй вэ гэвэл мянган жилийн өмнө байсан тэр л ахуйд, мянган жилийн өмнөх арга технологиороо идээ цагаагаа боловсруулж, морь малаа уралдуулж аж төрсөөр суугаад л байгаа юм шүү дээ” гэж билээ.
Цасан шамарган дундах сумын наадам
Наадмын өглөө босож ирвэл тэнгэр хангай тун ширүүн байна. Шөнөжин шивэрсэн бороо үүрээр цас болж эхлэв. Холын зочиндоо шинэ монгол дээл өмсүүлж гоёод, даарах вий гэж өөрийнх нь хүрмийг давхар өмсүүлээд машинд сууж наадмын талбай, морины бариан дээр очоод удаагүй байтал их насны морьд барианд ойртоод ирлээ. Нүүр нүдгүй балбах бороо цас холилдсон их шамарган дундуур уухайн дуу хадаасаар барианд орж ирэх морьтон хүүхдүүдийг тэрбээр бахдан харж, өврөөсөө чихэр гарган өгч, бас хамтдаа зургаа татуулж харагдана. “Аргагүй л Чингисийн үр хойчис” гэж магтан дуу алдана. Үд хэвийтал бороо, цас холилдон орсоор байлаа. “Даарч байна уу?” гэж асуухад “Энэ хүүхдүүд даараагүй байхад би даарлаа гэж ярих нь утгагүй. Надад бүү санаа зов” гэнэ. Машинд орж сууя, майханд орж дулаацъя гэснийг минь эрс няцаан энэ тэрүүгээр юм юм сонирхон хэсэг явснаа эргэж ирээд “Амьдралдаа анх удаа ийм олон морьдын дунд зогсож үзлээ. Алив, миний зургийг аваад өг” гэнэ. “Өнөөдрийн наадмыг өндөрлүүлээд бид хоёр буцна. Хөдөө уулан дунд танилцсан монгол нөхөдтэйгөө заавал салах ёс хийх ёстой” гээд наадамчид дундаас эрж хайн байж олоод, буцах болсон тухайгаа хэлж тэврэлдэн дахин уулзахын ерөөл тавиад бид хоёр сумын төв рүү буцлаа. Сум орж хоноод аймгийн төв рүү явах замдаа Улаанговийн хөтөл дээр түр саатахад мань эр овоог хэдэнтээ тойрч алхаад тэртээд манан будан дунд сүндэрлэх уулсын зүгт ихэд учиртай нь аргагүй ширтэж хэсэг зогсож билээ. Улаанбаатарт ирсэн хойноо хүртэл тэнд танилцсан хүмүүс, сумын наадам, морины уралдаан, аянчны майхан, ээжийн хийж өгсөн хоол, наадмаар өмссөн дээл, эмээгийн цагаан идээ, хүүхдийн чулуун тоглоом, хүмүүсийн хүлцэнгүй сайхан инээмсэглэлийн тухай ярьсаар байж билээ. Дараахан нь хоёул урагш говь нутаг руу давхиж Дундговь аймгийн захын ганц нэг сумдаар ороход наадмын цуваа тасраагүй, нарийн бороо шивэрч нар ээсэн мөн чиг сайхан зун болж байлаа. Солонгос багш маань монгол нутгийн өргөн уудмыг биширч, Алтайд нь цасаар шамарч агаарын температур хасах хэмийг зааж байхад говь хангайд нь нар шарж дөч гаруй хэмийн халуунтай зун болж байдгийг дахин дахин ярьсаар явж билээ. Энэ бол 1997 оны долдугаар сарын явдал.
Жэжүд цас ороход монгол нөхдөө санана
2011 онд миний бие номын мөр хөөж нэлээд удаан хугацаагаар суухаар Солонгост очив. Нөгөө Ким Сан Жу багшийг сураглаад үзвэл Жэжү их сургуульд багшилж байгаа болж таарлаа. Утсыг нь олж аваад яривал миний нэрийг сонсоод утасны цаана хэсэг чимээ алдарснаа чангаар дуу алдвай. Өмнө нь бид хоёр и-мэйлээр харилцаад байдаг байсан ч би тэнд очих тухайгаа дуулгаж амжаагүй юм. Тэгээд намайг ямар ажлаар хэзээ ирсэн, хэзээ буцах, нутгийн зон олон сайн байгаа эсэх талаар шалгааж гарлаа. Улмаар намайг даруй Жэжү аралд нэг хүрч ирэхийг урив. Нэг амралтын өдрүүдээр эхнэр хүүхдээ дагуулаад Жэжүд явж очлоо. Бид хоёр ч баяр хөөртэй уулзаад тэдний гэрт зочлов. Эхнэр нь гэж сайхан хүн миний тухай олонтаа сонссоноо хэлж хэзээний танил мэт дотно сайхан хандах ажээ. Ким багш намайг байцаасаар. Өөрөө Японы Токиогийн их сургуульд хэдэн жил зочин профессороор ажиллаад саяхан буцаж ирсэн гэнэ. “Японд байхдаа сүмо их үздэг байсан. Яагаад гэвэл тэнд монголчууд сүмог эзэрхэж байгаа болохоор” гэж маш бахтай ярина. Манай Хакүхо, Харүмафүжи нарыг хэд давж, хэд түрүүлж, ямар амжилт гаргасныг надаас илүү мэдэх аж. Төдийд эхнэр нь ярианд оролцож хэлэх нь “Энэ хүн Европ, Ази, Япон, Хятад гээд олон газраар олон удаа явсан. Гэсэн мөртлөө ганцхан удаа очиж ирсэн Монголын тухай маш ихийг ярина. Монголчуудад маш хайртай. Манай Жэжү нутагт өвөлдөө цас их унадаг. Цас орж хүйтрэхээр “Монгол нөхөд минь сайн байдаг байгаа даа. Энд ийм байгаа юм чинь тэнд мөн ч хүйтэн байгаа байх даа” гэх зэргээр санааширдаг” хэмээн ярьж билээ.
Тэмээний бөхөн дундаас нар мандахыг харсан болохоор...
Ким багш ч өөрөө толгой дохин зөвшөөрч “Олон газраар явж үзсэн ч одоо сэтгэлд үлдсэн нь бараг үгүй. Харин Монгол нутагт өнгөрөөсөн хэд хоног надад кино шиг, эсвэл сонирхолтой ном шиг сэтгэлд дурайн үлджээ. Монгол Алтайн уулс дунд мөнх цаст оргилын цаагуур нар жаргахыг, говь нутагт тэмээний бөхөн дундаас нар мандахыг олж харсан болохоор яахин мартах билээ” гэсэнсэн. Тэгээд тэрбээр “Бид мэтийн суурин газрын хүмүүс яах вэ, зүгээр л биед амар, тав тухтай амьдарч байгаа улс. Харин монгол нүүдэлчид бол гоё амьдардаг хүмүүс. Тав тухтай амьдрах, гоё амьдрах хоёр маш өөр л дөө. Ид зуны долдугаар сард хүртэл цасаар шуурдаг тийм хатуу ширүүн байгаль дунд хатуу ширүүнийг үл ажран морин дэл дээгүүр хийсгэж явахыг л жинхэнэ гоё амьдрал гэнэ шүү дээ” гэж билээ.
Ким багш бид хоёр одоо хүртэл холбоотой. Тэрбээр одоо Жэжү их сургуулийн Эх хэл судлал, хэл шинжлэлийн тэнхимийн профессор. Наадам болгоноор би түүнд мэнд хүргэж нутгийн уул ус, нүүдэлчин ахуйн холбоотой зураг хөрөг илгээдэг. Маргааш мөн л мэнд хүргэж морьдын тоостой хэдэн сайхан зураг илгээнэ дээ.
Ким багш бид хоёр Жэжү аралд
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (5)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.