Дональд Трамп: Газрын тосны үнэ буурвал дайн нэн даруй дуусна
Анд нөхдийн мэдээ
2025-01-24
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад зайнаас оролцож үг хэлэв. Украины дайны тухайд тэрбээр дайныг даруй зогсоох шаардлагатай байгааг дурдаад “Энэ асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай удахгүй уулзана гэж найдаж байна. Үүнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин хамтрах ёстой” гэжээ. Мөн цөмийн зэвсгийг багасгах асуудлаар ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө В.Путинтэй цөмийн зэвсгээс ангижрах талаар ярилцсан тухайгаа хэлээд Оросын ерөнхийлөгч энэ саналыг дэмжсэн болохыг дурджээ. 2018 оны аравдугаар сард буюу анхны бүрэн эрхийн хугацаандаа Д.Трамп АНУ болон хуучин ЗХУ-ын 1987 онд байгуулсан Дунд болон ойрын тусгалтай цөмийн зэвсгийн гэрээнээс (INF) татгалзсан юм. Харин Хятад улсын тухайд саяхан Ши Жиньпин даргатай утсаар ярьснаа дурдаад "Манай хоёр улс цаашид найрсаг харилцаатай байх болно" гэжээ. Ирэх жил болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас өмнө Украины дайн дуусах эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад Д.Трамп “Украин бэлэн байна” гээд “Та бас Оросоос асуух ёстой” гэж хариулав. Мөн Саудын Араб болон Нефть экспортлогч орнуудын байгууллагаас (ОПЕК) нефтийн үнийг бууруулах хүсэлт тавина гэдгээ илэрхийлээд "Газрын тосны үнэ буурвал дайн нэн даруй дуусна" гэж мэдэгдсэн нь Орост шахалт үзүүлж буй хэрэг гэж шинжээчид үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.