Д.Трампыг дэмжсэн үймээнд оролцон шүүхээс ял сонссон эмэгтэй Д.Трампын өршөөлөөс татгалзав
Анд нөхдийн мэдээ
2025-01-23
2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Вашингтон хот дахь АНУ-ын Конгрессын байранд халдсан үймээнд оролцсон хэргээр шүүхээс ял сонссон хүмүүст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлсэн билээ. Тэгвэл тэдний дундаас 70 гаруй насны нэгэн эмэгтэй өршөөлөөс татгалзаж "Бид тэр өдөр хууль зөрчиж алдаа гаргасан" хэмээн мэдэгджээ. Эдүгээ 71 настай Памела Хэмпхилл одоогоос дөрвөн жилийн өмнө Капитолын үймээнд оролцсон хэргээр 60 хоног шоронд хоригдож, 3 жилийн тэнсэн харгалзах ял сонссон аж. Тэрбээр ВВС агентлагт өчигдөр ярилцлага өгөхдөө "Өршөөлийг хүлээн авах нь хууль сахиулсан цагдаа нар болон хууль дээдлэх ёсыг доромжилсон хэрэг болно" гэж өгүүлсэн байна. П.Хэмпхилл нэгэн цагт Д.Трампын тууштай дэмжигч байсан тул олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүнийг "MAGA (Make America Great Again) эмээ" гэж нэрлэж байв. Харин өнөөдөр тэрбээр "Тэд түүхийг дахин бичихийг оролдож байна" хэмээн Д.Трампын шинэ захиргааг шүүмжлээд “Тэр өдөр бид хууль зөрчсөн. Тиймээс өршөөл байх ёсгүй" гэжээ. Улмаар Д.Трампад итгэл алдарч, цаашид дэмжихгүй гэдгээ хэлсэн байна. 2020 онд Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг будлиантай болсон хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаар дэмжигчид нь 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолын ордон руу дайран орж, тухайн үед ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденыг батламжлахыг эсэргүүцэн үймээн дэгдээсэн билээ. Д.Трамп дахин сонгогдсоныхоо дараа тэрхүү үймээнд оролцсон 1500 гаруй хүнд өршөөл үзүүлж, 14 хүний ялыг хөнгөрүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.