Хятад улс Өмнөд Америкт хамгийн том ухаалаг боомт байгуулав
Анд нөхдийн мэдээ
2024-11-18
Хятад улс Өмнөд Америкийн Перу улсын Чанкай боомтын барилгыг ашиглалтад оруулсан байна. Тус улс Төв болон Өмнөд Америкийн орнуудад хэд хэдэн удаа төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байсан ч бүхэл бүтэн томоохон боомтыг анх удаа барьж ашиглалтад оруулсан нь энэ ажээ. Улмаар тус боомтыг Төв болон Өмнөд Америк дахь “Нэг бүс, нэг зам” төслийн гол бааз болгоно гэдгээ мэдэгдсэн байна. Тус боомтын нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин, Перугийн ерөнхийлөгч Дина Болуарте нар зайнаас оролцов. Ши Жиньпин “Чанкай боомт бол шинэ эриний "Great Inca Trail"-ын эхлэл, 21 дүгээр зууны далайн торгоны замын эхлэл юм" гэжээ. "Great Inca Trail" гэдэг нь 14-15 дугаар зууны үе буюу Инкийн эзэнт гүрний цэцэглэлтийн үед томоохон төв нутгуудыг холбосон уулын замыг хэлдэг ажээ. Хятадыг хяналтандаа байлгаж, эв санааны нэгдэлтэй байсаар ирсэн АНУ, Япон, Австрали, Канад зэрэг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн томоохон орнуудын удирдагчдын өмнө "Бүс ба зам"-ын шинэ бааз бий олгосноо харууллаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хятадын төрийн хэвлэлээр Чанкай боомт нь Өмнөд Америкийн анхны дэвшилтэт технологиор ажилладаг ухаалаг боомт, Номхон далай руу гарах шинэ зангилаа гарц болно гэдгийг онцолж байна. Барилгын өртөг нь 3.6 тэрбум доллар хүрсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.