АНУ: Барби хүүхэлдэйн борлуулалтыг яагаад зогсоов?
Анд нөхдийн мэдээ
2024-11-11
Америкийн “Mattel” компани Барби хүүхэлдэйн хайрцган дээр насанд хүрэгчдэд зориулсан сайтын хаягийг андуурч бичсэний улмаас хэрэглэгчдээсээ уучлал хүсэв. ВВС агентлагийн мэдээлснээр тус компани "Wicked" киноны нээлтийн өмнө гол дүр болох Эльфаба, Глинда нарын дүрээр хүүхэлдэй үйлдвэрлэж худалдаанд нийлүүлэхдээ ийм алдаа гаргасан байна. Нэгэн худалдан авагч олон нийтийн сүлжээгээр хүүхэлдэй худалдаж аваад, хайрцган дээр нь хэвлэгдсэн сайтын хаягаар орж үзэхэд "Зөвхөн 18-аас дээш насныханд зориулав" анхааруулах бичиг гарч ирсэн тухай мэдээлж гомдол гаргажээ. Улмаар “Mattel” компани үйлдвэрлэлийн явцад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйн тайлбар хийжээ. Тэд “Wicked” киног сурталчлах зорилгоор WickedMovie вэбсайтыг танилцуулах ёстой байсан ч “movie” гэсэн бичгийг орхигдуулснаас ийм алдаа гарчээ. Улмаар хүүхэлдэйн борлуулалтаа даруй зогсоож, нэгэнт худалдаж авсан хэрэглэгчдэд хандан, буруу хэвлэсэн хаягийг арилгах, эсвэл хайрцгийг нь шууд хаяхыг зөвлөсөн байна. "Wicked" нь Бродвэйн алдартай мюзикл бөгөөд Грэгори Магуайрын зохиолоос сэдэвлэсэн бүтээл ажээ. "Marc Platt Productions" компани энэ жил уг мюзиклийг кино болгосон нь өнгөрөгч гурваны өдөр Австралид нээлтээ хийсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.