images

Итали: Помпей хот жуулчдын тоог хязгаарлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-11


   Италийн Помпей хотын археологийн хүрээлэнд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн жуулчдын ​​тоог 20 мянгаар хязгаарлахаар болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тус хүрээлэнгийн захирлын мэдээлснээр жуулчдын тоо нэг өдөрт 36 мянга давж, хэт олон хүний хөлд түүхэн дурсгалт газарт хохирол учрах аюул учирсан тул ийм арга хэмжээ авсан байна. Сар бүрийн эхний ням гарагт Помпей зэрэг Италийн томоохон түүхэн дурсгалт газар, музейд үнэ төлбөргүй нэвтэрдэг бөгөөд энэ өдрүүдэд жуулчдын тоо эрс нэмэгддэг аж. Помпей нь жуулчдын тоог хязгаарласан Италийн анхны хот биш юм. Венец хот жуулчдын урсгалыг хязгаарлахын тулд дөрөвдүгээр сараас долоодугаар сар хүртэл бүх нийтийн баяр, амралтын өдрүүдээр нэвтрэх хураамж авдаг болсон билээ. Помпей хот нь эртний Ромын эзэнт гүрний хамгийн цэцэглэн хөгжсөн хотуудын нэг байсан бөгөөд МЭ 79 онд галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрчээ. Улмаар археологийн асар их үнэ цэнтэй хэмээн үнэлэгдэж 1997 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Италийн Соёлын яамны мэдээллээр өнгөрсөн онд Помпей хотод 4 сая гаруй жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 33.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.