Балтийн гурван орныг холбосон өндөр хурдны төмөр зам баригдаж байна
Анд нөхдийн мэдээ
2024-11-11
Эстони, Латви, Литва зэрэг Балтийн гурван улсыг холбосон өндөр хурдны төмөр зам баригдаж байгаа тухай ВВС мэдээлэв. "Rail Baltica" нэртэй энэ зам 870 км урт бөгөөд хойд талаараа Эстони улсын Таллин хотоос Латвийн Рига, Литвийн Вильнюс хотоор дамжин урд талаараа Польш хүртэл үргэлжлэх аж. Балтийн орнуудаас Польш руу шууд зорчих төмөр зам одоогоор байхгүй байгаа юм. Уг төслийг хэдэн жилийн өмнө санаачилсан ч 2022 онд Украинд дайн дэгдсэний дараагаас эхлэн энэ нь зайлшгүй шаардлага болсон болохыг ВВС онцолжээ. Оросууд Украин руу довтолсон нь Балтийн орнуудад шууд аюул занал гэж харагдаж байгаа бөгөөд Эстони, Латви нь Оростой хиллэдэг. Литва нь Оросын нутаг дэвсгэрээс гадуур Калининград мужтай мөн хиллэдэг бөгөөд уг төсөл төлөвлөсний дагуу хэрэгжвэл Европын холбоо болон НАТО-д элссэн Балтийн орнуудад “Rail Baltica” хамгаалалт болно хэмээн ВВС үзжээ. Шинэ төмөр зам нь европ царигтай бөгөөд Европын холбооны улсуудтай саадгүй холбогдох юм. Мөн хурд нэмэгдэж, Таллинаас Вильнюс хүрэх хугацаа 12 цаг байсан бол одоо 4 цаг болох аж. Эдгээр давуу талуудыг харгалзан үзвэл “Rail Baltica”-гийн эдийн засгийн үр нөлөө 6.6 тэрбум евро болно хэмээн тооцож байна. Эстонийн Дэд бүтцийн сайд Владимир Свет ВВС-д өгсөн ярилцлагадаа "Бид төсвөө аль болох багасгаж, төрийн худалдан авалтын журмыг оновчтой болгож, шаардлагатай бол зээл авах болно. Соёлоо хадгалж, эрх чөлөөгөө аюулгүй байлгая гэвэл бид Европын холбоо, НАТО болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд байхаас өөр арга байхгүй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.