images

Шотланд: Үйлдвэрийн агуулахаас олдсон цээж баримлыг 2.5 сая паундаар борлуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-11


   100 гаруй жилийн өмнө Шотландын Хайланд мужийн Инвергордон хотын захиргаа 18 дугаар зууны үеийн гантиг чулуун цээж баримлыг 5 паундаар худалдаж авсан ч удалгүй алджээ. Саяхан уг баримлыг нэгэн үйлдвэрийн хаалганы тулгуур болгон ашиглаж байсныг олж, дуудлага худалдаанд 2.5 сая паундаар оруулахаар болсон байна. Уг цээж баримал нь 18 дугаар зууны үеийн Хайланд мужийн Сенатын гишүүн Жон Гордоны баримал бөгөөд 1728 онд Францын уран барималч Эдме Бушардон урлаж Версалийн ордны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан аж. Улмаар уг бүтээлийг Шотландын Инвергордон шилтгээн дэх Жон Гордоны байранд хадгалж байсан боловч 1920-иод онд шилтгээнийг худалдахад хотын захиргаа ердөө 5 паундаар худалдаж авчээ. Гэвч нутгийн удирдлагын бүтцийн өөрчлөлтийн явцад алдагдсан байна. Ингээд хэзээ хойно 1998 онд Шотландын нэгэн үйлдвэрийн агуулахаас олжээ. 2004 онд уг баримлыг өмчлөх эрхийн талаар маргаан үүсч, худалдаж борлуулах санал хүртэл гарсан ч урлаг судлаачид Шотландын музейд хадгалуулах нь зөв гэж үзжээ. Улмаар 2016 онд Парисын Луврын музей, Лос Анжелес дахь Пол Геттийн музейд дэлгэн үзүүлж байв. Саяхан уг бүтээлийг нийтийн өмч мөн болохынх нь хувьд худалдах эсэх талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж шүүхэд хандсан бөгөөд шүүх холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдах зөвшөөрөл олгосон байна. 2.5 сая паундаар үнэлэгдсэн уг бүтээлийн борлуулалтаас олох орлогыг Инвергордоны “Common Good Fund” сангаар дамжуулан орон нутгийн хөгжлийн төлөө зориулахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.