АНУ-д өдий болтол эмэгтэй ерөнхийлөгч төрөөгүйн учир юунд байна?
Анд нөхдийн мэдээ
2024-11-08
АНУ-д болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “The Washington Post” сонин "Дональд Трамп ялалт байгуулсан нь АНУ-ын төрийн дээд албан тушаалд зөвхөн эрэгтэйчүүдийг сонгодог уламжлал энэ улс байгуулагдсанаас хойш 200 жилийн дараа ч эвдэрсэнгүй гэсэн үг" хэмээн онцолжээ. Дэлхий даяар эмэгтэй удирдагчдын тоо аажмаар нэмэгдэж байгаа ч АНУ болон Францад эмэгтэй ерөнхийлөгч хараахан гараагүй байна. “Pew Research” байгууллагын судалгаагаар Дэлхийн II дайнаас хойш 60 орчим улс дор хаяж нэг удаа эмэгтэй удирдагч төрүүлжээ. Их Британи, Герман, Итали, Швед, Дани зэрэг Европын өндөр хөгжилтэй орнууд, цаашлаад Австрали, Өмнөд Солонгос зэрэг орнууд үүнд багтана. Түүгээр үл барам Энэтхэг, Бангладеш улсууд ч эмэгтэй ерөнхий сайдтай байсан. Италид ерөнхий сайд Жоржиа Мелони эвслийн засгийн газрыг удирдаж байгаа бол Хойд Европын Дани улсад хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд Метте Фредериксен эрх баригч намыг толгойлж байна. Өмнөд Европт Грек, Балканы хойгийн Словени, Хойд Македон, Босни Герцеговина зэрэг орнууд эмэгтэй ерөнхийлөгчтэй.
Харин Барууны ардчиллыг төлөөлдөг АНУ, Францад эмэгтэй ерөнхийлөгч хараахан гараагүй байна. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа Хиллари Клинтон нэр дэвшиж өрсөлдсөн боловч ялагдсан. Францад 2007 оны ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас Сеголен Рояле, 2017, 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний эвслээс Марин Лө Пен өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн юм. Энэ талаар шинжээчид, эрчүүдийн эзэнт гүрний манлайлалд дассан олон нийт эгзэгтэй мөчид эмэгтэй удирдагч сонгохдоо эргэлзсээр байдаг талаар өгүүлжээ. Германы “Süddeutsche Zeitung” сонин 2022 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд бүх эмэгтэй нэр дэвшигч ялагдсан шалтгааны талаар "Ерөнхийлөгч нь эрх мэдэл, шийдэмгий байдал зэрэг эрэгтэй хүний манлайллыг агуулдаг. Гэтэл францчуудын ихэнх нь эмэгтэй улс төрчдөөс ийм чанар хүлээдэггүй" гэсэн байна. Нөгөө талаар улс төр, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо түгээмэл болсон энэ цаг үед сонгогчид эмэгтэй ерөнхийлөгчтэй болоход төдийлөн ач холбогдол өгөхөө больсон гэж зарим шинжээчид үзжээ. АНУ-ын 120 мянган сонгогчийн дунд явуулсан санал асуулгад 10 сонгогч тутмын дөрөв нь “Эмэгтэй ерөнхийлөгчтэй болно гэдэг онцгой хэрэг. Гэхдээ хамгийн чухал нь биш” гэж хариулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.