Италийн ерөнхий сайд Илон Масктай найрсаг харилцаатай
Анд нөхдийн мэдээ
2024-11-08
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хамгийн ойрын хамтрагчдын нэг Илон Масктай найрсаг харилцаатай байгаагаа харуулсан пост нийтэлжээ. Тэрбээр Х хуудсандаа И.Масктай хамт авахуулсан зургаа нийтэлж "Илон Масктай утсаар ярилаа. АНУ, Итали улс ирээдүйн сорилтуудыг даван туулахад түүний хичээл зүтгэл, алсын хараа чухал" гэсэн тайлбар хийжээ. Италийн "La Repubblica" сонин энэ талаар "Ж.Мелони ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын ойрын хүмүүстэй дотно холбоо байгуулахаар зорьж байна” хэмээн онцолсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 13 дахь удаагийн Дэлхийн иргэний шагнал гардуулах ёслолын үеэр И.Маск тайзан дээр гарч ирэхдээ Ж.Мелонийг “Гаднахаа бодвол дотроосоо илүү үзэсгэлэнтэй хүн” хэмээн үнэлж, уг шагналыг гардаж авсан Ж.Мелони түүнийг “Суут ухаантан” гэж нэрлэж байсан юм. Мөн өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард И.Маск Ж.Мелонигийн урилгаар Италийн баруун жигүүрийн намын улс төрийн арга хэмжээнд оролцож, бас мөн оны зургаадугаар сард Италид айлчлахдаа ерөнхий сайдтай цаг гаруй уулзсан юм. Энэ талаар зарим хэвлэлүүд Ж.Мелонийг "И.Маскаар дамжуулан Д.Трампын засаг захиргаатай холбоо тогтоож, түүгээрээ дамжуулан Европын холбоон дахь нөлөөгөө тэлэхийг зорьж байна" хэмээн дүгнэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.